Захидал задлахад: ”Түүнтэйгээ ганц л удаа уулзмаар байна...”
Сайн байцгаана уу? Энэ орой их зүйл бодогдоод сэтгэлдээ хуримтлагдаж буй бодлоо та бүгдтэй хуваалцахаар шийдлээ. Би одоо 28 настай залуу. Төрийн байгууллагад ажилладаг, өнгөрсөн жилийн зун нэгэн бүсгүйтэй гэрлэж хөөрхөн хүүтэй болсон. Үнэндээ эхнэртэйгээ танилцаад удаагүй ээ. Одоо 2 жил болж байна. Бид хүүгээ төрсний дараа албан ёсоор гэрлэлтээ батлуулж айл гэр болцгоосон. Та бүгд намайг юу ч гэж харааж зүхэж болноо. Үнэнийг хэлэхэд би гэдэг хүн гэр бүл зохиохоосоо өмнө өөрийгөө ямар их зүйл алдаж байснаа ухааралгүй явж байснаа мэдэрч байна…

Эхнэртэйгээ танилцахаасаа өмнө би нэгэн охинтой үерхдэг байлаа. Оюутан ахуй цагаасаа түүнтэйгээ үерхэж хамтдаа 5 жилийг ардаа орхичихоод би гэдэг хүн найз нөхдийн хүрээлэл, гэр бүлийн зэрэг зиндаанаас болон сүүлийн жилүүдэд түүндээ хүйтэн хөндий харьцаж байснаа өөрөө мэдэрдэг. Түүнийгээ гомдоож энэ чигээр явсаар сүүлийн нэг жилийг үдэж билээ. Би өндөр нуруу туруу сайн сагс тоглодог. Дээд доод курсын охид өдөр бүр л захидал өгч, савтай хоол ус бэлдээд заалны гадаа хүлээж байдаг байлаа. Тэр минь жирийн айлын хүмүүжил сайтай охин байсан. Харин манайх гэдэг айл энүүхэндээ бэл бэнчин гайгүй эцэг эх минь төрийн өндөр алба хашдаг. Ер нь би гэдэг хүн нэлээд дураараа өссөн дөө одоо бодоход.
Тэр нэгэн зуны орой би түүндээ "маргааш үүрээр нисэх боллоо, гадагшаа сургуульд явлаа" гэдгээ хэлсэн юм. Шоу цэнгээн хийж, охид бүсгүйчүүдтэй наргиж өнгөрүүлсээр түүнтэйгээ уулзалгүй сар болж байсан хэрэг. Гэхдээ би хэдий түүнтэйгээ муудалцаад уулзахгүй хэсэг хугацаа болсон ч түүнийгээ санаж бодолгүйгээр өнгөрүүлсэн хором мөч байгаагүй… Тэр миний анхны хайр учраас би эр хүн, тэр л надад хэрэгтэйг мэдэрч байсан. Явахынхаа урд орой би түүн рүүгээ "маргааш нислээ" гэж мессеж илгээсэн. Тэр минь над руу залгаад дуугарч ч чадахгүй хэсэг сонсож байснаа чимээгүйхэн уйлахыг нь сонсож билээ…

