Буржгар үст Сью буюу Шерли Жен Темпл

Буржгар үст, цовоо бяцхан охины дүрээр бидний сэтгэлд мөнхөрсөн АНУ-ын жүжигчин Шерли Жен Темпл 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн юм. Жүжигчин, дуучин, бүжигчин,  элчин сайд зэрэг олон гуншинг дөнгөж гурван настайгаасаа эхэлж бүтээсэн бяцхан охины кино урлагийн гараа дөнгөж хөлд орсных нь дараа эхэлсэн байна. 

Түүний дуулж, бүжиглэх авьяас кинонд тоглож эхлэхээс нь ч өмнө илэрчээ. Англи, Герман, Голланд гаралтай банкны ажилтан аав, гэрийн эзэгтэй ээжийн гурав дахь хүүхэд болж мэндэлсэн түүнийг гэрийнхэн нь 1931 оны намар буюу гурван настайд нь Меглиний бүжгийн сургуульд явуулах болсон байна.  Шаргал буржгар үс, хонхойдог хацартай ер бусын авьяаслаг охиныг тухайн үед дуугүй киноны од Мэри Пикфордтой адилхан хэмээн ойр тойрныхон нь өхөөрддөг байсан гэнэ. Алдарт жүжигчин Мэри Пикфорд ч мөн буржгар үстэй, авьяасаараа гайхагддаг байсан аж.  

Түүнийг ээж нь урлаг уран сайхнаар явуулах сонирхолтой байсан учраас бүжгийн хичээлийг нь таслуулалгүй идэвхитэй явуулдаг байв. Нэгэн өдөр бүжгийн сургуульд “Educational Pictures ” студийнхэн богино хэмжээний кинонд тоглуулах хүүхэд хайж иржээ. Мэдээж, сэргэлэн цовоо, бусдаас содон буржгар үст охиныг шууд олж харсан гэдэг. Ингээд бяцхан охины дэлгэцийн анхны уран бүтээл нь “Baby Burlesks” гэх богино хэмжээний кино байв. Ингэснээр Шерли “Educational Pictures ” студитэй гэрээ байгуулан дэлгэцийн уран бүтээлд ухаршгүйгээр орсон юм. 

Улмаар эхний ээлжинд хүүхдийн, богино  хэмжээний хэд хэдэн кинонд тоглож тухайн үед уналтад ороод байсан АНУ-ын кино урлагийг үзэгчдэд хүртээмжтэй болгоход багагүй хувь нэмэр оруулсан хэмээн хүмүүс үздэг. Богино хэмжээний киноны дүрээр олонд танигдсан түүнийг “олзолсон” кино урлагийнхан дүрийн санал тавих нь аажмаар ихсэх болжээ. Буржгар үст охин студитэйгээ гэрээгээр ажилладаг ч анх удаа “Tower Productions”-тай хамтран ажиллахаар болов. “Red-Haired Alibi ” бүрэн хэмжээний кинонд анхны гол дүр бүтээхээр болсон байна. Энэ үеэс л түүний дэлхий нийтэд дэлгэрсэн, олон сайхан кинонууд бүтээгдэж эхэлжээ.

Ид олонд танигдаж, нэр хүнд нь түгэх үеэр түүнийг гаргаж ирсэн “Educational Pictures” студи дампуурахад хүрэв. Гэсэн ч Шерлид алдар хүнд, авьяас байхад дараагийн хамтран ажиллах газрыг төвөггүйхэн олж авчээ. Энэ үед тэр зургаан настай болсон байв. “Fox Film Corporation ”-тай гэрээ байгуулж дараагийн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж эхэлжээ.
Энэ үед Шерли аль хэдийн олонд танигдаж, хайрлагдах болсон учраас “Fox Film Corporation ” овоо өндөр цалин амлаж өөрийн болгож чадсан байна. Дөнгөж зургаан настай Шерли охин тухайн үед энтертайнмэнт бизнесээр жинхэнэ хөлжигч болж хувирчээ. Тэр ганцхан долоо хоногт л гэхэд 1250 ам.долларыг олдог бөгөөд ээж нь 150 ам.долларыг нь авч охиныхоо үс, даашинзанд анхаарал хандуулдаг байв.
Тэр жилийнхээ өвөл Шерли охин зөвхөн кинонд тоглохоос гадна дуу дуулж эхлэв. "On the Good Ship Lollipop" дууг дуулж, кинондоо оруулан, гарын үсгээ зурж хавсаргасан нэг ёсны пянз тухайн үед 500 мянган хувь борлогдож байсан гэдэг.
Жилийн дараа түүний тоглосон анхны хүүхдийн кино Хүүхдийн Оскарт нэр дэвшиж тэргүүлж эхэлсэн байна. Түүний кинонуудыг зөвхөн хүүхдээс гадна АНУ даяар үздэг болсон байв. Ямар сайндаа л АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт хvн бvхэнд урам зориг, эрч хvч бэлэглэдэг бяцхан охины тухай “Шерли Темпл байгаа цагт бvх юм сайхан болно” гэж байв. Шерли гурван настайгаасаа 16 хүртлээ “Fox Film Corporation ” компанийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлсэн түүний хувьд насан туршдаа алдартай жүжигчин байсангүй.
Буржгар үст, эгдүүтэй бяцхан охины төрх хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нь Шерли нас биенд хүрч сайхан бүсгүй болсон ч үзэгчид өмнөх жижигхэн охиныг хүсдэг болжээ. Улмаар нэг л өдөр Шерли компаниасаа “Хамтын ажиллагаагаа дуусгавар болгоё” гэх үгийг сонссон байна. Шерли хэдийгээр насанд хүрч, сайхан бүсгүй болсныхоо дараа олон кинонд тоглосон ч багынхаа амжилтыг хэзээ ч эвдэж чадаагүй гэдэг. Сүүлд тэрбээр 40 хүрснийхээ дараа улс төрд хүч үзэн, сонгуульд хүртэл нэр дэвшиж байсан юм.
Шерлигийн хувьд дөнгөж 17 насандаа жүжигчин залуутай гэрлэсэн ч салсан юм. Тэр сүүлд амрах үеэрээ бизнесмэн залуутай уулзан гэр бүл зохиосон бөгөөд хоёр хүүхдийн эцэг эх болсон байна.
Улмаар кино урлаг, телевизийн нэвтрүүлэг хийдэг болсныхоо дараа улс төрд орсон байна. 1967 онд Бvгд найрамдах намаас Конгрессийн гишvvнд нэр дэвшсэн ч амжилт олсонгvй. Гэвч тэрээр НVБ дахь АНУ-ын төлөөлөгч, Гана, Чехословак улс дахь элчин сайд зэрэг нэр хvндтэй албыг хашиж байсан дипломат ажилтан юм.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
aa (112.72.13.224) 2013-11-22 17:24:19
bvh kinog ni vzeh durt goegoeogeogoeogoeoogeoogoegoogeogoe
suwd (183.177.98.130) 2013-11-14 15:04:31
Estoi hoorhon ohin
(203.160.52.2) 2013-11-13 10:07:46
bi kinog ni uzeh durtai Hichneen uzeed ch uidamgui hair tatmaar shuu
1213 (182.160.34.251) 2013-11-10 18:13:50
Ёстой эгдүүтэй охин шүүСайхан ч бүсгүй болсон байна шүү
(180.149.95.26) 2013-04-27 11:08:13
yostoi huurhun yum aa iimaviyas burhanaas l zayadag bhaaa