”МОНГОЛ HD” ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭЛЛЭЭС ҮҮДСЭН ЭРГЭЦҮҮЛЭЛ
Монголын нөлөөтэй гэгдэх телевиз, сонин, мэдээллийн сайтууд мэдээллээ нягталдаггүй, мэргэжлийн сэтгүүлзүйг бизнесийн зар сурталчилгаатай холилдуулж, бохирдуулж байна гэсэн агууллагатай мэдээллийг “Монгол HD” телевизээс цацаж байгаа нь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж, салбарынхныхаа дургүйцлийг төрүүлээд байгаа. “Монгол HD” тв-ийнхэн энэ үйл явцыг зориудаар зохион байгуулсан шалтгааныг тус телевизийн хөрөнгө оруулагч буюу “Гацуурт”-ын Л.Чинбатын эзэмшдэг “Тэрэлж сүйх” таван одтой зочид буудлын усан санд амиа алдсан 5 настай хүүгийн үхлийн талаар мэдээллийг бусад мэдээллийн хэрэгслүүд “үгэнд нь оролгүйгээр” цацсаны төлөөх хариу хэмээн хэвлэлийнхэн тайлбарлаж байгаа юм.

Би хувьдаа шалтгаан нь юу байхаас үл хамаарч хөндсөн сэдвийг нь дэмжиж байна. Мэргэжлийн сэтгүүлзүйн цөм болсон мэдээллийн хөтөлбөрийг зар сурталчилгааны цагтай хамтатган цацсаар байгаа нь манай телевизүүдийн том алдаа гэж би үздэг. Энэ тухай удаа дараалан хэлсээр, бичсээр ирсэн. Сэтгүүлзүй хөгжсөн улс орнуудад иймэрхүү түүхийг туулж байсан түүх байх ч алдаагаа засч, залруулж, энэ хоёрыг зааглах болсон бэлээхэн туршлага хангалттай байдаг. Гадны мэргэжилтнүүд манайд ирж, энэ талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг ч үргэлжид завгүй сэтгүүлчид маань тэр бүр хамрагдаж чаддаггүй, дээр нь ядуу редакцидаа бага ч болов хөрөнгө оруулах гэсэн чармайлт нь энэ талаар бодох, сонсох хүслийг нь мохоодог л байх. Хамгийн гол нь редакцийн л бодлого, зарчмын асуудал шүү дээ.
Шуугиан тариад байгаа асуудлыг гаргаж тавихдаа буруу арга хэрэглэсэн гэсэн зэмийг “Монгол HD” тв салбарынхнаасаа хүртэж байгаа. Энэ тухайд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “хэргийн эзэн”-ий эфирт зочлохдоо “Эх сурвалжаас мэдээлэл олж авахдаа шударга бус арга хэрэглэхийг цөөн тохиолдолд зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл иймэрхүү байдлаар олж авсан мэдээлэл нь олон нийтэд учруулж болох асар их хор хохирол, хөнөөлийг багасгахад чиглэсэн бол зөвшөөрөгдөнө” гэж хэлж байв. Тэгвэл энэ үйл явц ямар нэг хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх үр дүн авчирсан уу гэдгийг эргэцүүлье л дээ. Мэдээж, Макдоналдсын сүлжээ монголд нээгдэх тухай мэдээлэл нь өөрөө зохиомол байсан. Тэгэхээр мэдээний агуулгад биш түүнээс үүдсэн маргааныг авч үзье.
