2010 оны Дэлхийн шилдэг “MBA”- ын магистр оюутан Т. Баярцэцэг: ” Миний хайж байсан аз жаргал эх оронд минь байсан”

Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэдэг Дорнын үгийг үгүйсгэж чадсан олон эмэгтэйчүүд Монголд бий. Тэдний нэг болох  2010 оны Дэлхийн шилдэг “MBA”- ын  магистр оюутан Т. Баярцэцэгийг бүсгүйчүүдтэйгээ уулзуулж байна.

Т.Баярцэцэг нь 2000-2004 онд АНУ-ын “Towson University” их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр шинжлэх ухааны бакалавр, 2006-2008 онд Данийн Вант улсын “Copenhagen Business School” Копенхагены бизнесийн их сургуульд санхүү стратегийн менежментийн чиглэлээр шинжлэх ухааны магистр, 2010 онд Франц улсын нийслэл Парис хотноо “ENPC School of International Management” олон улсын менежментийн дээд сургуульд бизнесийн удирлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрээр гадаадын олон том компаниудад ажиллаж байсан бөгөөд 2010 онд Монголдоо эргэн ирсэн юм. Арван жилийн хугацаанд Америк, Франц, Бразил, Данийн вант улсад сурч, алдартай том компанид ажиллаж байртай, машинтай, мөнгөтэй чинээлэг амьдарч байсан ч нэг л зүйл дутагдаад байсан. Харин түүнийгээ эх орондоо ирээд олсон гэж тэрээр ярьсан юм. Гадаад дотоодын олон компани түүнийг ажилд урьсан ч тэрээр хөдөөг сонгожээ. Одоо Т.Баярцэцэг нь Хэнтий аймгийн Батширээт суманд ажиллаж амьдардаг бөгөөд хүмүүнлэгийн үйлс хийж, хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм.


- Танд энэ өдрийн мэнд хүргэе!
- Баярлалаа таньд болон уншигч бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та арав гаруй жил гадаадад олон жил сурахдаа дэлхийн шилдэг оюутан болж, амжилттай ажиллаж байсан хэдий ч яагаад хөдөө амьдрах болсон бэ?
- Энэ өнгөрсөн жилүүдэд би хамгийн өндөр хөгжилтэй сайхан орнуудаар ажиллаж амьдарч үзлээ. Хүний гараар бүтээсэн хамгийн үзэсгэлэнтэй хот болох Парис, Бразилын  300  хүрхрээ нэг доор байхыг харсан гээд л үнэхээр байгалийн тансаг, хөгжлийн хувьд дэлхийд дээгүүр орох газруудыг үзэж, тэндээ сурч, ажиллаж, аяласан. Харин Монголдоо ирээд миний хайж байсан аз жаргал гэрт минь,  Монголын хөдөө нутагт байсан юм гэдгийг ойлгосон. Хэнтийн аймгийн Батширээт суманд ирээд уулан дээр гарч Онон голыг харахад надад их сонин мэдрэмж төрсөн. Тэр үед би Монгол хүн болж төрсөндөө үнэхээр бахархсан. Дэлхийд дээгүүр хөгжилтэй орон болох Америк, Францад  ийм цэлгэр уудам тал, ийм цэлмэг тэнгэр  байдаггүй юм. Би Америкт сурахаасаа өмнө Монголынхоо ийм сайхан байгалийг, ямар амар амгалан орон гэдгийг хардаггүй,  мэдэрдэггүй байж гэдгээ ухаарсан.

Би аз жаргалыг олсон гэж түрүүн ярьлаа. Тэр аз жаргал тань юу байсан бэ?
-     Миний хувьд   амар амгалан байх гэдэг бол аз жаргал. Монголдоо ирээд  сэтгэлийн амар амгаланг би мэдэрсэн. Мөн хийж байгаа ажлаасаа өдөр болгон таашаал авдаг байх. Өөрөөр хэлбэл өглөө яаж босох вэ гэж санаа зовохгүйгээр хэдэн цагт ч хамаагүй сэтгэлээс гарч байгаа тэр хүчээрээ год үсрээд л босдог байх нь аз жаргал гэж би боддог. Тэрнээс мөнгө, хөрөнгө энэ тэр бол биш. 

Та хөдөө ямар ажил эрхлэж байгаа вэ?
-   Одоогийн байдлаар би хэд хэдэн ажил хийж байгаа. Хөдөө хүүхдүүдэд шатар болон англи хэлний хичээл заадаг. Зуны цагт жуулчид авчирч үзэсгэлэнт тал нутгаа танилцуулна. Хамгийн гол ажил маань архинд донтох өвчтэй хүмүүс болон тэдний гэр бүлийн төлөө ажиллаж байна. Энэ нь бол сайн дурын ажил. Нэг ёсондоо цалингүй гэсэн үг л дээ.

