Өнөөдөр Лэди Гага 29 нас хүрлээ

Өөрийн этгээд байдал, хэзээ ч мартагдашгүй хувцаслалт, өвөрмөц хоолойгоороо олны анхаарлыг татдаг Лэди Гагагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний олон мянган фэнүүд нь энэ л өдрийг тэсэн ядан хүлээдэг юм. “Bad Romance”, “Poker face”, “Telephone” зэрэг этгээд клиптэй дуунууд нь ар араасаа хөврөн гарсан дуучин бүсгүйн жинхэнэ нэр Стефани Жоанна Анжелина Германотта билээ. 
Католик гэр бүлээс гаралтай тэрээр 1986 оны гуравдугаар сарын 28-ны энэ өдөр Нью-Йорк хотын Манхеттан дүүрэгт мэндэлжээ. Итали америк гаралтай дуучин Лэди Гага дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд түүний дуучны карьер жинхэнэ утгаар 2005 оноос эхэлсэн юм. 
2010 оноос хойш “You and I”, “Edge of Glory”, “Judas”, “Born this way”, “Megamix” зэрэг дуунууд нь хит болж, дэлхий даяарх түүний шүтэн бишрэгчдийн улам бүр ихэссээр байна. Хатагтай Гага үргэлж өөр ертөнцийн хүн мэт этгээд гаж авир гаргаж, хэний ч санаанд оромгүй хувцас загварыг зөвхөн тэр л бүтээдгээрээ алдартай. 
2014 онд Лэди Гагагийн тухай олныг цочирдуулсан нэгэн мэдээлэл гарсан нь продюссер нь түүнийг хүчиндсэн хэрэг байв. Тэрээр энэ тухайгаа “Одоо би тэр тухай элдэв айдас, шаналалгүйгээр мартаж чадна. Би 19 насандаа ямар гэнэ тэнэг амьтан байсан юм бэ дээ. Томчуудын амьдрал ийм л байдаг гэж би тэр үед бодсон. Бас энэ тухай хэнд ч ярьж байгаагүй” гэжээ. 



Түүний хувийн амьдрал үргэлж нууцлаг байсаар ирсэн бөгөөд өөрөө ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй цагт хувийн амьдралынх нь тухай ямар ч мэдээлэл цацагддагүй юм. Харин түүний хайртай залуугаар жүжигчин Тэйлор Кинни тодорсон бөгөөд хосууд анх 2011 онд Лэди Гагагийн “You and I” дууны клипэнд хамтран тоглохдоо танилцжээ. Түүнээс хойш болзож буй хосууд энэ онд сүй тавьсан тухай Гага өөрийн цахим хуудаснаа дэлгэсэн. Тэрээр “Тэр надад Гэгээн Валентины өдөр зүрх сэтгэлээ өгсөн, би зөвшөөрсөн хариулт өглөө” хэмээн зүрхэн хэлбэрийн алмаазан сүйн бөгжөө зүүсэн байгаагаар цахим хуудаснаа зураг байршуулсан аж. Мөн түүний найз залуу жүжигчин Кинни Гагагийн ааваас тэднийг адислахыг гуйсан бөгөөд түүнд гэрлэх санал тавих гэж буйг “Life and Style Weekly” сонинд бичжээ. Харин одоо бол тэдний хуримаа хийх нь баттай болж гэрлэх ёслол Америкийн Калифорни мужид поп дуучны саяхан худалдан авсан шинэ харшид болно хэмээн хэвлэлүүд шуугиж байгаа юм байна. Ингээд залуухан, халуухан бас этгээд өвөрмөц дуучин бүсгүй Лэди Гагад төрсөн өдрийн мэнд хүргэе.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.