Хэрвээ хойд нас гэж байдаг бол чамайгаа насанд туршид чинь жаргаах болно...
Үнэн худлыг ялгаасай
Жаргал зовлонгийн ээлжинд
Буян нүглийг ялгаасай
Арван хар нүглээ наминчлан байж гэмшье...
Сайн байна уу хань минь? Үр хүүхдүүд, чамтайгаа аз жаргалаар бялхан амьдарсан 15 жилээ дурсан санахаар чамаасаа өдөр бүр уучлалт гуймаар санагдах юм. Тиймээс чамдаа эхний бөгөөд эцсийн удаа захидал бичин уучлалт гуйж байна. Чи минь надаас өөр хүнтэй ханилсан бол ингэж хүний газар 10 жил боол мэт зүтгэж, бие сэтгэлээрээ зовохгүй байсан байхдаа. Чи минь угийн тэвчээртэй, ажилсаг хүн болохоор хар ажилд нэг их түүртээгүй байх. Харин хар нялхаар нь хүний газар цаг наргүй ажиллах 2 хүүгээ, Монголд үлдсэн ганц охиноо өрөвдөн хайрлаж, жаргалтай сайхан амьдралаа бусниулсан надад гомдож сэтгэлдээ шаналж явсан байх. Чи минь ёстой л гүндүүгүй Монгол эр хүн. Эр хүнд байх бүхий л сайн чанар чамд минь байдаг. Хамгийн гол нь надад маш их итгэж, хэзээ ч хардаж зовоодоггүй байсансан. Тиймдээ ч намайг дураар минь тавьж би ухаангүйдээ амьдралаа ийм байдалд оруулсан.
Чи бид хоёрт аз жаргалтай өнгөрүүлсэн олон мөч бий. Хоёр хөөрхөн хүү, эрх танил охинтой болсон цаг үе минь хичнээн аз жаргалтай байвдаа... Бидэнд үнэхээр дутагдаж гачигдах юу ч байгаагүй. Бид эд хөрөнгөөр ч, аз жаргалаар ч бялхаж байсан. Манай гэр үргэлж дулаахан, цэвэрхэн хэн ч орж ирсэн хоол унд бэлэн, хэзээ ч манай гэрт хэрүүл гарч байгаагүй. Чиний минь аав ээж хоёр хичнээн ухаантай, сайхан хүмүүс билээ. Би тэр хоёрыгоо хэзээ ч хадмууд гэж боддоггүй байсан. Тэр хоёр минь надад үнэхээр сайн хандаж төрсөн охин шигээ хайрлаж явсан даа. Та хоёр минь тэнгэрээс биднийг харж хүүгийнх нь амьдралаар тоглосон надад хичнээн их гомдож байгаа болдоо...
Бурханы оронд байгаа та хоёроосоо чин сэтгээлээсээ уучлалт гуйя. Хэзээ нэгэн цагт тэнгэрийн оронд очихдоо та хоёртойгоо уулзаж, сайн охин, сайн бэр тань байж ачилнаа. Би өөрийнхөө гэмийг маш сайн ухаарч байгаа. Өөрийн дэндүү дураараа зангаасаа болж амьдралд алдсандаа гэмшиж байна. Чи минь намайг ухаантай ямар ч гэсэн амьдралд алдахгүй гэж итгэсэндээ гэрийнхээ бүх эрхийг надад өгсөн. Над шиг ийм хөнгөн хийсвэр хүнтэй ханилаагүй бол өдийд өрх гэрийнхээ хойморьт суугаад үр, ачаа тойруулан жаргаж суух байсандаа. 1990 оны 6 дугаар сард бидний амьдралд их хүнд цохилт болсон зүйл тохиолдсон. Бага хүү минь дөнгөж нэг насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн шөнө бие минь муудаад амьд гарах найдвар муутай болсон. Тэр үед чи минь бага хүү, ээжтэй минь хамт үргэлж л эмнэлэгийн үүд сахиж намайг асарсаар хөл дээр минь босгосон. Тэр мөч бидний хамгийн баяртай, аз жаргалтай үе байжээ...
Олсон мөнгөө улам их болгох гэж их санаж яваад би өрөнд орсон. Би чамтайгаа хамэ Сологос явах гэж мөн ч их хөөцөлдөж, мөн ч их мөнгө зарсан ч огт бүтээгүй. Ингэж яваад визий залилангийн хэрэгт холбогдон, эрүү үүсгэгдэн шалгагдаж, “Ганц Худаг”-ийн урьдчилан хорих төвд 7 сарыг өнгөрүүлсэн. Олон хүнийг хохироосон хүн үйл лайгаа эдлэх нь зөв байлгүй яахав. Төмөр торны цаанаа хоригдож байх хугацаанд чи миньбайнга намайг эргэж хоёр хүүдээ мөнгө явуулдаг байсан. Өөдөсхөн жаахан бага бэр минь тэр хэцүү газар луу ямар их зориг гарган очдог байсан бол гэхээс бэрийнхээ ачийг хариулж барахгүй мэт. Тэнд байх хугацаандаа их л зүйлийг бодож их л зүйлийг ухаарсан. Чинийхээ өмнө гурван хүүхдийнхээ өмнө ямар буруутайгаа ухаарсан.
Залуу сайхан насанд чинь ханилан суучихаад, сайхан амьдралаа үгүй хийж жаргах насанд чинь хамт байж чадаагүйд минь уучлаарай. Хэрвээ хойд нас гэж байдаг бол чамтайгаа ханилан сууж, сайн хань чинь байж, насан туршид чинь жаргаах болно. Амлая.
О..............с нь






