Г.Тэгшжаргал: Сэтгүүлчид эрүүл сэтгүүлзүй, цаашлаад эрүүл Монгол оронг бий болгож чадна


Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан ETV-телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө танд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе!


  • Баярлалаа

-Сэтгүүлч гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшээд хэдэн жил болж байна? Яагаад сэтгүүлч болохоор шийдсэн бэ? Таны багын мөрөөдөл байсан уу? 

  • Яг мэргэжил эзэмшиснээсээ ярьвал  6 жил болж байна. Харин мэргэжлийн бусаар 8, 9 жил болж байна. 2003 онд ФМ-д хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан. Тэр үед миний таньдаг эгч нар нийлээд хүүхдийн сонин гаргах гэж байгаа тухайгаа хэлж ажиллахыг санал болгосон. Тухайн үед би сонинд яг юу хийхээ мэдэхгүй борлуулагч хийх гээд байгаа юм шиг, сурвалжлагч ч хийх гээд байгаа юм шиг, сонин яаж бүтдэг гэдгийг ч мэдэхгүй сонингийн ард ямар баг ажилладагийг мэддэггүй жаахан хүүхэд байсан. Намайг энэ эгч нар маань сэтгүүл зүйн  салбарт эргэлт буцалтгүй оруулсан. Ялангуяа Чулуунчимэг эгч маань намайг жил гаран хажуудаа дагалдуулж бүх юмыг зааж сургаж зааварладаг байсан. Тухайн үед би СЭЗД-Сургуулийн банкны ангид сурч байсан ч сэтгүүлч гэдэг энэ мэргэжил нь миний хийх ёстой ажил гэдгийг ойлгоод сургуулиасаа гарсан. 2005 онд манай “Шинэ цонх” гэдэг хүүхдийн сонин маань нийтдээ 17 дугаар гарч байсан. Бид өөрсдийн бор зүрхээрээ ажилладаг байсан тул санхүү мөнгөний асуудлаас болоод манай сонин 17 дахь дугараа хэвлээд гарахаа больсон. Яг тэр үед би Тайландын Банкок хотод нэг жил сураад ирсэн.

-Сурч байсан сургуулиа орхиод огт өөр мэргэжилээр ажиллахад гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

  • Угаасаа би сургуульд байхдаа ФМ дуучид, найзууд, сонин гээд л явдаг байсан. Бүр заримдаа сониныхоо редакц дээр хонож ажиллах үе ч олон байдаг байсан. Эхэндээ ээж аав хоёртойгоо маргалдаад гэр бүлийн дунд их зөрчил үүсдэг байсан. Сүүлдээ сонины эрхлэгч Чулуунчимэг эгчийндээ амьдраад, сэтгүүлч болох гэж тэгж их тэмүүлдэг байлаа. Тэр он жилүүд хамгийн дурсгалтай, амьдралаа өөрчлөх алхам болсон он жилүүд байсан. Магадгүй би тэр үед СЭЗД-сургуулиа төгссөн бол өнөөдөр банкны мэргэжилтэн болоод, өглөө 9-н цагаас орой 6 цаг хүртэл нэг өрөөнд суусан ажилтан болох байсан байх. Сэтгүүлч болох хамгийн гайхалтай зүйл нь өдөр бүр шинэ зүйл олж сонсдог, бүх салбарын уулзъя гэсэн хүн бүртэй уулзаж хүн бүрийн алдаа оноо, шүүмжлэл олон зүйлийг сонсдог болохоор амьдралыг маш баялаг сонирхолтой болгодог.

-Таны бодлоор сэтгүүлч хүний ур чадвар, хүч хөдөлмөрийг хамгийн ихээр шаардсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль нь вэ?