Манай
хэвлэлийнхэн мөнгө л төлвөл мэдээллийн эх сурвалж үнэн баттай эсэхийг
нягтлалгүйгээр цацдаг гэдгийг илчлэх хэнд ашигтай вэ? Нэгдүгээрт, үзэгч,
уншигчдад ашигтай. Тэд аливаа мэдээлэлд илүү хянуур ханддаг болох
талтай. Мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй мэдээллүүд нь үзэгч,
сонсогч, уншигчдад 100 хувь итгэл үнэмшил төрүүлэхээ больсон ч бас шууд
хүлээн авч, итгэгсэд цөөнгүй байгаа. Хэрэв дээрх субьектууд 100 хувь
итгэж, хүлээж авдаг бол олон зүйлд тархиа угаалгаж, хууртагдах байсан
биз. Үүний “сонгодог” жишээгээр өнөөх л Хадгаламж зээлийн хоршоодын
хохирогчдын асуудлыг сөхмөөр байна. Тухайн үед бүхий л хэвлэлийнхэн,
ялангуяа тв сувгууд орой бүр ХЗХ-дыг магтан дуулсаар олон мянган “гэнэн”
иргэд зүдэрч олсон хэдэн төгрөгөө аваачиж тушаахад хүргэсэн. Хэрэв
манайд зар сурталчилгааны агуулга бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг
шалгадаг тогтолцоо байсан бол тв-үүд бизнес мэдээгээ тусдаа цагаар,
дагнасан хөтлөгчөөр хөтлүүлдэг байсан бол хэрэглэгчид тэгтлээ тархиа
угаалгахгүй байсан биз. Хоёрдугаарт, хэдий эрсдэл дагуулж байгаа ч гэлээ
хэвлэл мэдээллийн салбарт ашигтай байж болох. Тэд энэ үйл явдалд арай
уужуу ухаанаар хандаж, өөрсдөдөө дүгнэлт хийн, цаашид бодит байдалд
нийцсэн, тэнцвэртэй мэдээллийг өгөөд явбал нэр хүнд, үнэлэмж нь мөн
хэрэглэгчийн тоо өснө. Ингэснээр ашиг орлого нь ч бас нэмэгдэнэ гэсэн
үг.Тэгвэл зар сурталчилгааны агуулга бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ? Мэдээж, сэтгүүлчид бол бараа, үйлчилгээний чанар шалгагч биш болохоор энэ тэдний хийх ажил биш. Урд хөршид лав олон шат дамжлага, шүүлтүүрийг даван байж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулах эрх олж авдаг юм билээ. Манайд ингэнэ гэвэл өнөөх айхтар “хадны мангаа” болох хүнд суртлаас халширч, авилгын хэрэг нэмэгдэх биз. Тэгвэл ямар гарц байж болох вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлуулж байгаа компаниудаас ядаж л гарал үүслийн бичиг, эрүүх ахуйн шаардлагад нийцсэн эсэх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг шаардаад авчихж байх хэрэгтэй. Тэгээд дээр хэлсэнчлэн, үндсэн мэдээллийн хөтөлбөрөөсөө зааглаж, бизнес мэдээгээр дагнасан хөтлөгчтэй болох хэрэгтэй. Үзэгчид, ядаж л хөтлөгчөөр нь зар сурталчилгаа, захиалгат мэдээлэл гэдгийг нь мэдэж байг дээ. Энэ бол эхний алхам.
Дараагийн алхам, хэрэглэгчид бид олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн, нүсэр өртөгтэй тв хөтөлбөр үзсэнийхээ төлөө мөнгө төлдөг болох хэрэгтэй. Энэ нь шударга шүү дээ. Аль сувгийг хэдэн хүн үзсэнийг орчин үеийн технологи ядах юмгүй тооцоод гаргаад өгнө. Нэгэнт үзэгчдээсээ төлбөр авдаг болчихвол энэ салбарт бизнес эрхлэгчид санхүүгийн хувьд чадавхижиж, хэн нэгнээс хараат бусаар оршин тогтноход дөхөм болно. Муу хөтөлбөртэй сувгуудыг хүн бага үзнэ, энэ хэрээр тэдэнд бага мөнгө төлөгдөнө. Тэгэхээр зах зээлээс шахагдахгүйн тулд хаа хаанаа хичээж, чанартай, сайн бүтээлээр өрсөлдөнө. Энэ нь бас л иргэдэд ашигтай.
Эцэст нь сэтгүүлч нөхдөдөө хандаж хэлэхэд, бусдын гэмийг олж харахдаа нүдтэй байдгийн нэгэн адил салбарынхаа өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхдээ уужуу ухаанаар хандацгаая. Бас өөрсдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зоригтой дуугарч, нэгдэцгээгээрэй. Хамгийн их оюуны ачаалалтай хэрнээ үнэлэмж багатай ажилладаг шүү дээ, та нар минь.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







