”Sweet Kitchen” группыг санаачлагч Б.Тэмүүлэн ” Эр хүн заавал гал тогоотой зууралдах ёстой биш , тэдний хийх зүйл тусдаа гэж би боддог”


Анх "Sweet Kitchen" яаж үүсгэсэн бэ? санаандгүй нээсэн үү?


Тийм ээ. "Mommy central" гээд группээс үүсэлтэй. Тэр үед би амаржаад удаагүй байсан юм. Анх тэр группдээ нярай хүүхдүүдийнхээ талаар бичдэг байсан. Нэг өдөр хоол хийгээд  группдээ зураг болон жорыг нь оруулсан. Гэтэл ээжүүд их дуртай байлаа. Гэвч хүүхдүүдийн тухай яриа нь хоолны зураг жортойгоо холилдоод замбараагүй болсон. Тиймээс тусдаа хоолны групп нээсэн юм. 2011 оны 12 сард хүүгээ хараад гэртээ суудаг байхдаа Sweet Kitchen группыг анх байгуулсан. Өдөр гэртээ уйдхаараа сайхан амттай хоол хийж, заримдаа туршдаг байлаа. Тэр хоолнуудын зургаа группдээ тавьж эхэлсэн дээ. Хоёр гуравхан хоногийн дотор маш олон гишүүнтэй болсон. Одоо 40 000 гаруй гишүүдтэй болсон байна. Урьд нь өөрийн мэргэжлийн ажлаа хийж байхдаа бялуу байтугай гэртээ хоол хийх завгүй байлаа.

Та ямар мэргэжилтэй вэ? Ямартайч тогооч биш бололтой


Би урлаг судлаач, бүжгийн багш хүн. Одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Бүжиг бол байнга бэлтгэл сургуулилттай байх ёстой. Одоо багагүй хугацаанд бүжгээсээ хөндийрсөн байна. Тиймээс хүссэн хүсээгүй би арчигдаж байгаа гэсэн үг л дээ . Хэрвээ буцаж орно гэвэл маш их хүч хөдөлмөр шаардана. Би өнөөдөр хуучин багшилж байсан газраараа ороод гарсан. Шавь нар маань том болчихсон байна лээ. Бүжгийн багш явж байна гээд л... Шавь нараа санах юм. Би өөрийн мэргэжилдээ дуртай. Гэхдээ яая гэхэв.


- Хоолоо яаж хийдэг вэ? Номноос хардаг уу эсвэл өөрөө шинэ жор зохиодог юм уу?

Би хоолноос илүү бялуу, кекс их хийдэг. Ихэвчлэн нэтээс хайдаг. Мөн бялууны загварын номноос хараад санаа авна. Заримдаа өөрөө туршиж үздэг. Одоо C1 телевизтэй хамтран "Sweet ketchin" гээд нэвтрүүлэг хийж байгаа. Тэнд оролцож байгаа гэрийн эзэгтэй нараас маш олон юм суралцаж байгаа.

- Хамгийн том бялууг хийх санаа яаж төрөв? 


"UB food festival" анх санаачилсан тогооч  ах хамгийн том бялуу хийх санал тавьсан. Бид ч зөвшөөрсөн. Тэдний талаас орц, материал, кексээ бэлдсэн. Бид өөрсдийн хувийн бэлтгэлээ хангаж бялуу хийх бүх зэвсэгтэйгээ очсон. Бид өглөө 9 цагаас бараг оройн 17 цаг хүртэл хийсэн. Бялууг том том дөрвөлжингөөр нь өмнөх орой нь жигнэсэн юм. Тэрийгээ хайрцганд хийгээд сэрүүн газар хөргөсөн. Бялуугаа яг тоосго өрж байгаа юм шиг крем түрхээд, дараа нь кексээ тавиад ахиад кремдээд л ... /инээв/  Ихэнх цагаа крем тавихдаа зарцуулсан. Бялуун дээрээ мянган цэцэг байршуулсан. Учир нь бид мянган хүнд өгнө гэж тооцоолоод байсан юм. Гэтэл бараг хоёр мянган хүнд хүрсэн. Бялуугаа үнэгүй тараасан учир маш олон хүн амталсан.


Хэр их орц материал оров?


Энэ бялуунд 918 ширхэг өндөг, 30 кг элсэн чихэр гэх мэт зүйлүүд орсон. Хэр хэмжээний гурил орсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Уртаараа 3 метр, өргөн нь 1метр, дээшээ гурван давхар бялуу хийсэн. Анх удаа ийм том бялуу хийж үзсэн үнэхээр гоё байсан.


