Олимпийн аварга Н.Түвшинбаяр кимоногоо дуудлага худалдаанд оруулж Б.Танан охинд тусална

Бээжингийн олимпоос жүдо бөхийн төрлөөр алтан медаль, Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж амжилтаа баталгаажуулж чадсан Булган аймгийн Сайхан сумын харъяат Найдангийн Түвшинбаяр аварга маань энэ жил тун сайхан наадлаа. Аймгийн арслан цолтой байсан тэрбээр энэ жилийн Улс хувьсгалын 92 жилийн ойн бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын Харцага цол хүртсэн билээ. Тэрбээр энэ бүх амжилтад хүрэхдээ хөл, гараа нэг бус удаа хугалуулж, Америкт өндөр үнээр эмчлүүлж ёстой л нэг жаргал, зовлонгийн амтыг мэдэрдэг нэгэн болохоо харуулав.

Өнөөдөр Олимпийн аварга маань нэгэн ухаалаг шийдвэр гаргаж, хүнд өвчинд нэрвэгдэн Солонгост эмчилгээ хийлгэж буй бяцхан охин Б.Тананд өгөөмөр гараа сунгахаар шийджээ. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд ойролцоогоор 150 сая төгрөг дутагдаж байгааг бид охины аав Т.Банзрагчаас тодруулж мэдсэн юм. Харин аваргыг охинд нь туслахаар Олимпийн алтан медаль хүртэхдээ өмсч байсан тэр их од хийморь шингэсэн, буян хурсан /монголоор бол зодог, шуудаг/ кимоногоо ийнхүү нэг сая төгрөгөөс эхлэн даруухан үнээс дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон нь монгол түмний сэтгэлийг эрхгүй хөдөлгөх нь тодорхой.

Өнөөдөр бид морь мал, үнэтэй машин, хуучны эд агуурст хичнээн олон зуун саяар нь мөнгө цацдаг бэлтэй нэгний тухай өдөр тутам л сонсдог. Харин ийнхүү төр түмнийхээ хайр хишгийг хүртэж, улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд олонтаа өргөж, төрийнхөө далбааг өндөрт мандуулж, төрийн дууллаа олонтаа эгшиглүүлсэн энэхүү одтой, хийморьтой шинэхэн Харцагадаа энэ дашрамд Wikimon.mn сайтын хамт олон болон уншигчдынхаа зүгээс талархах нь зүйтэй болов уу. Амьдралдаа хүн хэдий чинээ буян хийнэ төдий чинээ түүний амьдрал хийгээд ирээдүй хойч үе улам сайхан, гэрэл гэгээтэй явдгийг түмэн олон мэднэ. Тиймээс Олимпийн аваргын кимоног хэн гэдэг аавын хүү, хэр зэрэг бэл зааж, энэхүү хожмын өдөр түүх болон үлдэх учиртай, Монголоос төрсөн анхны Олимпийн аваргын кимоног худалдаж авах нь ойрын өдрүүдэд тодрох нь дамжиггүй.

Монгол түмэн бөхдөө хайртай. Тэгвэл бидний дундаас төрсөн Н.Түвшинбаяр хүү өөрийнхөө хүүхэд шиг өвчинд шаналсан бяцхан охинд туслахаар шийдсэнийг бүгдээрээ дэмжихээс өөр яалтай билээ. Гадаадын томоохон спортын одод болон урлагийнхны эдэлж, хэрэглэж байсан хувцас хунар, эд зүйлс нь өчнөөн олон зуун мянга, тэр ч бүү хэл сая доллараар зарагдаж байдгийг бид мэднэ. Тиймээс өнөөдөр шаардагдаж буй эмчилгээний зардал болох 150 сая төгрөг нь ердөө л 100 мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө юм. Харин Монголоос Олимпийн аварга төрвөл нэг килограмм алт өгнө, олон зуун мянган доллараар байлна гэж байсан хүмүүсийн ярьж байсан мөнгөн дүнтэй харьцуулбал, энэхүү кимононы дээд үнэ 100 мянган доллар хүрэхэд гайхах юмгүй билээ.

