Хүүхэд насны хавар

Тэртээх хаврыцэнхэр өдрүүддээ эргээд нэг очихсон. Цонхны тавцан дээр нарлах бяцхан бор болжморууд урин цаг, хавар цаг ирснийг надад сануулах мэт шулганана. Ай даа, хүүхэд насны минь дурсамжууд, эргээд ирэх шиг санагдлаа.
Мартын 8 болж, хөвгүүд охидуудаа хүлээж авснаар хавар ирдэгсэн. Тэр нэгэн “хүлээн авалт”-ыг би тодхон санадаг юм. Бид 7-р ангид сурч байсан (15 настай), манай анги 18 охин, 18 хөвгүүнтэй. Сургуульдаа сахилгагүйгээрээ “алдартай”. Хөвгүүд охидуудаа зодож зовоож байсан уу гэхээс баярлуулж байсан удаагүй. Гэтэл тэр Мартын 8-аар манай ангийн хөвгүүд, охидоо аймгийнхаа хамгийн том, хамгийн тансаг зоогийн газар “Гурван сэнхэрт” урьдаг юм байна аа. Бидний гайхсан гэж жигтэйхэн. Охидууд ам амандаа “үгүй энэ чинь овоо ш дээ, бас ухаардаг цаг ирдэг л юм байна” гээд л магтах нь магтаж, баярлах нэг нь баярлаж байлаа. Охидууд ямар хувцас өмсөхөө ярьцгааж, Мартын 8-ыг тэсэн ядан хүлээж байлаа. Уригдсан өдөр нэгэнт ирж, охидууд байдгаараа гоёчихсон, сургуулийнхаа үүдэнд цугларав. Манай ангийн хамгийн даруухан охин, тэгэхэд бүр шилэн тиркотой, туфль өмсөөд ирчихсэн байсан нь одоо болтол санаанаас минь огт гардаггүй юм. Бид хэд өнөөх уригдсан газартаа бөөнөөрөө очлоо. Хөвгүүд маань биднээс дутахааргүй гангалсан байв. Тансаг зассан ширээ, бяцхан гарын бэлэгтэй хөвгүүд биднийг угтлаа.


Хүлээн авалтын хамгийн сайхан сэтгэл татсан зүйл нь хөвгүүд маань чин сэтгэлээсээ биднийг баярлуулсан явдал байлаа. Манай ангийн хамгийн сахилагагүй хүү охидуудаасаа, нүдэндээ нулимс цэлэлзүүлэн байж уучлалт гуйж билээ. Энэ явдлаас хойш манай ангийн уур амьсгал сайжирч, олон ч охид хөвгүүдийн үерхэлийн түүх эхэлсэн билээ.
Аяа бага нас минь чи
Алганд бүлээцсэн чулуун тоглоом
Аяа сурагч нас минь чи
Алганд эвхэгдсэн хайрын зурвас
Хүүхэд насны бас нэгэн сайхан дурсамжуудын нэг нь хаврын шалгалтандаа бэлтгэж “билет” унших. Хүний төлөө сурч байгаа юм шиг, өглөөд аав ээжээрээ ахин дахин дуудуулж байж сэрээд, дуртай дургүйн хооронд “билет” бичсэн дэвтрээ тэврээд гарна. Байрны гадаа бөөнөөрөө цуглаад, голын эрэг рүү явцгаана. Шалгалт өнөө маргаашгүй дөхөх үед л ухаан орсон юм шиг “билет”-ээ нэгд нэгэнгүй цээжилнэ. Харин өмнө нь бол “буу халцгаана” эсвэл тоглоцгооно. Нэг иймэрхүү л дүр төрхтэй шалгалтандаа бэлдэцгээдэгсэн.
Хаврын хамгийн муухай зүйл бол “шороон шуурга” шуурах. Гэр унах гэж байгаа юм шиг хүчтэй шуурна, үхтэлээ айцгаана. Шуурга шуурсаны маргааш үнэхээр сайхан, сэтгэл нэг л тайван болдогсон. Одоо эргээд бодохнээ хамгийн сайхан дурсамжууд хүүхэд насных л юм даа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






