Бэлэг өгөх ёсон
Эмэгтэйчүүддээ зориулан бэлэг өгөх хийгээд авах ёсын талаарх мэдээллийг хүргэе!
Зочлох, хүндлэх, бэлэг сэлт барих заншлаар Монголчууд эртнээсээ алдартай. Монголын ёс заншлын уламжлалд эрхэм бэлэг нь есөн цагаан (8 цагаан морь, 1 цагаан тэмээ) болон торго, алт, мөнгөн эдлэл, ном бичгийн хэрэгсэл зэрэг багтдаг байжээ. Үүнийг тодруулан үзвэл бод, бог мал, торго дурдан, хувцас хунар, алт мөнгө хийгээд хавтага, аяга, алчуур, хадаг (хожуу үеэс бэлэглэдэг болсон), цай болон цагаан идээ, чихэр, боов, мөнгийг бэлгэнд барих нь элбэг байжээ.Хонины шүүс (бүтэн мах), архи дарстай ирэхийг их бэлэгтэйд үздэг.
Одоо ч хэвээр байгаа.Аав, ээж, ах дүү, үр хүүхэд, анд нөхөддөө сайхан учралын бэлэгдэл болгон бэлэг сэлт барих ёс бий. Он удаанаар уулзаагүй хүмүүс золгохоор юмуу их баяр ёслолын цагаар бие биедээ зочлохдоо гарын бэлэгтэй ирдэг. Энэ бэлэг нь бэлэг өгөх хүн, тэмдэглэж байгаа ёслолын онцлогоос шалтгаалж янз бүр байна.Монголчуудын бэлэг бэлтгэх, барих ёс нь гойд сонин уламжлалтай, гүн утга учрыг агуулдаг. Хэнд зориулж бэлэг бэлдэж байгаагаас нь хамааруулж дараах бүлэгт хувааж болно.

· Ах дүүстээ өгөх бэлэг
· Ахмад хүмүүст өгөх бэлэг
· Алс холын зочин, гийчинд өгөх бэлэг
Бэлгээ бэлдэхдээ дараах зүйлийг анхааран бодолцдог.
- Ёс заншил, бэлэг дэмбэрлээ бодох
- Бэлэг авах хүн юуг сонирхдог
- Түүнд тухайн үед юу хэрэгтэй байгаа.Эдгээрийг бодолцсоны үндсэн дээр ихэвчлэн бэлэг сэлтээ барьдаг байжээ.
1. Бага насны хүүхдэд: Тоглоом, халуун хошуутай мал.
2. Аав нь хүүдээ, ах нь дүүдээ: Сайн хүлэг морь, багаж зэвсэг.
3. Анд нөхөд бие биедээ: Нум сум, агт морь, хэрэглэж байсан эд юмсаа бэлэглэх буюу солилцох.
4. Сүүлийн хэдэн зууны турш үнэт торго бус бөс бараан дээр хадаг тавьж бэлэг барьдаг ёс бий болжээ. Тэгээд ч Монголчууд “Эдийн дээд хадаг, Идээний дээд архи” гэдэг билээ.
Монголчуудын нэг хүндэтгэлтэй бэлэг нь хадаг юм. Хүнд хадаг өгөхөд учиртай ханддаг. Ногоон хадагаа багшдаа, шар хадагаа лам багшдаа, улаан хадагаа эцэг эхдээ өргөх ба цэнхэр хадагаар амар мэндээ мэдэлцдэг байжээ. Монголчуудын хамгийн их бэлэг солилцдог баяр нь сар шинийн баяр юм. Дээр үед торго, даалимба, еэвэн, хэвийн боов, бал бурам зэргийг бэлэглэдэг байжээ. Цагаан идээгээр бэлэг барина.Цагаан өнгийн дөрвөлжин торгыг их бэлэглэдэг байжээ. Үүнийг алчуур гэдэг.
Бэлгийн алчуур ч гэж нэрлэдэг.Хүүхдэд насных нь эрэмбээр янз бүрийн тоглоом бэлэглэдэг .Өгөх бэлэгний өнгө, тоог анхаардаг. Сондгой тоог эрхэмлэдэг. Учир нь юм жаргалаар эхэлж, жаргалаар дуусдаг гэж үздэгтэй холбоото. Гэхдээ нэг тоотой юмыг хүнд өгдөггүй, заавал хоёр болгож өгдөг. Энэ нь монголчуудын хувьд бэлэгдлийн ёсонтой шууд холбоотой.Монголчууд бяцхан хүүхдүүд, төрөл садандаа мал зүслэн зааж өгдөг. Адуу, хонь, үхэр гурвыг халуун хошуутай хэмээн эрхэмлэдэг. Харин тэмээ, ямаа хоёрыг хүйтэн хошуутай хэмээн хүнд зүсэлдэггүй.Мал зүсэлж хүүхдэд өгөх нь тэднийг малд хайртай болгох, хүмүүжлийн ач холбогдолтой.Монголын охид, бүсгүйчүүд хайртай хүндээ ур ухаанаа шингээн оёсон аяганы уут, хөөрөгний даалинг бэлэглэсээр иржээ. Энэ нь нэг ёсны хайр сэтгэлийн бэлэгдэл юм.
