Дэлхийн шилдэг эмэгтэй даамчид ур чадвараа сорьж эхэллээ

“Пума Империал” зочид буудалд өнөөдөр 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхэллээ. Энэ төрөлд манай улсын 10 гаруй залуу даамчин өрсөлдөж байна. Маргааш блиц буюу таван минутын тоглолтын аваргуудаа тодруулна. Энэ сарын 4-нөөс эхлэх Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамын тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин 10 дугаар сарын 16 хүртэл оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж Дэлхийн аварга цолтноо тодруулна.

Энэ удаагийн ДАШТ-д “Дэлхийн аварга” цолыг эзэмшигч, Дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, Дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, ОУХМ Зоя Голубева, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны Дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, ОУМ Ханчин Жао нарын энэ үеийн шилдэг даамчид багтжээ.

Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.