  • Миний бодлоор сонин сэтгүүл хоёр гэж боддог. Гэхдээ сүүлийн үед сэтгүүлүүд интернэтээс хуулаад тавих тохиолдол их болсон. Мөн ихэнх нь шар талруугаа болж уншвартай сэтгүүлүүд ховор болсон. Би тойм сэтгүүлийг сонирхож уншдаг. Мөн сэтгүүлчийн үүднээс нийтлэлчдийн нийтлэлүүдийг унших дуртай. Сонинд хүн зөв бичихийн дүрмээс эхлээд маш их зүйлийг сурч авдаг. Би хүүхдийн сонинд ажиллаж байснаараа хаа газар бахархаж явдаг. Шинэ цонх сонинхоо 3 дахь дугаараас эхлээд сүүлийн дугаар хүртэл би хамт байж бүхий л ажилд нь оролцдог байсан. Бид нарт мөнгөтэй ч үе байсан бас мөнгөгүй ч үе байсан. Дан эмэгтэйчүүд гурав, дөрвүүлэхнээ нийлж ажиллаад өглөө 6 цагт сонингоо очиж аваад өөрсдөө тараагаад эцсийн цэгийн уншигч хүүхдүүдэд хүрэх хүртэл бүх зүйлд нь гар бие ороцож явдаг байсан учраас сонинд ажиллаж байсан цаг хугацаагаараа их бахархдаг. Яагаад гэвэл зөв бичихийн дүрмээс эхлээд авсан юмыг нуршихгүй хүмүүст яаж ойлгуулах вэ? Тэр дундаа  5-11 дугаар ангийн хүүхдийн сэтгэхүйд зориулж бичдэг байсан учраас надад хамгийн их зүйлийг сургасан. Одоо дадлага хийх гээд ирсэн олон хүүхдүүд, сэтгүүлч болчихсон хүмүүстэй ч гэсэн хамтарч ажилладаг. Тэгэхэд зөв бичих дүрмээ мэдэхгүй, гээгдэх гээгдэхгүй эгшгийн дүрмээ ч мэдэхгүй Лениний гээд зөв бичиж чадахгүй сэтгүүлч нар манай телевизийн салбарт өчнөөн олон тааралддаг. Үүнийг шүүмжлэх хүмүүс төдийлөн байхгүй.  Редакторгүй 6, 7 жил ажилласан телевизүүд ч байдаг болохоор сэтгүүлч хүнийг ур чадвартай болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг газар бол сонин.
-Хамгийн анх мэдээ нэвтрүүлэг бэлдэж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

  • Шинэ цонх сонинд анх УДЭТ-ын жүжигчин өндөр Түвшинхүү ахаас дурсгалын дэвтэр гэдэг буландаа хамгийн анхныхаа ярилцлагыг авч байсан. Түвшинхүү ахыг драмын театрын үүдэнд хоёр өдөр хүлээгээд жүжгийн бэлтгэлээсээ гарч ирж байхад нь ярилцлага авах гээд гуйж байсан. Жоохон хүүхэд юу авах гээд байгаа юм бэ? гэсэн хандлагаар хандаад надад ярилцлага өгөөгүй. Маргааш нь дахиад очсон чинь чи яг юу авах гээд байгаа юм? сонины сэтгүүлч нар чинь хүнээс дандаа хов живийн чанартай юм асууж, дандаа муугаар бичдэг гээд урлагийнхан сонин гэхээр дандаа зугтдаг тийм үе байсан. Тэр үед найзууд гэдэг сонин манай өрсөлдөгчөөр гардаг байсан. “Найзууд” сонин цаанаа “Сэрүүлэг” сонинтой ажилладаг байсан болохоор “Найзууд” сонины сэтгүүлч нар хүүхдийн сонин гэж хэлээд урлагийнханаас ярилцлага авчихаад “Сэрүүлэг” сонин дээр биччихдэг байсан болохоор хүүхдийн сониноос нэлээд зугтдаг байсан. Тэгээд гуйсаар байгаад ярилцлага авчихаад бөөн баяр ирээд сонины ганцхан булан дээр гарах ярилцлагыг бүтэн 4, 5 хуудас юм шивчихээд Чимгээ эгчээрээ редакторлуулсан чинь ихэнхийг нь хасчихсан. Яагаад хамаг гоё яриаг нь  хасаад байгаа юм бэ?, бүгдээрээ л оруулахаар сонирхолтой зүйл байхад гээд би хэлж чадахгүй дотроо л бодож байсан. Гарчигийг нь яаж өгөх нь вэ? гээд харж байсан чинь Чимгээ эгч уншиж байгаад “Би цэргээс ирсэн том эр аавдаа зодуулж байлаа”  гэдэг тэр өгүүлбэрийг аваад ярилцлаганы гарчиг болгоод тавихад нь хүний хамгийн анхаарал татахаар юм нь гарчиг болгож тавьдаг юм байна даа гээд сурч байсан.  Тайландад би практик сэтгүүл зүйн хичээл 8 сар хамрагдаад телевизийн мэдээлэл яаж бэлтгэх вэ? Сурвалжлага нэвтрүүлэг яаж бэлтгэх вэ? гэсэн хичээлүүдийг үздэг байсан. Ирээд “ТМ” телевизэд “Таны мэдээллийн мөрөөр” гэсэн  шууд нэвтрүүлэг хөтлөхдөө сандраад нүүр минчийгээд, олон хүнд шүүмжлүүлээд дараа нь өөрийгөө хараад телевизээр сандарч болохгүй юм байна гээд бодож байсан. Хамгийн анхны нэвтрүүлэг гэвэл Хичээлийн дараа гэдэг нэвтрүүлгээр хүмүүстэй жил гаруй хугацаанд уулзсан. 