Бид энэ талаар Танан охины аав Банзрагчтай холбогдож асуутал, даруухан аваргын маань энэхүү буяны үйлсийн талаар тэрбээр ямар нэгэн мэдээлэлгүй байлаа. Харин тэрбээр Японы сүмогийн 68 дахь Их аварга Асашёрюүгийн гарын алганы хээг 2004-12-25-нд Шинэ жилийн баяраар авч байсан бөгөөд өдгөө гэрийнхээ хойморт залж, олон жил хэвээр нь хадгалж ирсэнээ дурсан ярьсан юм.

Хайртай охиноо хөрст дэлхий дээр хүн шиг амьдруулах чинхүү хүсэлдээ автсан Танан охины аав Банзрагч бидний мэдээллийг сонсоод, Их аварга Асашёрюүгийн гарын алганы хээг мөн охиныхоо эмчилгээнд зориулан дуудлага худалдаанд оруулах санаа төрсөнөө өгүүлэв. Тиймээс Олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоно, сүмогийн Их аварга Д.Дагвадоржийн гарын алганы хээг хамтад нь дуудлага худалдаанд оруулж буйг эрхэм буянтан танд дуулгахад таатай байна. Сумогийн Их аваргын хоёр гарын алганы хээг тус бүр 500 мянган төгрөгнөөс эхлэн дуудахаар боллоо. Танан охины аав Банзрагчтай 9665-7977 утсаар холбогдож, Их аварга Асашёрюүгийн гарын алганы хээг дуудах дуудлага худалдаанд идэвхтэй оролцож буян хийнэ үү.

Б.Танан охинд амьдрал бэлэглэе!

 Сайн байна уу Эрхэм хүндэт танаа,

Миний охин Танан 4 настай, тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх боломжгүй тул Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж байна. Одоо охины эмчилгээнд 180 сая төгрөг шаардлагатай болоод байна. Би жирийн нэгэн болохоор мөнгө санхүүгийн хүнд байдалд орсон. Хайртай Охиноо заавал авармаар байна.

Та өгөөмөр сэтгэлээр бяцхан охинд минь тусална уу.

Би эцэг хүн болохоор хавдартай тэмцэж байгаа ч надад бусдын тусламж дэм шаардлагатай байна.

Миний охины тухай

Овог нэр: Банзрагчийн Танан
Төрсөн огноо: 2008-12-01
Онош: Тархины хавдар – Anaplastic ependymoma
Эмнэлэг: Samsung Medical Center, Seoul, Korea  – Patient no.26771112
Аав Банзрагч утас 9665-7977, солонгос утас (82)10-5809-1441

ХАНДИВЫН ДАНС: Т.Банзрагч
ХААН   /төг/     504 130 1899
Голомт /төг/     160 130 7861
XXБ      /төг/     452 571 238
ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ: 180 сая төгрөг

ЭМЧИЛГЭЭ

2012 оны 12-р сарын 20-нд тархины хагалгаа амжилттай хийсэн. Хавдар нь хагалгаа, хими, туяа, эс шилжүүлэн суулгах эмчилгээгээр урт хугацаанд эдгэдэг хүнд өвчин.

6 курс хими эмчилгээг 6-7 cарын турш хийх ба одооогоор 5-р курсын эмчилгээ хийгдэж байна.
Дараа нь эс шилжүүлэн суулгах (transplant bonemarrow) эмчилгээг 2 удаа хийнэ. Энэ эмчилгээг 3 сар тутамд 1 удаа хийх ба энэ эмчилгээ нь өндөр дозын химийн эмчилгээ (high dose cheotherapy), stem cells transplantation (эс шилжүүлэх) гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Хагалгааны дараахь дээрх эмчилгээнүүдийг 1 жилийн хугацаанд эмчилгээний хуваарь гарсан.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

6 курс хими эмчилгээ: won 60,000,000  /төг 78,000,000/
2 удаа эс шилжүүлэн суулгах: won 140,000,000  /төг 180,000,000/

Хайр байгаа цагт бүгд сайн сайхан болно гэдэгт би итгэдэг. Эмчилгээг тасалдуулахгүйгээр бүрэн хийлгэж, охиноо эдгээмээр байна. Охинд минь туслаач гуйж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Т.Банзрагч
twitter: b_tanan
Email: tbanzragch@yahoo.com
Skype/Yahoo messenger: tbanzragch
Утас: 9665-7977

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.