Сүүлийн үед энэ ёс мартагдаж байгаа нь харамсалтай.Монгол хүмүүс анд бололцохдоо бүс, морио солилцдог. Монголчууд дөнгөж амаржсан нялх биетэй эх дээр очихдоо гар хоосон очдоггүй. Эхэд нь цагаан идээ, амттан, хүүхдэд нь баривч, хувцас бэлэглэдэг. Нялх хүүхдийн цахиур (шүд) цухуйхад анх харсан хүн нь хундан цагаан хонь өгдөг ёстой байжээ.Түрүүлсэн бөхийг морь, даагаар байлдаг (шагнадаг). Иймээс ч “Ногтоо ганзаглаж ирнэ” гэсэн үг гарсан болов уу.
Энэ нь бөх хүн бөхийн барилдаанд түрүүлнэ гэсэн өөртөө итгэлтэйгээр ирж байгаа хэрэг юм.Хуримлаад долоо хоносны дараа зарим нутагт бэр төрхөмдөө айлчлан очдог ба үүнийг айлчин гэдэг. Айлчин явахдаа цагаан идээ, мах, бал бурам зэрэг бэлэг сэлтийгавч очдог заншилтай.Эцэг эх нь охиндоо сүүтэй үнээний удамтай тугал, бяруу, хүүдээ унага даага нэрлэж зүслээд өгнө. Тэрчлэн бас нэгэн эрхэм ёсон гэвэл Монголын баатар эрс илд бамбай, өмсгөл бүсээ дурсгалын журмаар солилцох, дархан хүн багажаа, бөх хүн зодог шуудгаа, эрдэмтэн бичгийн хүмүүс ном, судраа өөрийн шавьдаа буюу өөрийгөө залгамжлах найдвартай гэж бодсон аль нэг залуу хүнд бэлэглэж өгнө. Энэ нь тэр хүнд асар их итгэл хүлээлгэж, урам зориг хайрлаж буй иргэний хүмүүжлийн нандин уламжлал юм. Тийм ч учраас Монгол бөхчүүд “Зодог тайлах”, баатар, сайн эрчүүд “Саадаг шилжүүлэх” ёслол гэсэн тусгай зан үйл байжээ. Монголчууд мал, эд юмс, хувцас зэргийг хүнд бэлэглэхдээ цагаан ба цайварт багтах өнгийг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Монголчуудын бэлгийн ёс нь үнэндээ биш, агуулгандаа байдаг нь бас нэгэн онцлог зүйл юм.Хэдийгээр бэлгийн зүйлийн үнэ өртөгөндөө, төрөл зүйл нийгмийн хөгжлөөр байнга өөрчлөгдөж байдаг ч Монголчууд бидний хувьд хадаг, цай, аяга (мөнгөн) нь хүндтэй бэлэг одоо ч хэвээрээ байгаа. Бэлэгний төрөл дотор ихэнхдээ гоёл чимэглэлийн зүйл багтдаг. Монголчууд бэлэг өгөх, авахдаа нарийн дэг журамтай явж иржээ.
Бэлэг өгөхөд юуг анхаардаг уламжлалтай вэ?
Зочинд бэлэг өгөхдөө эхлээд ахмад хүнд, гэр бүлээрээ ирсэн зочдын бол эр хүнд нь эхэлж бэлгээ өгдөг. Бэлгийг зочин явахаар завдаагүй байхад өгвөл хөөсөн мэт болох бөгөөд явахаар завдмагц өгнө. Хүнд доошоо харсан буюу малгай зэрэг зүйлийг бэлэглэдэггүй. Харин дээшээ харсан аяга зэргийг ихэд бэлэгшээдэг заншилтай.Бэлгийг настай хүнд хоёр гардан хүндэтгэлтэй өргөдөг.
Бэлэг өгөх, авахад цээрлэдэг зүйл
Малгай хүнд өгөхийг машид цээрлэнэ
Бэлгийг гарын салаагаар өгөх
Бэлгийг нь өгсөн эзний нь хажууд задлаж үзэх
Бэлгийг голох үг яриа гаргахыг цээрлэдэг
Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй.Тухайн хүнд бэлэг барина гэдэг тэр хүнийг хүндэлж хайрладгийн илрэл юм. Энэ бүхнийг нэгтгэн үзвэл Монголчууд бэлэг өгөх, солилцох баялаг уламжлалтай. Сүүлийн үед хүмүүсийн ахуй байдал, орчин ихэд өөрчлөгдөн түүнийг дагаад цэцэг болон гоо сайхны бараа гээд материаллаг зүйлсийг бэлэглэх болжээ. Гэхдээ ардын ёс заншлаа мартаж болохгүй залуу үе маань мэдэж байх хэрэгтэй гэдэг үүднээс дээрх мэдээллийг бэлтгэлээ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






