Эрх чөлөө хэрэггүй Энэтхэг бүсгүйчүүд
Энэтхэг эмэгтэйчүүд гэхээр гялалзсан гоёл, нүд хөмсөг, духан дээрээ мэнгэтэй, хамартаа ээмэг зүүсэн царайлаг эмэгтэйн төрх бууж байна уу?

Тэд нээрэн л жирийн нэгэн өдрөө ч гоёж, том том гоёлоор гангарах дуртай. Гэрлэсэн бүсгүйчүүд нь духан дээрээ “бинди” гэх мэнгэ наадаг бөгөөд тэр цэг нь нууцлаг мэргэн ухааны суудал гэгддэг. Харин бэлэвсэрсэн тохиолдолд тэр бүх гоёл чимгээ авч болох бөгөөд “бинди”-г нь настай эмэгтэй авч, арилгаж өгдөг заншилтай.

Харин өнөөдөр манай цахим сэтгүүл эдгээр эмэгтэйчүүдийн гоё сайхан гадаад төрх биш тэдний дотоод ертөнцөд зочилохоор шийдлээ.
Энэ орны хуулинд эмэгтэй хүний эрх тэгш байх боломжийн талаар хангалттай тусгасан байдаг ч нийт улс орны хэмжээнд бичиг үсэг тайлагдсан байдлын үзүүлэлт нь маш багаас болоод өөрийн эрх, эрх чөлөөг мэдэж, түүнийхээ төлөө тэмцэх гэдэг тэдний хувьд “харанхуй”-тай адил зүйл. Яг энэ үе тэдний хувьд түүхэн хувьсгалын үе хэмээн хэвлэл мэдээллээр нь шуугиж байна. 10 гаруй жилийн өмнөөс л тэнд Европ, Америкаас олон бизнесменүүд зочилсноор энэ орны соёл иргэншил маш ихээр өөрчлөгдөж, зарим нь үүнийг сайн зүйлийг бус мууг дагуулсан гэх. Тэдний хувьд хамгийн үнэт зүйл нь соёлоо дээдэлж, үндэснийхээ заншлаар амьдрах гэдэг хол “төвөгтэй” санагдах болжээ.
Хүйсийн тэнцвэрийн хувьд НҮБ-ийн явуулсан судалгаагаар 1000 эрэгтэй хүнд 916 эмэгтэй хүн ноогддог. Хэрвээ гэр бүлд охин төрвөл хурдхан л айлд бэр оруулах нь дээр гэж үздэг учраас эрт нөхөрт гарах хандлага их. Энэ улсад хүүхдийн хүйс тодорхойлохыг хуулиар хориглосон байдаг. Хэрэв охин байвал үр хөндүүлэх нь олон.

Нөхрөөсөө “эрх” шаардах эрхгүй
Энэтхэг эмэгтэйчүүд өнөөдөр олон жилийн туршид ёс заншил, уламжлалд нь байсаар ирсэн гэрийн эзэгтэйн ажлыг хийж, нөхрөө ажилд явсан хойгуур гэртээ суудаг үеийг ардаа хаяхаар шийджээ. Гэхдээ тэр бүсгүйчүүд энэ шийдвэр нь өргөсөх тусам эргээд ямар аюул, асуудлууд гарч болох байсныг мэдэхгүй байлаа. Тэд ажлын газар дээрээ бэлгийн дарамт амсаж, арьсных нь өнгө нь бусдаасаа арай хар бор байвал бас арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхана. Энэ дарамт шахалтын дараа ажлаасаа гэртээ ирэхэд гэрийн бүх ажил нь түүнийг хүлээгээд байж байна. Хэдий ядарсан ч бүсгүй ханцуйгаа шамлаад л бүгдийг амжуулахаас өөр замгүй. Тэд бидэн шиг нөхрөөсөө тэгш эрх шаардах эрх байхгүй, шаардлаа ч тэд ойлгоддоггүй. Миний ярилцсан бүсгүйчүүл асууж, ятгаж үзсэн ч энэтхэг эрчүүд энэтхэгээрээ л үлдсэн. “Бид харин илүү тэсвэр хатуужил тэвчээртэй, хүн шиг амьдаръя гэж зүтгэж яваа хүмүүс юм шүү” гэж хэлж билээ. Хойч үе гэдэг чинь өмнөх үеийнхний л бэлдэж гаргасан бүтээгдэхүүн. Энэтхэг бүсгүйчүүд ээж гэдэг хүн л бүхний эхлэл байсан гэж ярьдаг. Өөрсдөө үр хүүхдүүддээ үлгэр жишээ болж, охиндоо яаж сайн эмэгтэй хүн байх, нөхрөө хайрлаж хүндлэх, хэрхэн тэсвэртэй байхыг сургадаг. Харин хүүдээ хэрхэн эмэгтэй хүнийг хайрлах тухай зөвхөн хэлээд зогсохгүй эдгээрийг өөрийнхөө амьдралаараа харуулдаг.

Эцэг, эхийн сонгосон “нөхөр”
Энэ оронд одоог хүртэл “arranged marriage” буюу урьдаас аав ээж нь юмуу эсвэл гэр бүлийн настай хүмүүс нь нөхөр сонгож өгөх явдал маш түгээмэл. Анх гэрлэх үедээ хичнээн их зовж шаналдгийг мэдрэх хэцүү. Хайргүй хүнтэйгээ суугаад зарим нь хүний боол шиг амьдарна. Тэглээ гээд тэд гэр бүл салалтыг дэмжээгүй. Харин ч тэд ийм гэрлэлтээс маш ихийг сурсан ойлгож авсан нь гарцаагүй. Тиймдээ ч Энэтхэг оронд гэр бүл салалт харьцангүй бага. Учир нь саллаа гэхэд нийгэм гэр бүлээс нь үзүүлэх дарамт маш их. Нөхрөөсөө салаад төрхөмдөө буцсан охиноо эцэг эх нь хөөгөөд л гаргана. Ийм гэрлэлтээс болж тэдэнд уйлах, шаналах, шантрах өдрүүд олон ч, он жил өнгөрөх тусам тэд бие биеэ илүү ойлгож, улам ихээр хайртай болсоноороо бат бөх гэрлэлтийг бий болгодог байна. Амьдрал ингэж л хатууг эхлээд өгдөг нь зөөлөнд барьц алдахгүй байхад сургадаг шиг.

“Эрх чөлөө тэдэнд хэрэггүй”
Энэтхэгт анх очсон хүмүүс эмэгтэйчүүдийг нь хараад муухай, хар гэдэг. Гэхдээ тэд ядаж өөрсдийнхөө үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг умартаагүй юм шүү. Тэд хөрш орнуудын эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болдог төдийгүй, сайхан эмэгтэйн төлөөлөл байж, тэднээс суралцах юм их бий. Гэр бүлээрээ элэг бүтэн, үр хүүхэддээ үлгэр жишээ болж амьдрах шиг энгүүн сайхан, эрхэм нандин амьдрал өөр байх уу?

Тэд ч гэсэн бидэн шиг эрх чөлөөтэй байхыг битүүхэн хүсдэг байх. Өөрийнхөө төлөө биш улс үндэснийхээ төлөө төрсөн юм. Энэтхэг эсвэл, Монгол эмэгтэйн хэн нь жинхэнэ эрх чөлөө гэдгийг амсаж явааг тааварлахын аргагүй бизээ.