-Хэзээ сэтгүүлч гэдэг мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан бэ?

  • 2009 оны 3 сард дэлхийн усны өдөрт зориулсан Азийн сэтгүүлчдийн дунд эклогийн сэдэвтэй асуудал хөндсөн уралдаан зарлагдаад би “Туул голын тулгамдсан асуудал” сэдэвтэй хоёр цуврал нэвтрүүлгээ санамсаргүй өгчихөөд 5-р сард амаржаад гэртээ амарч байхад 6 сарын 5нд “БОНХЯ”  дээр дуудсан. Тэгээд миний нэвтрүүлэг 2 дугаар байранд орж азийн уралдаанд Монголоо төлөөлж оролцохоор болсон. Надад НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч 1500 доллар гардуулж өгөөд би бүр шоконд орж байсан. Тэр үед сэтгүүлч болсондоо хамгийн их баярлаж байсан.

-Сэтгүүлч бид цаг нартай уралдаж ажилладаг. Ялангуяа мэдээний албаны сэтгүүлч нар шөнө, үүрээр гэлтгүй ажлаа хийгээд явж байдаг. Ер нь ар гэртээ хэр их цаг зав зарцуулдаг вэ? Хэр сайн ээж вэ?


  • Сэтгүүлч нар ер нь хамгийн эрт ажиллаж , хамгийн орой тардаг хүмүүс. Үүнийг  маш сайн ойлгодог гэр бүлтэй байхгүй бол хэцүү. Ер нь гэр бүлийн амьдрал нь хамгийн тогтворгүй байдаг хүмүүсийн 1-рт урлагийнхан, 2-рт сэтгүүлч нар, 3-рт спортынхон байдаг гэсэн. Энэ бол яг үнэн. Би “ТМ” телевизид 2006-2012 хүртэл ажиллахад миний амьдралын 6 жилийн хугацаа ажил дээр л  өнгөрсөн. Хүүхэдтэй болоод төрөхөөсөө 10-н хэдхэн хоногийн өмнө амралтаа аваад, хоёр сар болоод л ажилдаа орж байсан. Хүүхдээ хэрхэн өсч том болсоныг ч мэдэлгүй өдий хүрлээ. Ялангуяа цагаан сар, баяр наадам онцгой тэмдэглэлт өдрүүдээр гэртээ харилгүй 2,3 хоног ажиллах, хэд хоногоор ч хамаагүй хөдөө зурганд явах үе байдаг. Харин энэ бүхнийг ойлгодог ханьтайдаа маш их баярладаг. Би өөрийгөө тийм сайн гэрийн эзэгтэй гэж хэлэхгүй, ажлаасаа шалтгаалаад 7 хоногийг 2 өдөр л гэртээ хоол хийдэг. Заримдаа буудалд амьдараад ч байгаа юм шиг онцгүй сэтгэгдэл төрдөг. Ер нь хүн өөрөө өөртөө, гэр бүлдээ цаг гаргахгүй бол болохгүй, хэтэрхий их ажил ажил гээд гүйсээр байгаад ар гэрийн амьдралаа орхигдуулдаг юм байна гэдгийн сүүлийн үед ойлгоод байгаа.

