Хонгорхон бүсгүйчүүдээ өнөөдөр дэлхийн доноруудын өдөр шүү!

Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүй ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн байна. Харин дэлхий нийт 2004 оноос зургадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн Цусны донорын өдөр болгон тэмдэглэж иржээ.

Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэдэг байна. Гэвч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээ биш юм.

Аливаа улс орны  хүн амын гурван хувь нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэдэг бол аюулгүй, найдвартай цусны хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг байна. Гэвч дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж нэг хувь нь цусаа бэлэглэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цусаа хандивлах өдөрлөг болно. Дэлхий дээр нас, хүйс, гарал угсаа үл шалтгаалан секунд тутамд цус сэлбэх шаардлага гарч байдаг. Цусны эрэлт хэрэгцээ маш их байдаг ч харамсалтай нь цусны дутагдалд орох үе олон гардаг байна. Ялангуяа хүн амын ихэнх хэсэг амьдардаг хөгжиж буй орнуудад цус эрэлт хэрэгцээ маш их байдаг аж.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд цусаа бэлэглэсэн доноруудын тоо хоёр дахин нэмэгджээ. Цус сэлбэлт, судалгааны үндэсний төвийн тайлангаас харахад цусаа бэлэглэсэн донорын тоо 2000 онд 10845 байсан бол 2012 онд 20854, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2000 онд 4825 байсан бол 2012 онд 9378 литр болж өссөн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн МУЗН жил бүрийн Дэлхийн цусны донорын өдрөөр 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог.
Улсын хэмжээнд 2013 онд 97 хүн шинээр “Хүндэт донор”-ын болзлыг хангажээ.
Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэснээр хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай хийж, төрөхийн хүндрэл, эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадгаараа буянтай үйл юм.
Бүсгүй та ч бас цусаа бэлэглэх өдөрт нэгдээрэй!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.