Ч.Содбилэг: “Бидний хэрэглэж буй бүхий л зүйл физикийн үр дүнд үүсэн бий болсон”
Ч.Содбилэг: “Бидний хэрэглэж буй бүхий л зүйл физикийн үр дүнд үүсэн бий болсон гэж хэлж болох юм”
Саяхан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын өдөртэй холбогдуулан шинжлэх ухааны ажилтнуудын гурван үеийн хэлэлцүүлэг болсон. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ч.Содбилэгтэй хэдэн хором ярилцлаа. Тэрээр:
- Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс 2009 оны “МӨНГӨН АРСЛАН” цом, өргөмжлөл
- Мөн түүний эх орныхоо болон дэлхийн физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Дэлхийн Гуравдагч Орнуудын Академаас Шилдэг Залуу эрдэмтний 2010 оны шагнал
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний 2010 оны шагнал
-
Монголын Залуу Эрдэмтдийг Дэмжих Сангаас 2009 оны “СОД МЭРГЭН” медаль, өргөмжлөл зэрэг олон хүндтэй шагналуудыг хүртсэн чадварлаг эрдэмтдийн нэг юм.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг танд болон танай сайтын уншигчдад хүргэе.
-Та хэзээнээс физикийн чиглэлээр ажиллаж байна вэ?
-Би 1999 онд онолын физикч мэргэжлээр сургуулиа төгсөөд “Шинжлэх ухааны академи”- ийн Физик технологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. Хүрээлэндээ таван жил ажиллаад ХБНГУ-д онолын физикчээр докторын зэрэг хамгаалсан. Одоогоор Шинжлэх ухааны академид ажиллаж байна.
-Яагаад онолын физикч мэргэжлийг сонгох болсон бэ?
-Манай аав физикч, философич хүн байсан. Би багаасаа л аавынхаа мэргэжлийг өвлөж авна гэж боддог байсан. Мөн арван жилдээ математик, физик сонирхдог байлаа. Ингээд онолын физикч хэмээх мэргэжлийг эзэмшсэн.
-Онолын физикч гэхээр их сонирхолтой санагдлаа. Ажлынхаа тухай сонирхуулбал?
-Ертөнцийн үүсэл хөгжлийн тухай судалдаг гэж ойлгож болно. Дэлхий ертөнц хэзээ үүссэн бэ, хэрхэн хөгжиж ирсэн бэ, цаашид хэрхэх вэ гэдэг талаар судалдаг. Дэлхий 15 тэрбум жилийн тэртээ үүссэн. Иймд бид 15 тэрбум жилийн өмнөх хугацаанд эргэн очдог.
-Физик судалсны ач холбогдол нь юу вэ?
-Өдөр тутам бидний хэрэглэж байгаа компьютер, гар утас, цахилгаан, цахилгаан хэрэгслүүд гээд бүгд л физикийн шинжлэх ухааны үр дүнд үүссэн. Жишээлбэл, 17-р зуунд онолын физикчид цахилгаан цахих үзэгдлийг судласаар байгаад гэрэл цахилгааныг үүсгэсэн. Тэр үед бол зөвхөн лаа асаагаад л суудаг байсан үе шүү дээ. Мөн компьютер, интернэтийг онолын физикчид бүтээсэн. Ингэхээр физикийн ач холбогдол бол амьдрал маш их. Бидний хэрэглэж буй бүхий л зүйл физикийн үр дүнд үүсэн бий болсон гэж хэлж болох юм.
-Уг хэлэлцүүлгийг хэрхэн дүгнэж байна вэ. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ хэлэцүүлгээр гурван үеийн эрдэмтэд цуглаж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэх зэргээярилцаж, санал бодлоо солилцож байгаа нь маш чухал ач холбогдолтой юм. Хамгийн гол нь шинжлэх ухааны салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд эрдэмтэд бид хүчээ нэгтгэж ажиллах ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье.
Ярилцсан: Б.Бадамгарав