-Таны ар талыг найдвартай дааж, таныг ойлгож дэмждэг хайртай ханийгаа танилцуулаач?


  • Манай нөхөр их даруухан хүн байдаг. Намайг анх “ТМ” телевизэд ажилд ороход танилцаж байсан. Тэр цагаас ямар ч үед миний хажууд байж, намайг халамжилж, ойлгож ирсэн. 2008 оны УИХ-ын сонгуулын дараа 7-р сарын 1-ны  хэрэг болох үеэр ажлаа хийж яваад зураглаачтайгаа СБД-ийн эрүүлжүүлхийн машинд ачигдаад шоронд орох дөхөж байсан. Тэр үед суух үгүй нь ч тодорхойгүй, зүгээр найзууд хэрнээ миний хажуунаас холдохгүй хамт байж маш их тусалж байсан. Бас гэрлээд удаагүй байхдаа сурахаар бид хоёр хамтдаа Солонгос явж байсан. Удалгүй би Монголдоо очиж ажлаа хийнэ гэж зөрсөөр байгаад ганцаараа түрүүлээд ирж байсан. Тэр үед хань маань миний хүсэл мөрөөдлийг хүндэтгээд намайг явуулж байсан. Ер нь гэр бүлд гарч байгаа шийдвэрүүдийн ихэнхийг би гаргадаг. Харин хань маань миний шийдвэр алдаа дутагдалтай байвал шударгаар засаж зөвлөдөг, харин зөв, зүйтэй шийдвэрийг маань дэмжиж хүндэтгэн хүлээн авдаг. Хайртай ханьдаа гэр бүлээ гэсэн сэтгэл зүрхтэй, эхнэр хүүхдээ гэсэн, эхнэрийнхээ ажил мэргэжлийг гэсэн чин сэтгэлтэйд  нь үргэлж баярлаж явдаг.

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ? Манай оронд хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байна гэж боддог вэ?

  • Манай оронд хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр байгаа ч гэсэн хангалттай хэмжээнд сэтгүүлч нар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Сүүлийн жилүүдийн судалгаар манай орон дэлхийд хэвлэлийн эрх чөлөөгөөрөө нилээд олон байр ухарсан таагүй үр дүн гарсан байсан. Энэ нь мэдээж улс төр, нам хүчинтэй холбоотой ч гэсэн хамгийн гол нь сэтгүүлч нарын цалин хөлсний асуудалтай холбоотой. Өнөөдөр Монголд сэтгүүлч нар хамгийн бага цалин авдаг. Энэ мөнгө нь амьдрал ахуйд нь хүрэлцдэггүйгээс болоод хэн нэгэн албан тушаалтан, нам хүчинд үйлчилж, зөвхөн тэдний хүсэл зорилгод нийцсэн мэдээ материал бэлдэж, зөвхөн нэг талыг барьж магтан сайшаах эсвэл гүтгэн доромжлох хандлага байдаг. Мөн нам эвсэл, албан тушаалтан, байгууллага, компани болгон дэргэдээ өөрийн телевиз, сонинг байгуулж байгаа эрх чөлөөтэй, эрүүл сэтгүүлзүй оршин тогтнох үндэс суурийг үгүй хийж байна. Европын өндөр хөгжилтэй улсууд, хэвлэлийн эрх чөлөөгөөр тэргүүлэх зэргийн орнуудын сэтгүүлчид хамгийн өндөр цалин авдаг бөгөөд сайн мэдээ нэвтрүүлэг хийх тусам цалин нь нэмэгдэж, ажлийн ачаалал байтай байдаг тул тэд хэн нэгний хараанд орж, хэн нэгний гар хөл болох шаардлага тулгарддаггүй. Тиймээс сэтгүүлчиддээ тэдний хэмжээний биш юмаа гэхэд Монголдоо хамгийн өндөрт тооцогдох цалинтай болговол сэтгүүлч нар маань хэнээс ч авилга авахгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эрүүл сэтгүүлзүй цаашлаад эрүүл Монгол оронг бий болгож чадна гэж боддог.


