Шилжилтийн нас



Шилжилтийн нас гэсэн гарчигийг хараад та 12-16 насныхаа тухай бичсэн байна гэж бодох байх. Харин энэ удаад уншигч бүсгүйчүүд та бүхэнтэйгээ, бидний мэддэгээс арай өөр шилжилтийн насны тухай бодлоо хуваалцахыг хүсэж байна. Хүний амьдралын нас бүхэн хувьсан өөрчлөгдөж, олон шилжилтийн насыг туулан өнгөрүүлдэг. Эдгээрээс хүнд хамгийн ихээр мэдрэгддэг нь өсвөр нас буюу 12-16 насны өөрчлөлт байдаг. Гэтэл үүнээс ч хэцүү шилжилтийн насыг хүмүүс тэр бүр ач холбогдол өгөлгүйгээр туулан өнгөрүүлсэн байдаг гэнэ.

Энэ үе бол 30-40 насны шилжилтийн нас. Бие физиологийн хувьд хамгийн төгс төгөлдөр нас гэж хэлж болно. Хүний амьдралын хамгийн чухал үе бол 30-40 насны хоорондох 10 жил гэж олон сэтгэл судлаачид өгүүлсэн байдаг. Энэхүү шилжилтийн 10 жилийг хэрхэн туулж өнгөрүүлсэнээс шалтгаалан үлдсэн амьдралдаа зовж шаналах уу?, эсвэл аз жаргалтай байх уу? гэдэг нь тодорхойлогдоно. Энэ насанд сайн муу, сайхан муухай олон зүйлтэй нүүр тулан уулзана. Гэвч хүн бүр өөрийн ухаан, мэдлэг боловсролоороо асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж, зарим нь бүдэрч, зарим нь даван туулдаг. Гучин нас бол амьдралын хамгийн алтан сайхан үе. Энэ үед урьд нь суралцаж мэдсэн мэдлэг, туршлагаа аливаа эерэг дадал зуршилаа амьдралд хэрэгжүүлж хөдөлмөрөх хэрэгтэй. Хуучин муухай дурсамжуудаа арчин хаяад, зөвхөн гэрэл гэгээтэй ирээдүй руу ухрах замгүйгээр урагшлах үе бол яахын аргагүй 30-40 насны хоорондох 10 жил. Энэ үед хойшоо харах хэрэггүй. Саад бэрхшээлд урам хугарах, хэн нэгэнд гомдож тунилхах, таагүй асуудалд сэтгэлээр унах, уянгын халилд умбаж, романтик болзоог мөрөөдөж суух цаг зав энэ насанд огтхон ч байхгүй. Аль хэдийнээ гучин нас гарчихаад хэн нэгэнд “гомдлоо” гээд нус нулимстайгаа холилдоод сууж байвал ичгэвтэр. Зовлон бэрхшээлд хөл алдан, сэтгэлээр унаж “100 татъя” гээд гутарч байвал гутамшиг.

“Уйдаж байна”, “завтай байна” гэсэн үгийг бүр март. Залуу насанд уйтгарлах зав хэрхэвч байж болохгүй. Хүний ертөнцөд хүн болж төрчихөөд хүн шиг л амьдрах хэрэгтэй. Нэр алдартай, аз жаргалтай амьдарч яваа хүмүүсийн 30-40 нас “их завгүй”-н дунд өнгөрч, тэд энэ үеийнгээ алт болгон амьдарсан байдаг. Энэ насан дээрээ яваа бүсгүй та ч гэсэн өнгөрсөндөө ач холбогдол өгч харамсах зүйлгүйгээр, яг одооноос эхлэн ирээдүйнхээ төлөвлөгөөг гарга. Санаа зовнил, айдас түгшүүр зэргийг ор мөргүй март. Чамайг өөрчилж чадах цорын ганц хүн бол чи өөрөө. Өөрийгөө үнэнчээр хайрлаж, өөртөө хэзээ ч худлаа ярьдаггүй хүн бусдад үнэнч хандаж, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.
Бүсгүй таньд! Ирээдүйгээ өөрчилье гэсэн чин хүсэл эрмэлзлэл байсан цагт, та бүгдийг хийж чаднаа. Таньд амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.