Би архины давхар хамааралд ахиж өртмөөргүй байна Нийтлэл

Хүний хувь тавилан гэж. Яаж явахыг хэн мэдлээ. Тааж баршгүй энэ амьдралын нугачаанд элээсэн өдөр болгон хүнд сургамж болдог мэт.  Та эргээд амьдарлаа нэг хардаа. Сургамж уу, дурсамж уу гэж...

    Та өөрөө ч мэдэхгүй хэн нэгэнлүү уурлаж, үзэн яддаг юм биш биз. Харин яагаад гэдгээ мэддэггүй, мэдхийг ч хүсдэггүй. Ямар ч гэр бүлд архитай холбоотой асуудал, архи уудаг хүн байдаг гэхэд хэлсдэхгүй болов уу. Танайд ч тэр, манайд ч тэр.  Архи уухаараа араатан шиг болчихдог нөхрөөсөө, ааваасаа, ээжээсээ, ахаасаа айж, тэдэнд хорсож, бусдад уурлаж явдаг эмэгтэйчүүд олон. Тэдний нэг нь би. Амьдрал бөөн айдас. Хаалга хүчтэй дуугархад давхийн цочиж, согтуу хоолой гэрээр хадхад хаашаа ч хамаагүй зугтмаар байсан хүүхэд нас минь, нөхөртэй болохоороо өнөөх маань архи уугаад намайг зодвол яана аа гэж болоогүй зүйлийн төлөөх айдастай бүсгүй болсон. Багаасаа архитай, зодоон нүдээнтэй гэр бүлд өссөн би архи уусан хүнээс айдаг, итгэлгүй, ичимхий, ууртай, санаа муутай, гөжүүд гээд нэг л мэдэхэд бүхнийг муугаар харж, хичнээн тэвчсэн ч нулимсаа барьж чаддаггүй эмэгтэй болж хувирсан байлаа. Ингээд бодохоор бүх л амьдрал архитай, архичинтай холбоотой болж таарах нь.

Архи ууж, зоддог нөхрийнхөө арга эвийг олох гэсэндээ архинд орсон ээжийг минь олон эмэгтэйчүүд надад сануулдаг. Энд тэнд нь хөхөрсөн, нүд нь цаанаа л цоггүй болчихсон эмэгтэйчүүд хаа сайгүй харагддаг учраас тэр байх. Ер нь мисс ч бай, босс ч бай аль алинд нь архины хамаарал байдаг учраас эмэгтэйчүүд бид зовлон нэгтэй улс. Харин архины давхар хамаарлаа бусдаас нууж, шаналгаж байгаа зүйлээ хэнд ч ярихгүй хадгалсаар өнөөх нь илжирч муудахдаа уур хилэн болж гадагшилдаг байж болох юм. Хэнд ч хэлж чадамгүй зүйлийг минь зүгээр л хэн нэгэн ойлгочихдог бол юутай сайхан гэж би бодож билээ.
   
Жаргал зовлон хоёр зэрэгцэн оршдог гэдэг. Харин хүн төрөлхтөний ихэнх хувь нь зовлонг нь түрүүлж хардаг байна. Нээрээ л ингэж ч зовоод, тэгэж ч зүдрээд гэж бид ярьж л байдаг. Эргээд хартал тэр зовж байсан үе нь хамгийн жаргалтай үе байсан мэт санагдана. Нэг ёсондоо зэрэгцэж байсан жаргалыг огт анзаараагүй өнгөөрсөн байдаг. Харамсалтай ч юм шиг. Архины давхар хамаарлаас болж өөрийгөө хэн гэдгийг мартаж, амьдарлыг зовлон мэтээр харж суудаг цагийг бид л халах хэрэгтэй.
  
 Хэн нэгэн нөхрийг, аавыг, ахыг энд муулах гэсэнгүй. Тэдний гаж буруу зуршил, архинд донтох өвчнөөс болоод өөрөө ч мэдэхгүй өөрчлөгдсөн эмэгтэйчүүдэд өөрийгөө таниасай хэмээн чин сэтгэлийн үгээ хүргэж байна.
Хэн намайг үгээр доромжлоно
Хэн намайг үйлдлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсоно  тэр бүхэн гэгээрэх болтугай гэж бодьсадвийн явдалд орохуй сургаалд бичсэн байдаг. Эмэгтэйчүүд бид хэн нэгнээс болж өөртөө үүсгэсэн торноосоо өөрсдөө л чөлөөлөгдөж чадна. Хүний хувь тавилан гэж. Яаж явахыг хэн мэдлээ дээ. Гэхдээ өнгөрүүлсэн амьдралаа эргэж харахдаа жаргасан уу зовсон уу гэж бүү хар. Харин дурсамж уу, сургамж уу гэдгийг эмэгтэй та оюун ухаандаа тунгаана биз ээ.

Өөрийгөө илжирч муудахаас нь өмнө, муудсан ч түүнийгээ олж харсан  бүх эмэгтэйчүүдийн аминчлах цэг бол emegteichuud. mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(203.91.112.238) 2013-06-07 16:05:33
sc