Хааны оточ Жангумын Монголын хэвлэлд өгсөн анхны ярилцлага
Блиц:
-Жүжигчин, загвар өмсөгч И Ён Э 1971 оны нэгдүгээр сарын 31-нд Сөүлд төрсөн.
-2009 онд Америкийн солонгос бизнесмен Чон Хо Ёнтой гэрлэж, 2011 онд ихэр хүү, охинтой болсон.
-Герман, англи хэлээр “ус цас”.
-Венецийн олон улсын кино наадмын жижиг “Алтан арслан”, Азийн “Хөх луу” кино наадмын шилдэг жүжигчин.
-2006 онд Берлиний олон улсын 56 дугаар кино наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан. Тэрхүү том наадмын шүүгчээр уригдсан анхны солонгос жүжигчин аж.
-Олон улсын хүмүүнлэгийн үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн 2004 онд ЮНИСЕФ-ийн хүүхдийн элчээр сонгожээ.
БНСУ-ын МВС телевизийн цуврал “Тэ Жангум” кино 90 гаруй орны гурван тэрбум орчим үзэгчийн хүртээл болж, солонгосчуудын бас нэг сурталчилгаа болж чадсан. Энэхүү кино гарах цагаар Филиппин, Вьетнам, Индонез зэрэг Азийн зарим оронд замын хөдөлгөөний ачаалал буурч байсан судалгаа бий. Яг л монголчууд “Халтар царайт”-ыг шимтэн үзэж байсан шиг тийм “үзэгдэл” болсон гэх.
Тэгвэл “Тэ Жангум” кинонд тоглож, дэлхийн үзэгчидтэй илүү ойртсон жүжигчин И Ён Э өнгөрсөн ням гаригт Монголд ирээд өнөө өглөө нутаг буцлаа. Тэрбээр тус улсын SBS телевизийн бэлтгэн, ирэх арванхоёрдугаар сард цацах Азийн уламжлалт хоол хүнсний соёлын тухай нэвтрүүлгийг хөтөлж байгаа бөгөөд энэ ажлаар манайд хэд хоног саатжээ.
Жүжигчин бүсгүй болон түүнтэй хамт ирсэн телевизийнхэн даваа гаригт Хүй долоон худагт очиж, монгол хоол амталсан бол өчигдөр Монголын үндэсний музейтэй танилцсан. Найруулагч, оператор, продюсер, зураглаач гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнээс гадна бие хамгаалагч, жүжигчний туслах гээд нэлээд нүсэр баг тун шахуу хөтөлбөрөөр ажиллаж, сэтгүүлчдэд ярилцлага авах боломж олгосонгүй.
Зураг авах нэг танхимаас нөгөө рүү аппарат хэрэгслээ зөөж байх хооронд түүнийг ердөө гуравхан минут “олзоллоо”. И Ён Э өдгөө 42 настай гэхэд итгэмээргүй, яг л хүүхэд шиг булбарай, тунгалаг арьстай юм.
-Сайн байна уу, Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонины сурвалжлагч байна. Цаг завгүй байхад тань бүдүүн зүрхлэн, ийнхүү аашилж байгааг минь уучлаарай. Үүнээс өөр арга байсангүй. (Нүдээ эргэлдүүлэн, тун эелдэг инээмсэглэх түүнд ердөө гуравхан асуулт тавьж амжлаа). Монгол хоолны тухай нэвтрүүлэг хийж байгаа гэсэн. Монгол хоол идэв үү. Ямар санагдав?
-Монголчуудын уламжлалт хоол хорхог, гурилтай шөлийг амтархан идсэн. Таалагдсан шүү. (Тэрбээр хоолны нэрүүдийг монголоор цээжилжээ).
-Мах ихтэй хоол байна даа.
-Мах нь их зөөлөн, амттай юм билээ. Ер нь монгол, солонгос түмний хоол нэлээд төстэй санагдлаа.
-Хэрэв жүжигчин болоогүй байсан бол гэж боддог уу?
-Ер нь тэгж бодож байсангүй. Хэрэв жүжигчин биш байсан бол гэрийн сайн эзэгтэй, ээж л байх болов уу.
-Эмэгтэй
хүн ээж болоод хорвоог өөр нүдээр харж эхэлдэг гэдэг. Ихэр хүү, охины
ээж болсон И Ён Эгийн амьдрал хэр өөрчлөгдсөн бол?
-Хүүхдүүд минь ямар өхөөрдөм гээч. Бусад хүүхдийн л адил сайхан өсөж байна. Ээж болсноор илүү хариуцлагатай болж, үүрэг нэмэгдснийг алхам бүртээ мэдэрч байгаа.
Дашрамд өгүүлэхэд, “New York Times” сонин өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэн дугаартаа солонгосчуудын хоолны соёлын тухай нийтэлж, жүжигчин И Ён Эгийн зургаар нүүрээ “чимжээ”.