- Таныхаар сайн гэрийн эзэгтэй гэж ямар байх ёстой вэ?

Манай групп-д эхнэрүүд ингэж асуудаг юм. Хоол хийсний дараа нөхрүүд чинь аяга тавгаа угаадаг уу? Ер нь яагаад угааж болохгүй гэж? гээд л... Би үүнийг бол эсэргүүцдэг./инээв/ Эр хүн заавал гал тогоотой зууралдах ёстой биш , тэдний хийх зүйл тусдаа гэж би боддог. Тэр хүн  гэр бүлээ хэрхэн авч явах талаар бүхэл бүтэн стратеги бодож, алсыг харж яваа хүнийг угаалтуурын өмнө зогсоогоод юм угаа гэдэг буруу зүйл гэж би боддог. Гэхдээ эмэгтэй хүн хүүхэдтэй болохоороо тэртээ тэргүй бүх зүйл амжаад ирдэг. Би хүүхэд төрүүлээгүй байхдаа хийж бүтээсэн ажил тун бага байсан. Гэтэл хүүхэдтэй болсны дараа хүүхдээ асарна, гэр орноо цэвэрлэнэ, ажлаа хийнэ гээд л олон зүйлийг амжуулж чаддаг болсон. Цаанаасаа эмэгтэй хүн ээж болоод ирэхээрээ эмэгтэй хүний чанар илүү тодордог байх мөн эмэгтэй хүн завгүй байх тусмаа маш олон зүйлийг амжуулж чаддаг юм байна гэдгийг ойлгосон.

-Тэгэхээр нөхрийнхөө гараас хоол идэж үзээгүй гэсэн үг үү?

 Идэлгүй яахав. Анх намайг эргүүлэдэг байхдаа  /инээв/ хоол хийж өгөөд, гэртээ уридаг байсан. Нэг гэрт  орохоосоо өмнө нөхөр маань ихэвчлэн хоол хийдэг байлаа. Харин дараа нь өөрөө хийдэг болсон доо.

- Эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэг шүү дээ. Нөхөртөө дандаа гоё хоол хийж өгөхөөр гэртээ ирэх дуртай байдаг байхдаа?


Дандаа гоё хоол хийж өгч амждаггүй юм. Онцгой хоол хийсэн үедээ зургийг нь явуулчихдаг . Тэгэхээр гэртээ эрт ирдэг. /инээв/  Миний хийсэн ихэнх бялуу кекснууд захиалганд гарчихдаг юм. Тиймээс  гэр бүлийхэн маань идэх боломж бага. Манай нөхөр, хүү хоёр захиалганаас үлдсэн кекс идээд л... /инээв/ Хүмүүс нөхрийг минь байнга амттай сайхан хоол иддэг байх даа гэдэг. Яг үнэндээ бол иддэггүй юм. Гэхдээ огт хийж өгдөггүй гэсэн үг биш шүү.


- Сайхан сэтгэлтэй хүн амттай хоол хийдэг гэдэг. Тэгэхээр таныг их сайхан сэтгэлтэй хүн гэж ойлгож болох уу?


Манай хадам ээжийн цай маш сайхан амттай. Та яаж ийм сайхан амттай чанадаг юм гэхээр сэтгэлээ хийгээд сүлчихлээ гэдэг. Тэрэнтэй адилхан хоол хийхдээ хэрчилтээс нь эхлээд сэтгэл гарган эмх цэгцтэй хийх хэрэгтэй. Жишээ нь хүүхдээ цэцэрлэгээс авч ирчихээд "За чимээгүй бай, би хоол хийх гэж байна" загнаад л, хоол хийх нь төвөгтэй ажил мэт санагдан , ууртай дурамжхан хийвэл амтгүй болдог юм шиг. Харин сэтгэл санаагаа тайван байлгаж, сайхан зүйл бодон сэтгэл гаргавал тун сайхан амттай болдог.

40 000 гаруй эмэгтэйчүүд "Sweet kitchen"-д нэгдсэн байгаа. Нийт уншигч бүсгүйчүүдээ урмын үгээр тэтгэвэл?

