Монголын ой тогтоолтын баг Ой тогтоолтын ДАШТ-нд багаараа гуравдугаар байрт оржээ

22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд Их Британи улсын нийслэл Лондон хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 33 орны шилдэг 112 оюуны спортын тамирчид ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчид (ерөнхий) гэсэн ангилалд аваргуудаа тодрууллаа.



Энэ тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнийг товч танилцуулбал,

1. Х.Хатанбаатар (Дасгалжуулагч);
2. Их мастер С.Цогбадрах (21 нас) – Оюуны Олимпын 1 төрөлд дээд амжилт эзэмшигч ;
3. Ө.Сэнгэсамдан (21 нас) – Ой тогтоолтын ОУ-н аварга;
4. Б.Намуунтуул (17 нас) – 1 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
5. Ц.Бат-Эрдэнэ (15 нас) – 4 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
6. З.Цэцэгзул (13 нас) – 1 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
7. Г.Тэмүүлэн (12 нас) – 3 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд Монголын баг тамирчид бага, дунд, насанд хүрэгчид (ерөнхий) ангилалд авах ёстой нийт 90 медалийн 23-г хүртэж багаараа Герман болон Швед улсын дараагаар 3-р байрт орлоо. Мөн бага, дунд насанд өрсөлдсөн манай тамирчид дэлхийн нийт 4 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор өнөөг хүртэл нийт 13 дэлхийн рекордыг эвдээд байна. Түүнчлэн Ө.Сэнгэсамдан, Б.Намуунтуул нар Ой тогтоолтын Их Мастерийн, Ц.Бат-Эрдэнэ ОУ-н Мастерийн болзлыг тус тус хангалаа. Мөн нийлбэр оноогоор тэмцээний шилдэг 10-т Монголын хоёр тамирчин багтаж тэмцээнийг амжилттайгаар дуусгав. Миний хувьд шүүгчийн шалгалтаа амжилттай өгч нийт 20 шүүгчээс хоёрт орсноор олон улсад шүүх эрхтэй болсон сайхан үйл явдал боллоо.

Насанд хүрэгч (Ерөнхий) ангилал
1. Их Мастер С.Цогбадрах - 1 алт, 1 мөнгөн медаль;
2. Их Мастер Ө.Сэнгэсамдан - 1 хүрэл медаль;

Дунд насны ангилал
1. Их Мастер Б.Намуунтуул – 4 алт, 4 мөнгөн медаль ;
Дэлхийн 3 дээд амжилт тогтоосноос гадна нийлбэр оноогоор дунд насанд Дэлхийн Аварга боллоо.
2. ОУ-н Мастер Ц.Бат-Эрдэнэ – 5 мөнгө, 1 хүрэл медаль;
Нийлбэр дүнгээр дунд насны ангилалд дэд аварга боллоо.
3. Б.Цэцэгзул – 1 мөнгөн медаль;
ОУ-н мастер болох 3 болзлын 2-г биелүүлж нийлбэр дүнгээр дунд насны ангилалд 8-р байрт орлоо.

Бага насны ангилал
1. Г.Тэмүүлэн – 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль;
ОУ-н мастер болох 3 болзлын 2-г биелүүлж Дэлхийн 1 дээд амжилт тогтоосноос гадна нийлбэр оноогоор бага насны ангилалд 3-р байрт орлоо.

Энэ удаагийн тэмцээний гол үйл явдал бол насанд хүрэгч (ерөнхий) ангилалд нийлбэр оноогоор Швед улсын тамирчин Их Мастер Jonas von Essen 2013 оны Ой тогтоолтын Дэлхийн Аварга боллоо. Тэмцээний хаалтан дээр 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аваргын тэмцээн болох газрын тов тодорхой болж БНХАУ-н Хаянан мужид ирэх оны 12 сарын 7-нд болохоор зарлагдлаа.

Энэ том тэмцээнд өндөр амжилт гаргаж зорилгодоо хүрэхийн тулд хичээл, ном, ажлаа хойш тавин нэг сарын турш өдөр шөнөгүй бэлдэж чин сэтгэлээсээ өөрсдөдөө бүрэн итгэж чадсан тамирчдаараа бахархаж байна.

Энэ жил манай тамирчид олон улсын тэмцээнүүдээс нийт 74 медаль хүртэж 2014 онтой золгох гэж байна.

Төгсгөлд нь өндөр амжилт гаргахад бид бүхнийг чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан академийн хамт олондоо, тамирчдынхаа ар гэрийнхэнд, оюунлаг үйлсийг дэмжигч байгууллагууд болох тамирчин З.Цэцэгзулын зардлыг ивээн тэтгэсэн Төрийн Банкны хамт олонд, Их мастер С.Цогбадрахын зардлыг ивээн тэтгэсэн АПУ ХХК-ны хамт олонд, тамирчин Г.Тэмүүлэн болон Ө.Сэнгэсамдангийн зардлын тодорхой хувийг гаргаж дэмжсэн УБТЗ мөн ЭМШУИС-н хамт олонд талархсанаа илэрхийлье!

Англид байх хугацаанд биднийг дэмжиж байсан МУ-н ЭСЯ, Британийн Монголчуудын Холбоо, Британийн Монгол Оюутны холбоо, Британийн Монголчууддаа баярлаж байна. Онцгойлон Британийн Монголчуудын Холбооны тэргүүн Цэрэнбат ахад, тамирчдын маань өндөр ээжүүд болж байрлах байр, хоол унд, үзвэр үйлчилгээ гээд бүх зүйлээр тусалж дэмжиж байсан Түвшин, Ганаа эгч болон түүний хүү Даймкад, Авъяаслаг Британичууд шоуны 3-р үед шалгарсан Бат-Эрдэнэд, Төгөлдөр, Ганзо найз нартаа тамирчдынхаа өмнөөс баярлалаа. Тэмцээнд оролцоход талдаа 2 цаг гаран автобус, галт тэрэг холин явдаг байсныг анхааран тэмцээний сүүлийн өглөө эрт такси захиалж өгч чин сэтгэлийн сайхан тусламж үзүүлсэн Эрдэнэчимэг эгч болон Дагийням нарт талархаж байна.

Бид бүхнийг сэтгэлээрээ, нэгэн зүрхээр дэмжиж байсан элэг нэгт Монголчуудын маань үйлс нь цагаан байх болтугай!

Х.Хатанбаатар
 
                                                                 Монголын Оюун Ухааны Академи
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(27.123.213.60) 2013-12-07 18:07:37
bayr hurgey baharhaj bn ta naraaraar