Опра Уинфри: ”Түүний амьдрал бол бидний хувьд маш том бэлэг юм”

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө. Түүний араас дэлхий дахин гашуудаж байна.




Нэрт нэвтрүүлэгч Опра Уинфри: Миний амьдралын хамгийн их хүндэтгэл бол Нелсон Мандела намайг гэртээ урьсан явдал юм. Тусдаа цаг гаргаж түүний талаарх бүх зүйлийг илүү сайн мэдэж авсан. Түүний бүх зүйл нь яг таны сонссоноор байсан. Бүр илүү даруу бас гунигт автаагүй байсан. Мөн тэрээр үргэлж онигоо ярих дуртай байсан. Түүний хажууд суухад сүр жавхланг мэдэрсэн. Тэр үргэлж миний баатар байх болно. Түүний амьдрал бол бидний хувьд маш том бэлэг юм.





НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: “Мандела бол шударга ёсны хүчирхэг сахин хамгаалагч, хүн төрөлхтөнд урам хайрлахаар дэлхийд ирсэн тэнгэрийн элч байлаа.”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: “Мандела бол хүн төрөлхтөний түүхийн томоохон, тод хэсгийг өөрийн гараар бүтээж, ёс суртахуун, шударга ёсыг өөрийн ур ухаанаар тогтоож, үлгэрлэж чадсан нэгэн.”

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон: “Нэгэн агуу гэрэл гэгээ дэлхийгээс үүрд алга боллоо. Нельсон Мандела бол бидний цаг үеийн баатар.”

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд: “Манделагийн агуу үйлс эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг цаашид ч үргэлжлүүлэн зоригжуулж, хүн төрөлхтөнд итгэл найдвар хайрласаар байх болно.”

Герман Канцлер Ангела Меркель: “Хүчирхийлэлгүйгээр шударга ёсыг тогтоож болдог юм гэдгийг харуулсан Манделагийн улс төрийн өв, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг түүний тэмцэл цаашид ч хүн төрөлхтөнийг хурцалж, бас зөөлрүүлсээр байх болно.”

Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан: “Мандела бол дэлхий даяар дарлагдсан бүх хүний хувьд урам зориг бадраагч нь байж ирсэн. Бусад ямар ч хүнтэй харьцуулшгүйгээр тэр үүний төлөө өөрийгөө золиослосон.”

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф: “Мандела дэлхий нийтийг нийгмийн шударга ёс, энхтайвны төлөө тэмцэлд хөтөлсөн.”

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх: “Энэ хорвоог орхиж одсон агуу хүмүүсийн нэг байлаа."

Билл Клинтон: “Би өөрийн дотнын анд Мадибаг хэзээ ч мартахгүй.”

Челси Клинтон: “Бодол сэтгэл минь Манделагийн гэр бүлийнхэнтэй хамт байна. Тэдний төлөө би залбирч байна. Мадибагийн ер бусын амьдралын түүх бид бүхнийг хурцалдаг.”

Боно: “Мандела амьдрал гэх энэ тэмцээн, тэмцлийн хамгийн хүчтэй тоглогч нарын нэг байсан. Тэрбээр гэр бүл, улс эх орон, амьдралаа бүгдийг нэг шугаман дээр тавьж байсан. Тэр бүх тэмцээнд ялсан. Тэр хийх ёстой гэж үзсэн зүйлийнхээ төлөө хэтэрхий сайн тэмцсэн. Харин өнөөдөр явчихлаа.”

Мухаммад Али: “Тэр бидэнд хүн төрөлхтөн бүгд ахан дүүс гэдгийг, ахан дүүс арьсны өнгөөрөө өөр өөр байж ч болно гэдгийг ухааруулсан. Манделагийн тухай миний хамгийн сайн мэдэх зүйл гэвэл тэр хүний зүрх, сэтгэлийг арьсны өнгө, эдийн засгийн тэгш бус байдал, төмөр тор, үзэн ядалт, өшөө авалт ер нь юу ч харлуулж чадахгүй.”

Тайгер Вүүдс: “Мандела та үргэлж миний зүрхэнд орших болно.”

Пол Саймон: “Тэрээр хөнөөлт дайсандаа хүртэл үзэн ядалтаа хэрхэн давахад үлгэрлэж, энэрэл нигүүлслээр үнэн, шударга ёс, уучлалын хүч чадал дээр үндэслэсэн улс үндэснийг дахин цогцлоож чадсан агуу хүн. Мөнх бусыг үзүүлэхдээ ч дэлхийн хүн бүрийг энхтайванд уриалах шиг, хурцлах шиг санагдаж байна.”