Та цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байна?
-          Яг одоо эргэлтийн мөчид ирээд байгаа юм шиг надад санагддаг. Цаашдаа яаж амьдрах вэ гэж их бодох болсон. Миний явж байгаа зам зөв үү буруу гээд л... эргэлзэж байна. Ер нь цаашдаа хөдөө үргэлжлүүлэн амьдарна гэж бодож байгаа. Миний бодлоор Хэнтий аймгийн Батширээт сумыг хүний амьдарч болох хамгийн сайхан газар болоход юу хэрэгтэй байна тэр бүгдийг хийнэ гэж боддог. Хэдийгээр хотоос 450 километрийн зайтай оршдог хэдий ч кино театр, хосууд ордог ресторан, спорт цогцолбор, номын сан, саун яагаад байж болохгүй гэж. Хөдөө гэхээрээ заавал хүнд хэцүү амьдарна гэсэн үг биш шүү дээ. Монголд хотжилт төврүүгээ болж байгаа тиймээс түүнийг сөрөөд хөдөө маш тухтай сайхан амьдарч болно гэдгийг харуулах юмсан гэж хүсдэг. /инээв/
Сайхан төлөвлөгөө байна. Та өөрийн хүрсэн энэ амжилтаас эргээд харахад бүсгүйчүүддээ юу гэж хэлмээр байна?
-        Би хүнд зөвлөхөөр тийм мундаг хүн биш л дээ. Гэхдээ суусан тэнэгээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг. Олон жил гадаадад ажиллаж амьдарсандаа би баярладаг. Учир нь миний хайж байсан аз жаргал гэрт минь эх оронд минь байсан гэдгийг надад ойлгуулсан юм. Хүн явснаараа олон зүйлийг танихаас гадна өөрийгөө олж хардаг юм байна. Олон зүйлээс суралц , хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө олж харах хэрэгтэй гэж би боддог. Бусдын сайхан муухайг шүүмжилхийн оронд өөрийгөө хэн бэ гэдгийг таних нь хамгаас чухал.
Гадаадад байхад чинь хэцүү бэрхшээлтэй олон зүйл тохиолдсон байх. Хамгийн сургамжтай явдлаасаа яриач?
-          Би нэр хүндтэй, хангамж сайтай том компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдаж байсан юм. Энэ надад хамгийн хэцүү санагдаж байлаа. Яагаад гэвэл өөрийгөө маш өндөр боловсролтой учир намайг ямар ч компани гуйж ажиллуулна. Энэ компанид ажиллаж байгаа нь их юм гэж боддог байсан юм. Гэтэл нэг өдөр дарга дуудаад намайг ажлаас халсан. Би тэр үед уурлаж, бухимдаж, цочирдож, гайхаж байсан. Хэдэн жилийн дараа эргээд харахад миний буруу байсан юм гэдгийг ухаарсан. Яагаад гэвэл би өөрийгөө хэт дөвийлгөн боддог, даргатайгаа чин сэтгэлээсээ ярьдаггүй, муу талаа дандаа нууж мундаг хүн шиг харагдах гэж хичээн, бүх зүйл миний бодож байгаагаар болох юм шиг санаж, зөвхөн албан тушаалын төлөө ажиллаж байсан. Энэ миний халагдах гол шалтгаан болсон гэдгийг сүүлд ухаарсан. Энэ надад маш сургамжтай зүйл болсон доо. Хүн өөрийгөө хэт дөвийлгөн бодох нь буруу юм.

