Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх талаар мэдлэгтэй болцгооё!

Эрүүл Мэндийн Яамнаас умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан, шинж тэмдэг эмчилгээ оношилгооны талаарх мэдээллийг хүргэлээ. Бүсгүй танд хэрэгтэй мэдээлэл учраас анхаарлаа хандуулаарай.

                                                     Умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан

2009 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр манай оронд умайн хүзүүний хавдрын тархалт 10 мянган хүн тутамд долоо байдаг байна. 2009 онд нийтдээ 265 тохиодол бүртгэгдсэнээс 106 эмэгтэй умайн хүзүүний хавдрын улмаас нас баржээ.  Умайн хүзүүний хавдар нь бэлгийн замаар халдварладаг хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг. Одоогоор энэ вирусийн 100 гаруй төрлийг нээгээд байгаа бөгөөд үүнээс хүний хөхөнцөр вирусийн эрсдэлт 40 вирусийн төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг байна.


Хүний хөхөнцөр вирус /ХХВ/-ийн халдвар хавдар болоход нөлөөлөх хүчин зүйлс:

ХХВ-ийн халдвар авсан даруйдаа хавдар үүсдэггүй. Зарим хүний вирусийн халдвар нь өөрөө аяндаа алга болдог байхад заримд нь хорт хавдар үүсгэдэг. Хавдар үүсэх эрсдлийг биеийн эсэргүүцэл сул байх, зохисгүй хооллох, хөдөлгөөний хомсдолтой байх, архи уух, тамхи татах, дам тамхидалтад өртөх, хавсарсан өвчинтэй байх зэрэг нь нэмэгдүүлдэг байна. Мөн үүнээс гадна:

 - Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх

 - Бэлгийн замын халдвар авах /хламид, за, хүйтэн, бэлгийн хомхой, трихомониаз тусах/

 - Эрхтэн шилжүүлэх

 - Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авах

Умайн хүзүүний хавдраар ХЭН өвдөх эрсдэлтэй вэ?


Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд энэ төрлийн вирусийн халдвар авах магадлалтай. Өндөр эрсдлийн бүлэгт дараах эмэгтэйчүүдийг хамруулна.

 - Эрт бэлгийн харьцаанд орсон

 - Хэт залуу насанд хүүхэд төрүүлсэн

 - 5-аас олон хүүхэд төрүүлсэн

 - Бэлгийн олон хавьтагчтай байх, эсвэл бэлгийн олон хавьтагч бүхий хүнтэй бэлгийн харьцаатай байх

 - Тамхи татдаг

 - Эрт илрүүлгийн үзлэгт огт хамрагдаж байгаагүй эмэгтэйчүүд

ХХВ-ээс өөрийгөө хамгаалах боломжтой

 - Гэрлэхээсээ өмнө эрт бэлгийн харьцаанд орохоос зайлхийх

 - Гэрлэсэн хойноо гэр бүлдээ үнэнч байх, өөрөө хэлбэл зөвхөн өөртэй чинь бэлгийн харьцаанд ордог нэг л хүнтэй байх

 - Бэлгэвч хэрэглэх. Энэ нь бэлгийн замын халдваруудаас сэргийлэх хамгийн сайн арга. Гэхдээ ХХВ-ээс гүйцэт хамгаалж чадахгүй. Учир нь бэлгэвчгүй хэсгээрээ арьснаас арьсанд халдвар тархах магадлалтай.



Умайн хүзүүний эсийн шилжилгээ, хавдар илрүүлэх бусад шинжилгээнд хамрагдаж байгаагүй эмэгтэйчүүдэд хавдар хожуу оношилогдох эрсдэл байдаг учраас 30 наснаас эхлэн гурван жил тутам тогтмол умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал юм.

Умайн хүзүүний хавдрын илрэх шинж тэмдгүүд

Хавдрын урьдал болонг эрт үеүдэд ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Иймд зөвхөн эсийн шинжилгээ л танд тусална. Хорт хавдар үүсч даамжран, нэвчин ургаж, ойролцоох эрхтнүүддээ тархах үед л анхны шинж тэмдгүүд нь илэрдэг. Энэ үед илрэх шинж тэмдэг нь:

 - Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах

 - Үтрээнээс сарын тэмдгийн бус, мөчлөггүй цус гарах

 - Цэвэршсэн эмэгтэйн үтрээнээс цус гарах

 - Бэлгийн харьцаанд ороход цус гарах эсвэл өвдөх

Эдгээрийг дагаж дараах нэмэлт шинж тэмдэг илэрч болно.

