Загварын тайзнаас титэмгүй буусан “топууд”-ын тухай
Загвар өмсөгч, мисс бүсгүйчүүд тив, дэлхийд алдраа дуурсгасан тамирчдаас ч дутахааргүй олон шагнал, урамшууллын эзэд болсоор байна. Гэтэл өнөө цагийн алдаа, оноо хамгаас тод харагдаж, өнгөрсөн үе хоног улирах тусам бүдгэрсээр байдаг. Энэ л жамаар Монголын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд олон жил амжилттай ажилласан ч эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө зүүх чимэг, цол гуншингүй явсаар тайзнаас буусан бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг билээ.
Цагтаа Монголын хамгийн анхны “Шилдгийн шилдэг загвар өмсөгч” хэмээх
өргөмжлөлийг хүртэж явсан, ахмад үеийн загвар өмсөгч Д.Ариунааг
өнөөгийн залуус бараг танихгүй байх. Гэвч загвар өмсөгчийн сонгодог
харьцаа хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн 90х60х90 биед нь нүдээ
унагаж явсан үеийнх нь залуус мартаагүй байгаа биз ээ.
Өвөрмөц төрх, өндөр нуруу, хувирах чадвар гээд загвар өмсөгч хүнд байх
ёстой бүхнийг өөртөө агуулсан тэрбээр мэдлэг боловсролын хувьд ч
загварынхан дундаа “толгой цохидог”. Гэвч “Монхангай” группийн захирал
С.Сэргэлэнтэй хувь заяагаа холбосноор загвар өмсөгчийн ажлаа орхисон.
Загварын ертөнцийг ид шуугиулж явахдаа ч эгэл даруу байж, туйлын
нууцлаг байсан тэрбээр одоо ч олны нүднээс хол, нам гүмхэн амьдарч
байна. Д.Ариунаа одоо нөхрийнхөө ажилд туслан, “Миний дэлгүүр” сүлжээг
нь хариуцан ажиллуулж, бизнесийн ертөнцөд “цахиур хагалж” яваа.
Нэрээ хүртэл брэнд болгосон О.Байгаль

“Монгол туургатны мисс” тэмцээнээс шагнал гардаж, загварын ертөнцийн
хаалгыг тогшилгүй орж ирэх зөвшөөрөл авсан О.Байгалийг топ модель хэмээн
эндүүрдэг хүн цөөнгүй. Даанч түүнд 1998 онд хүртсэн “Шилдэг загвар
өмсөгч”, 2001 оны “Монголын сайхан бүсгүй” хэмээх өргөмжлөлөөс өөр
шагнал байдаггүй нь хачирхалтай.
Загварын ертөнцөд ийнхүү хос морьтой давхиж явсан О.Байгаль УИХ-ын
гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий болсноор моделийн карьерээ хүссэн,
хүсээгүй орхиход хүрсэн юм. Гэвч тэрбээр залуу насаа зүгээр
өнгөрөөгөөгүй.
Монголын анхны алжаал тайлах гоо сайхны цогц төвийг өөрийн нэрээр овоглон байгуулж, эцэг, эхийн өгсөн нэрийг брэнд болгон, бизнесийн ертөнцөд “дуугаа хадааж” эхэлсэн. Хааяахан топ модель Э.Одгэрэлтэй хөтлөлцөн, сонгодог урлаг, хошин шогийн тоглолт үзэхээс өөрөөр олны өмнө бараг гарахаа больсон “титэмгүй топ” мөн л нам гүм амьдралыг сонгожээ.
Дуулианы эзэн
Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, гоолиг биеийнхээ үнэ цэнийг ид
мэдэрч эхэлсэн 1990-ээд онд О.Оюунтуяа хэмээх бүсгүй олны дундаас царай
зүс, нуруу чацаараа цойлон гарч ирж байсан билээ.
Монголын анхны мистер Баянхүүтэй гэр бүл болсноор түүний хувийн
амьдрал загварын карьераас нь ч дутахааргүй олны анхаарлын төвд байх
болсон. О.Оюунтуяа “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн
ирэхээр” Герман улсыг зорьсноор загвар өмсөгч бүсгүйн талаарх дуулиан
хэсэгтээ л намжсан юм.
Гэтэл сайхан бүсгүйг хэл ам, сайн хүнийг гай тойрдоггүй гэгчээр түүнийг
загвар өмсөгч охидыг харийнханд худалдсан, хөгшин герман эртэй
гэрлэсэн гэх мэт яриа олны чихийг дэлдийлгэж эхэлсэн. Тэр цагаас хойш
О.Оюунтуяа герман нөхрийнхөө нутагт ёстой л эгэл даруухан амьдарч
байгаа.
Дэлхийн тайзыг эзэгнэсэн модель

“Урт хөлтэй мисс” шалгаруулах тэмцээний 2000 оны тэргүүн байрын
шагналт, загвар өмсөгч С.Хишигбаяр хэмээх бүсгүйг монголчууд төдийлөн
сайн танихгүй. Учир нь тэрбээр бусдын адил олны чихийг дэлдийлгэж,
нүдийг бүлтийлгэсэн дуулиан дэгдээж байсангүй.
С.Хишигбаяр АНУ-д суралцахын зэрэгцээ “New York model management” буюу
дэлхийн загварын топ 10 агентлагийн тавд жагсдаг агентлагт гэрээгээр
загвар өмсөж байсан нь түүний хэн болохыг төвөггүй тодорхойлно.
Тэрбээр улмаар Токиод загвар өмсөж, олон ч брэндийн нүүр царай болж,
дэлхийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч болтлоо өсөн
дэвжсэн. С.Хишигбаяр Америкт бизнесийн удирдлагаар төгсөж, эх орондоо
ирээд хэсэг хугацаанд бизнес эрхлэхийн зэрэгцээ хуулийн чиглэлээр
сурсан. Тэрбээр ТЕГ-ын дарга асан генерал Сандагийн хүүтэй гэрлэснээр
шилдэг загвар өмсөгчөөс гэрийн сайн эзэгтэйн дүрд шилжсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
me
(182.160.37.203)
2013-12-16 21:03:17
Oyuntuya-gn zurag bish bn shde yumaa hyanaj bai l da
0
0
0
Хариулах