Түүнийгээ хэтэрхий их гомдоосон доо, би гэж новш. Үүрийн 04 болж байхад би гэр бүлийнхнийхээ хамт нисэх буудал дээр. Харин миний сайн найзууд бас тэнд намайг үдэн гаргахаар ирсэн байж билээ. Бүгдэд баяртай гэж хэлээд шалган руу орохоос өмнө түүнийхээ царайг ганц ч болов харахсан гэж цагийн зүүг тултал хүлээсэн… Үүргэвчээ үүрэн чемоданаа чирээд алхаж байтал … гэж нэрээр минь зөөлөн дуудах… бурхан минь миний хайртай охин. (би гэдэг ямар их нүгэлтэн бэ гэдгээ сайн мэдэж болохоор түүнийгээ эгцэлж харж чадахгүй хэрнээ гүйж очоод тэврээд авмаар тэгэж ихээр зүрх минь дотроо уйлж байсан юм)
Тэр цагаас хойш 6 жил өнгөрч дээ. Энэ хугацаанд бид эхний үед холбоотой байж байгаад сүүлийн 4 жилд нь огт холбоогүй болсон юм. Энэ хугацаанд би түүнтэй холбогдохыг хүсдэг ч надаас энэ бүхэн эхлэлтэй гэж бодсоор зориг хүрэлгүй олон жил өнгөрсөн. Би сургуулиа төгсч ирээд түүнийхээ сургийг сонсоход тэр минь бас гадагшаа мастерт явсан байлаа. Монголд ирээд одоогийнхоо эхнэртэйгээ танилцаад удаагүй байтал түүнтэйгээ таарсан. Би гэдэг хүн түүнийгээ хараад зүрх зогсох мэт… Унаган багын тэр л хайр минь дүрээрээ миний өмнө нэгэн өдөр тааралдаж билээ. Бид тэр өдөр утсаа солилцоод маргааш нь оройн хоол хамт идэхээр уулзацгаасан юм.

Тэр минь өөрчлөгдсөн байсаан. Бүр их үзэсгэлэнтэй бүр их ухаалаг. Зүрхээ барьж ядан намайг мэдэрсэн юм шиг тэр минь “Чинийхээ амьдралд аз жаргал хүсье, чи минь ухаантай эр хүн” гэж хэлээд тэр уулзалтаас хойш утас нь холбогдохоо больсон юм. Одоогийнхоо эхнэртэйгээ оройг хамт үдэхдээ би зөвхөн түүний тухай бодож түүний царайг сэтгэл дотроо харж төсөөлсөөр бидний харилцаанд ан цав үүсч эцэстээ би ч үнэнээ хэлсэн. "Намайг уучлаарай" гээд бүх үнэнээ хэлэхэд эхнэр минь жирэмсэн болоод 2 сартай болох гэж байна гэдгээ хэллээ.
Үнэнийг хэлэхэд одоогийн амьдрал минь өнөөг хүртэл эрээнтэй бараантай хэвээр үргэлжилсээр. Ядаж байхад эхнэр минь үргэлж түүний тухай ярьж түүний нэрийг хэлж миний зүрхэнд шарх нэмнэ (миний таньдаг хүмүүсээс тэр бүсгүй бид хоёрын бие биедээ ямар их хайртай байснийг сонсдог бололтой.) Би хүүдээ хайртай, миний мах цусны тасархай гэвч зүрх сэтгэл минь нэг хүнийг өгүүлсээр одоог хүрч байгааг тэр бяцхан амьтан мэдэхгүй шүү дээ.
Өнөөдөр
ажлаа тараад гэрлэн дохионы уулзвар дээр цонхоо буулган тамхи асаангаа
санаандгүй хажуугийн эгнээний машин луу хартал хайртай бүсгүй минь… түүнийгээ
ширтсээр ногоон гэрэл асахыг ч анзааралгүй арын машинууд сигналдахад ухаан орж
билээ. Би түүнийг мартаж чадахгүй нь ээ. Би яавал дээр юм бол? Тэр минь одоог
хүртэл хүнтэй суугаагүй хүүхэд гаргаагүй өндөр алба хашиж нэр хүндтэй амьдардаг
юм билээ. Алдсан зүйлийг эргүүлж авах ямар хэцүү байдаг юм бэ…
Би түүндээ сайн сайхныг л хүснэ. Чи минь мундаг бүсгүй гэж сэтгэл дотроо л санаашрах юм. Би цаг хугацааг эргүүлэхсэн. Амьдралд алдсан намайг тэр минь яаж хүлээж авах бол? Нэг насаар жирийн явсанаас нэг өдөр хаан байсан нь дээр гэдэг шиг бүх зүйлээ орхиод түүнтэй ганцхан удаа уулзахад ч би бэлэн байна…