Хүний нутагт тэр хэцүү үеэ яаж давсан бэ?  Бүсгүйчүүд маань ихэвчлэн уйлж эсвэл өөрийгөө  өөрчилж тайвширдаг.
-          Шри Шри Рави Шанкар –ийн хэлсэн нэг үг байдаг юм. Тэрээр хэлэхдээ өнгөрсөн амьдрал чинь зүүд байсан. Одоо сэр тэгээд л болоо. Өнгөрсөн юм өнгөрсөндөө л байх хэрэгтэй. Одоо урагшаа харж амьдар гэсэн байдаг. Мөн хэцүү үе тулгарсан бол тухайн орон нутгийн хамгийн ядуу тосгонд очоод гэр оронгүй хүүхдүүдтэй тоглоод үзээрэй гэж хэлсэн байдгийг би хэрэгжүүлсэн. Хэцүү үедээ Бразилийн асрамжийн газар очиж хүүхдүүдтэй тоглоход миний бүх зовлон ид шидийн мэт алга болчихсон. Тэр үеэс би хүнд туслах нь хэцүү байдлаасаа гарч гарц юм гэдгийг мэдэрсэн. Мөн мэргэн үг сургамжтай юм байна гэдгийг ойлгосон. Би ингэж л хүнд байдлаасаа гарсан. Одоо хүмүүнлэгийн үйлс хийх болгондоо жаргалтай байдаг.
Та гадаадад сурахаар явахдаа маш сайхан мөрөөдөлтэй явсан  юм шиг санагдаж байна. Та мөрөөдлөө биелүүлсэн үү?  
-          Би бага байхаасаа Америкт очих юмсан гэж хүсдэг байсан. Гадаадад сурч боловсорч, олон орноор аялаж, орон орны найзтай болох юмсан гэж мөрөөддөг байсан. Энэ бүх мөрөөдлөө би 10 жилийн дотор биелүүлсэн. Үнэхээр гайхамшигтай сайхан амьдарлаар амьдарлаа. Үүндээ ч талархаж явдаг.
Амьдралаас суралцсан хамгийн том зүйл тань юу вэ?
-          Мэдлэг боловсрол бүгдийг ялдаг, би бол мундаг чавдартай хүчтэй эмэгтэй, хэнээс юу ч гуйхгүй гэж боддог байсан. Энэ бол эндүүрэл байсныг сүүлд ухаарсан. Зөв хүн, зөв амьдрал гэдэг хамгийн чухал зүйл юм байна гэдгийг одоо л ойлгож байна.
Эмэгтэй хүн юугаараа гоёдог вэ гэвэл бүсгүйчүүд маань өөр өөрөөр хэлэх байх. Инээмсэглэл, сайхан бие, гархи, зүүлт гээд л... Таны хувьд?
-          Гадаад үзэмж бол хэнд ч сонин биш. Ямар их гоёж гоодсон юм гээд дотор нь юу байгаа бол гэж би заримдаа боддог байсан. Харин сүүлийн үед хүн гадаад үзэмжиндээ анхаарах ёстой юм байна гэж боддог болсон. Хүн өөрийгөө хайрласанаар хүнийг хайрлаж чаддаг юм байна. Эмэгтэй хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж байх хэрэгтэй. Гэрэлтэхийн тулд гаднах төрхөө бус доторх сэтгэлээ гоёх хэрэгтэй гэж би боддог.



Ярилцлагынхаа төгсгөлд бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
- Монгол эмэгтэйчүүд түүхэндээ маш мундаг үйл хэргийг хийсэн байдаг. Би үүгээр маш их бахархаж, чадалтай мундаг хэнээс ч хараат бус эмэгтэй болно гэж олон жил буруу бодож явсан байна лээ. Эрэгтэй, эмэгтэй хүн бүх талаараа яг тэгш эрхтэй байх ёстой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хараат бус амьдрах ёстой гэж боддог байсан. Харин одоо бол эрэгтэй , эмэгтэй хүнд аль алинд давуу тал байдаг юм байна гэдгийг ойлгосон. Яагаад би заримдаа хүлцэнгүй, хүчин мөхөс байж болохгүй гэж. Эрэгтэй эмэгтэй хүний хариуцлага өөр өөр, давуу тал нь мөн адил. Харилцан зохицож, уялдаж амьдардаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс гэр бүлээ хайрлаарай бүсгүйчүүдээ. Хэтэрхий хараат бус хүчирхэг болох гэж хүсэх өөрийгөө зовоох зүйл гэж хэлмээр байна.

За бидэнтэй ярилцаж, сэтгэлээ хуваалцсан Т. Баярцэцэгтээ баярлалаа.
- За баярлалаа.Та бүхний цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье. Мөн бүсгүйчүүдээ амар амгаланг хүсье.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
С.Чонохүлэгч (122.201.20.62) 2013-09-12 10:03:25
Аз жаргалын эрэлчин болж яваа хүмүүсийн оройруу орсон сайхан ярилцлага болжээАгуу бүсгүй юм амжилт хүсъе
zochin (122.201.18.19) 2013-09-09 14:23:59
Iim shn emegteig olj yria urnuulsen ta buhend bayar hurgie Herev ene busgui zuvshuurvul holboo barih utas bolon meiliin olj ugch ym uu setgegdeld uldeej boloh uu
Өлзий (182.160.38.228) 2013-09-09 10:52:59
Сайхан бүсгүй минь чи олон олон бүсгүйчүүдэд ухааралыг түрүүлж туулж зорьсноороо мэдэрсч ухаарснаараа хүргэж байна Чамд амжилт хүсэе Хэнтийн Бат ширээт орж чамтай уулзнаа
muugii (202.126.95.17) 2013-08-14 10:55:41
dotood setgel chin huchirheg uhaalag saihan busgui bnamidrald chin az jargal husie
zochin (202.21.105.245) 2013-08-13 17:06:43
ymar mundag bvsgvi veee bvr bisherchilee
Oogii (49.0.183.251) 2013-08-13 10:42:52
Uhaalag mundag busgui bna
(219.89.180.123) 2013-08-13 09:29:19
yasan mundag ohin be
zochin (202.72.243.229) 2013-08-13 09:08:51
Mundag yuma