Самуэль Л Жексон: “Би энэ яваа насандаа Нельсон Манделагаас илүү сайн, сайхан хүнтэй уулзаж байгаагүй. Сэтгэл зүрх минь үүрд түүний гэр бүл, эх оронтой хамт байх болно.”

Элон Маск: “Тайван нойрс доо, Нельсон Мандела. Сайн, бас агуу нэгэн байлаа, та.”

Жимми Картер: “Эрх чөлөө, шударга ёсны төлөөх түүний мятаршгүй тэмцэл дэлхий даяар дарлагдсан, дарлагдаагүй үе үеийн хүмүүс шинэ итгэл найдварыг өгсөн юм. Түүний ач, гавьяагаар өнөөдөр Өмнөд Африк дэлхийн тэргүүлэгч ардчилсан орны нэг болжээ.”

Морган Фримэн: “Нельсон Мандела бол юутай ч хэн хүнээс илүү хайр хүндлэрээр баян, харьцуулшгүй их нэр төртэй, хэнд ч хэзээ ч дийлдэшгүй их хүч чадалтай, мятаршгүй зүтгэлтэй нэгэн. Эрх чөлөө, шударга ёс, энхтайван, хүн төрөлхтөний сэтгэлийн үнэт зүйлийг эрхэлдэг хэн бүхний хувьд баатар, бас гэгээнтэн. Түүнийг үүрд дурсан хүндтгэх болно.”

Ричард Брансон: “Өнөөдөр бид агуу нэгнээ, дэлхийн агуу удирдагчдын нэг алдлаа.”

Рассел Симмонс: “Нельсон Мандела бол дэлхий дээр буусан, дэлхий дээр амьдарч байсан сахиусан тэнгэр. Мадиба, та бол энэ дэлхийн хамгийн агуу багш нар нэг. Бид бүгд танд хайртай, таныг санан дурсана.”

Билл Гейтс: “Мелинда бид Нельсон Манделатай уулзах бүртээ хэзээ хэзээнээсээ илүү урам зориг авдаг. Түүнийг элэгсэг зан, ёс суртахуун, зориг тэвчээр дэлхийг эрс өөрчилсөн. Өнөөдөр үнэхээр гунигтай өдөр байна.”

Вүүпи Голдберг: “Мадибаг таалал төгссөн талаар мэдээлэл сонссон даруйдаа л дэлхийг тэр чигээр нь тэвэрмээр санагдсан. Яагаад гэвэл дэлхий түүнээр дутаж, өнчирсөн юм шиг санагдсан. Тайван нойрс доо, Нельсон Мандела. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж байна.”

Барбара Уолтерс: “Хүн бүхэнд урам зориг хайрладаг, өөрөөсөө хайр цацруулдаг гайхалтай хүн. Нельсон Манделаг дурсан санаж байна.”

Десмонд Туту: “Тэр халуун дулаан сэтгэл, сайхан сэтгэл, шулуун шударга зан, бусдыг сонсч, урам зориг өгөх хүсэл тэмүүллээрээ хүн төрөлхтөний түүхийг өөрчилж чадсан, арьс өнгө, ангийн ялгааг үгүй хийсэн. Тэр бидэнд улс төрийн үзэл бодол, нийгэм, соёлоороо ялгаатай бусдыг хүндэтгэх нь сул тал биш харин ч өөрийгөө хүндэтгэдэг, хүчирхэг нэгний шинж гэдгийг зааж сургасан”.

Идрис Элба (“Эрх чөлөөнд хүрсэн урт уртын зам” кинонд Манделагийн дүрийг бүтээсэн жүжигчин): “Энэ агуу хүний амьдралаар түр болтугай амьдарч үзэх, дүрийг нь дэлгэцэнд мөнхлөх боломж надад олдсон нь ямар их хувь заяа вэ. Энэ хүн дэлхий нийтийн өмнө амьдарч, саад бэрхшээлийг сэт цохиж, хүний эрхийн төлөө тэмцэлдээ ялалт байгуулсан чадсан нэгэн. Миний сэтгэл зүрх түүний гэр бүлийнхэнтэй хамт байгаа.”

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.