Бүх эмэгтэйчүүд бүтээлч байж чадна. Эмэгтэй хүн гэдгийн мөн чанар хүүхэд төрүүлсэнээс хойш илэрдэг гэж би түрүүн хэлсэн. Хүүхэддээ бантан хийж өгнө, дахиад хийнэ, олон дахин хийнэ. Тэгээд амт нь өөрчлөгдөнө. Ер нь гэрийн эзэгтэй нартайгаа өөрсдийн гэсэн дэвтэртэй болоод хоолны цэсээ бичээд бүтээлчээр хандах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Жишээ нь би хүүгээ гэртээ харж байхдаа уйдаад байсан болохоор ээмэг зүүлт яаж хийх, хайрцаг яаж хийх гээд л би өөрөө бүтээлчээр сурсан олон зүйл сурсан. Тиймээс бүх бүсгүйчүүддээ бүтээлч байгаарай гэж хэлмээр байна. Эрэл хайгуул хийж өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал.


Өдөр болгон арааны шүлс асгарам хоол хийж группдээ тавихаар хүмүүс хэр хүлээж авдаг вэ? 

Бид бүгд хоорондоо их сайхан харилцаатай байдаг. Бүр найзууд болсон. Гэхдээ сөрөг сэтгэгдэл байдаг. Саяхан надруу нэг хүн яриад танай группээс болж бий таргаллаа гэж гомдол нэхсэн. Дандаа оройн цагаар хоол идэх дур хүсэл төрүүллээ гэсэн. Тэгэхээр нь би "Намайг уучлаарай, та "турах хүслэн" гэдэг группруу ороод дасгал хийнэ үү" гэсэн./инээв/ Ер нь эмэгтэй хүн зөв хооллох хэрэгтэй.

Тэгвэл эзэгтэй нар хоолондоо ямар хүнс хэрэглэвэл илүү эрүүл бас ашигтай байх вэ?

Улаан манжин маш сайн. Улаан манжинтай шөл ч юм уу хийж идэх хэрэгтэй. Эсвэл усанд буцалгаад жаахан элсэн чихэртэй холиод уух нь эрүүл мэндэд маш тустай. Ялангуяа өглөө өлөн элгэн дээрээ уувал бүр сайн. Улаан манжин хорт хавдар бас эмэгтэйчүүдэд маш эерэгээр нөлөөлдөг. Жишээ нь манай эмээ өдөр болгон улаан манжингийн шүүс уудаг байсан. Тэгээд ч тэр үү 92 насалсан юм. Мөн  шанцай болон нарийн ногоонуудыг бүх хоолонд хийх хэрэгтэй.  Манайхан төмс, манжин, луувангаар хязгаарлагдаад байдаг. Тиймээс өөр эрүүл мэндэд тустай ногоонуудыг хэрэглэх хэрэгтэй. Эзэгтэй нараас гэр бүлийн эрүүл мэнд шалтгаалдаг шүү дээ.


Ярилцлагын төгсгөлд уламжлал болгон зочдоосоо цаашдын төлөвлөгөөг нь асуудаг юм л даа. Та цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?


Одоо хоолны сайт нээсэн байгаа. Мөн C1 телевизээр нэвтрүүлэг хийж байгаа. Цаашдаа  нэвтрүүлэг, сайт, групп гурвыгаа хооронд нь холбоно гэж бодож байгаа. Ер нь дотроо бодсон зүйлүүд байна. Хийх юм их байна даа.

Бидэнтэй ярилцсан Б.Тэмүүлэндээ баярлалаа. Бодож төлөвсөн зүйл тань биелэх болтугай.

Та бүхний ажилд мөн амжилт хүсье. Уншигч бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд бүтээлч байгаарай гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
darkhan (103.229.122.26) 2014-11-15 10:57:43
Saitaa anx bsanaarn tsegtstei oilgomjtoi bolgood ogooch ymar sonin bolchixsiin be anx torol toroloorn songoj orood xiix durtai buteegdexuune xarj bgad songodog bsanshde yagaad iim xachin bolchbooo
jana d (103.10.23.190) 2013-09-14 14:29:07
sweetkitchenmn
naane (41.131.160.233) 2013-09-14 10:36:57
xoolnii sait neesen gej bnshdee saitiinx ni neriig medex xvmvvs bwal bichij tuslach
Jana (27.123.214.114) 2013-09-13 22:32:29
Mini huvid ene grupd negdeed mash olon zuiliig sursan Grupiig sanaachlagch Temuulende unduruus undur amjilt bolon ger buld ni sain saihniig hvsie