 - Үтрээнээс цус алдсаны улмаас цус багадалт үүсэх

 - Ууц нуруу, хөл, хэвлийн доод хэсгээр байнга өвдөх

 - Давсаг, Бөөр, шээлүүр хавдрын ургалтад дарагдвал шээхэд саадтай болох, өвдөх - Давсаг эсвэл шулуун гэдэснээс цус гарах

 - Турах

Хэрэв эдгээр шинж тэмдгийн нэг нь илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. 

Умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх аргууд

Хорт хавдар болохоос өмнөх үе шатыг урьдал үе шат гэнэ. Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний хорт хавдрын урьдал үеийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө сэргийлж байна гэсэн үг. Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг. Энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг.

Хэн эсийн шинжилгээ өгч болх вэ?

Бэлгийн харьцаанд орсон 30,33,36,39,42,45,48,51,54,57,60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд эсийн шинжилгээ өгөх шаардлагатай.

Эсийн шинжилгээ өгөхийн өмнөх бэлтгэл:

Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.

 - Сарын тэмдэг ирээгүй үедээ шинжилгээ өгөх

 - Шинжилгээ өгөхөөс өмнөх хоёр хоногт үтрээний угаалга хийгээгүй байх

 - Хоёр хоногийн өмнөөс бэлгийн харьцаанд орохгүй байх

 - Үтрээний тампон хоёр хоногийн өмнөөс хэрэглээгүй байх

 - Үтрээний лаа, үтрээний тос, эм зэргийг хоёр хоногийн өмнөөс хэрэглээгүй байх

Эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал яах вэ?

 - Хамгийн түрүүнд эмчийн заасан хугацаанд ирж, шинжилгээнийхээ хариуг авах нь чухал

 - Хэрэв шинжилгээнд эсийн өөрчлөлт илэрсэн бол битгий сандраарай

 - Онош тодруулах шинжилгээ, шаардлагатай эмчилгээ хийлгэхээр таныг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх болно

 - Та дараагийн шатны эмнэлэг рүү явахдаа эсийн шинжилгээний хариуг тэмдэглэсэн үйлчлүүлэгчийн карт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч явахаа мартуузай.

 Аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдэх шинжилгээнүүд:

Үндсэн хоёр шинжилгээг хийж, онош тодруулна.

 1. Умайн хүзүүний дуран буюу кольпоскоп

 2. Эдийн шинжилгээ

Умайн хүзүүний дуран буюу кольпоскоп

Энэ шинжилгээ нь аюулгүй, зовиургүй шинжилгээний арга бөгөөд энэ шинжилгээг хийхэд дунджаар 10 минут зарцуулдаг. Умайн хүзүүг кольпоскоп хэмээн нэрлэгддэг дурангаар 15-40 дахин томруулж хардаг. Ингэж томруулснаар умайн хүзүүнд үүсч буй өөрчлөлтийн байрлал, хэмжээ, тархалт, судасжилтыг тодруулан харж, эдийн шинжилгээ авах газрыг тодорхойлно. Уг шинжилгээг хийхэд эсийн шинжилгээний нэгэн адил өвдөлтгүй байдаг. Цууны хүчлийн сулруулсан уусмалыг умайн хүзүүнд түрхсний улмаас бага зэрэг халуу оргих мэдрэмж төрж болох юм.