-Бидэнтэй халуун дулаан яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Монгол орноо бүрэн утгаараа хэвлэлийн эрх чөлөөт орон болгохын төлөө өөрийн хувь нэмрээ харамгүй зориулаарай. Таньд ажлийн өндрөөс өндөр амжилт хүсэе!

  • Танай сайтын хамт олонд ч мөн баярлалаа. Эмэгтэйчүүд.мн сайт бүсгүйчүүдийн маань дутагдсан ертөнцөд нөхөн сэргээлт болж гарж ирсэн хүчирхэг сайт гэж боддог. Энэ сайтын цаана намайг энэ салбарт хөтлөн оруулсан хүмүүс байдаг учир үйл ажиллагаанд нь чадлынхаа хэрээр оролцон мэдээ нийтлэлийг нь бүгдийг нь уншихыг зорьдог. Ялангуяа нийтлэлчдийн буланг шимтэн унших дуртай. Танай хамт олонд амжилт хүсье. Цаашдаа илүү олон эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг, өглөө бүр нүүрээ буддаг шиг өглөө бүр танай сайт руу орж бүх мэдээ, нийтлэл, зөвөлгөө зөвлөмжийг уншдаг тийм хүсэл эрмэлзэлийн төрүүлэхүйц сайт болоорой гэж хүсэн ерөөе!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Танил хүн (202.21.111.82) 2014-11-07 22:08:12
Энэ эмэгтэй их зоригтой ТМ ээс гарцан байсан уу
Zochin (182.160.56.8) 2013-05-09 23:06:20
Ene chini manai arwan jiliin okhin shuu dee bagadaa surlgaaraa manlailadg onts surdag surguuliin bukh yum khutuldug khuukhed baisiiiimaaaa kheweeree l baikhiimaa Tegshee chi shuu
Zochin (182.160.56.8) 2013-05-09 23:04:18
Amjilt
Цэцэг (202.55.184.210) 2013-05-06 09:32:19
Гялалзсан амжилт хүсье Үг нь цэцэн Үзэг нь хурц байх болтугай
Zochin (182.160.16.100) 2013-05-04 22:24:21
Amjilt husye Soyol urlagiin goy yariltslaguudaa zaawal dahij hiigeerei
(180.149.95.26) 2013-05-04 17:39:53
shudraga humuus ni l setguulch blh heregtei shdee shudraga bj chadahgui bol oron zainasaa zailah heregtei busdiinhaa ner turiig unagaj bhaar shudraga l bl daaa
Түвшинжаргал (202.126.91.128) 2013-05-04 14:57:02
за овгийг нь зассанд баярлалааа
Зочин (202.55.184.210) 2013-05-04 11:53:43
Их мундаг сэтгүүлч гэж боддог Амжилт хүсье ТМ ээсээ яагаад гарцаныг нь асуухгүй яасын ТМ ийн ганц нүүр царай байсан биздээ
Түвшинжаргал (202.126.91.128) 2013-05-04 10:45:28
овог нь буруу байна ГТэггшжаргал
752 (202.9.47.131) 2013-05-03 20:04:16
ТАНАЙ ЕТҮ ТЕЛИВИЙН ХАМТ ОЛОНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