Хүүхнүүддээ хэлэх үг: Уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суугаарай


Эмэгтэйчүүд бидний болчимгүй хэлсэн үг, анзааралгүй гаргасан зан хат сайтай харчуудын минь сэтгэлийн мухарт гэмгүйхэн хурж байгаад гашуун дарсны амт, хатуу архины охьд цохигдож сэдэрсэн байж болно. Чи тэр нулимснаас өөрийн болон өрөөлийн алдааг олж хараад, нэгийг бодож хоёрийг тунгаах учиртай. Уудаг, уйлдаг эрчүүдийн зүрх сэтгэл бидний өмнө дэлгээд тавьсан ном шиг л байх болно. Дэндүү их жаргал дундах зурвасхан зовлон ч амттай гэдэг. Эр нөхөр чинь гэртээ халамцуухан ирээд уйлж дуулан, өнгөрсөн амьдралын дунд бүдгэрч хоцорсон зүйлсийг ч дурсан ярьж магад. Тэр бүхнийг та тэвчээртэй сонсож өнгөрүүлээрэй. Эргэцүүлж бодох ухаан, хожим гарах алдаанаас биднийг хамгаалах ч юм билүү.
Эрчүүдийг архи уусны маргааш
хүүхнүүд бид олон дүрд тоглодог.Уусныхаа маргааш биднийг царайчлан “хайраа,
ханиа авраарай” гэж гуйхад нь түүнийхээ авралын гарц болж “…энийг ид, үүнийг
уу… ингэ, тэг!” гээд л “эмч” болохоо дөхдөг. Бас болоогүй ээ, дахин уухгүй
гэсэн ам өчгийг нь аваад хуулийн тогтоол уншсан “шүүгч”-ийн дүрд орох үе ч бий. 
Бүр өөр өнцгөөс нь харвал “чи өчигдөр гарсан, харин би өнөөдөр” хэмээн барьцаж найз хүүхнүүдтэйгээ тухтай нь аргагүй уулзах боломж гарч ирнэ. Зарим нэг нь согтуугийн гайд хэлсэн үгэндээ ороогдож гэнэтийн бэлэг барьсаар ирэх нь бидний бас нэг “боломж”. За ингээд л “уусан өдрийн маргаашийн боломж”-ийг тоочоод байвал зөндөө. Гагцхүү хааяахан гардаг эр хүний нулимс гашуун бөгөөд үнэтэй гэдгийг хүүхнүүд та нар минь санаж яваарай.