Умайн хүзүүний эдийн шинжилгээ

Умайн хүзүүний эдийн шинжилгээнд өөрчлөлт илэрсэн эмэгтэйд умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийсний үндсэн дээр эдийн шинжилгээг авдаг. Эдийн шинжилгээг онош тогтоох, оношийг баталгаажуулах, цаашдын эмчилгээний аргыг сонгох зорилгоор хийдэг. Умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгээс өчүүхэн эдийг тусгай баагжаар авч, лабораторид илгээн шинжилнэ. Эдийн шинжилгээний дүгнэлт дээр үндэслэн цаашдын эмчилгээг шийдвэрлэнэ. Энэ шинжилгээг умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийх явцад авах бөгөөд өвдөлтгүй өвчтөнд аюудгүй байдаг. Мөн шаардлагатай гэж үзвэл нэмэлтээр умайн хүзүүний сувгаас хусам авдаг. Энэ нь өвдөлт багатай шинжилгээний арга юм. Эдгээр шинжилгээний дараа бага зэрэг цус гарч болох бөгөөд эмч тусгай уусмал түрхэх, эсвэл үтрээнд самбай чихэх зэрэг арга хэмжээ авна. Их хэмжээний цус гарах нь үтрээний халдвартай эсвэл хавдрын хожуу үе шатанд гарч болдог. Цус их хэмжээгээр гарах үед эмчид дахин хандаарай. Шаардлагатай гэж үзвэл эмч таниас бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ авах, нянгийн эсрэг бэлдмэл уух талаар зөвлөх болно. Мөн бэлгийн харьцаанд 3-4 хоног орохгүй байх нь зүйтэй. Та шинжилгээний хариугаа хэзээ авах тухай асуугаарай.

Умайн хүзүүний хавдрын үе шат, эмчилгээ

Умайн хүзүүний хорт хавдар нь 0-4 хүртэлх үе шаттай. Шат бүхэнд нь тохирсон эмчилгээ хийдэг. Умайн хүзүүний хорт хавдарт мэс заслын эмчилгээ, туяа эмчилгээ, химийн эмчилгээ хийнэ. Мөн эдгээр эмчилгээ хийгдэх боломжгүй үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 0 үе шат – Хавдар зөвхөн умайн хүзүүний хучуур эдийн өнгөц давхаргад ургасан байна. Байран өмөн ч гэж нэрлэдэг. Эмчилгээний үр дүн сайта. Мэс заслын эмчилгээ хийнэ. Хүүхэд төрүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал хийхэд үр дүнтэй.

 1 үе шат – Хавдрын ургалт нь умайн хүзүүг нэлэнхүйд нь эзэлсэн байна. Хавдрын ургалтыг хэмжиж 1а, 1б гэж ангилах бөгөөд энэ хэмжээнээс хамааран эмчилгээг сонгоно. Мэс засал, туяа, химийн эмчилгээ хийнэ. Мэс заслын эмчилгээний хүрээг хавдрын ургалтын хэмжээнээс хамаарч шийднэ. 1а үед хүүхэд төрүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал хийхэд үр дүнтэй. Умайг бүхлээр нь авах, эсвэл өргөтгөсөн төгс мэс засал хийж болно. 1б үед нэмэлтээр туяа болон хими эмчилгээ хийнэ.

 2 үе шат – Хавдрын ургалт үтрээний дээд хэсэг, умайн хүзүүний орчмын эдүүдэд тархсан байдаг. Хавдрын тархалтаас шалтгаалан 2а, 2б гэж ангилах бөгөөд мэс засал, туяа эмчилгээ, эсвэл туяа эмчилгээг хими эмчилгээтэй хамт хийнэ.

 3 үе шат – Хавдрын ургалт үтрээний дээд хэсэг, бага аарцгийн хана, шээлүүр болон ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан байна. Туяа эмчилгээг хими эмчилгээтэй хавсруулан хийнэ.

4 үе шат – Хавдар нь давсаг, шулуун гэдэс болон алсын эрхтнүүдэд үсэрхийлсэн байна. Зовиур намжаах зорилгоор туяа эмчилгээ, бусад шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ben (103.26.194.184) 2015-02-24 19:57:38
Сайн байна уу Төлбөрийн хувьд гайгүй өвчтөнтэйгөө чин сэтгэлээсээ харилцаж чаддаг сайн эмэгтэйчүүдийн эмнэлэг хэлж өгөөчМаш их хэрэг болоод байнааХэрэгтэй мэдээлэл оруулсанд танай хамт олонд баяарлалаа
сараа (112.72.13.253) 2014-07-05 14:28:57
Сайн байна уу өдрийн мэнд хамгийн сайн эмэгтэйчүүдийн эмнэлэг хаана байдаг вэ