Жирэмсэн болохоосоо өмнө заавал хийх 10 зүйл
Та хүүхэдтэй болж, ээж болохоор шийдсэн үү. Хэрэв тийм бол хэдэн хором эсвэл сар магадгүй дор хаяж хоёр сар хүлээгээрэй. Жирэмсний явцад эрүүл саруул байж эрүүл хүүхэд төрүүлэх хамгийн сайн боломжийг бүрдүүлэхийн тулд жирэмсэн болохоосоо өмнө дараах чухал зүйлсийг хийж гүйцэтгэх шаардлагатай.
Заавал жирэмсэн болсон хойноо эсвэл төрөхдөө эмчид үзүүлэх биш харин жирэмсэн
болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч таны өөрийн болон гэр
бүлийн эрүүл мэндийн түүх, таны одоогийн эрүүл мэндийн байдал, ууж байгаа эм
зэргийг тодруулах болно. Зарим эмийн бодисууд нь жирэмсэний хугацаанд
хэрэглэхэд аюултай байдаг бол зарим нь биеийн өөхөн эдэд хадгалагддаг тул
жирэмсэн болохоор оролдохоосоо өмнө хэрэглэхээ зогсоох шаардлагатай. Эмч мөн
тантай хоолны дэглэм, биеийн жин, дасгал, эрүүл бус амьдралын хэвшил (тамхи
татах, согтууруулах ундаа хэрэглэх, эмийн бодис болон мансууруулах бодис )
зэргийн талаар ярилцахаас гадна жирэмсний витамин, таныг дархлаажуулалтанд
бүрэн хамрагдсан, хүүхэд байхдаа салхин цэцэг, улаан бурханы вакцин хийлгэсэн тухай
асуух болно. Үүний дараагаар биеийн бодит үзлэг болон хэт авиан шинжилгээ
хийхийн зэрэгцээ таныг эрсдэлтэй бол бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх
шинжилгээ хийлгэхийг санал болгоно.
Кофе уухаас татгалзах
Жирэмсэн үед ямар хэмжээний коффейн хэрэглэх нь аюулгүй болох талаар нарийн тоо байдаггүй ч мэргэжилтнүүд жирэмсэн болохоор оролдож байгаа хүн коффейн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг. Судалгаагаар коффейны их хэрэглээ үр тогтох чадварын доройтол хоёрын хооронд хамаарал байгааг тогтоожээ. Мөн хэт их коффейн хэрэглэх нь зулбалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үздэг. Зарим мэргэжилтнүүд жирэмсэн хүний коффейны хэрэглээ дээд тал нь хоногт 200 миллиграм буюу нэг аяга кофе гэж үздэг хэдий ч болж өгвөл өөртөө эрсдэл бий болгохгүй байхыг хичээх нь чухал.
Биеийн жиндээ анхаарах
Хэрэв та хэвийн жинтэй байвал илүү амархан жирэмсэн болох хандлагатай байна.
Биеийн жингийн индекс бага эсвэл өндөр байх нь зарим эмэгтэйчүүдэд жирэмсэн
болоход бэрхшээл үүсгэдэг. Нэгэн судалгаагаар биеийн жингийн индекс 20-оос бага
эсвэл 24-өөс дээш байх нь үр тогтолтонд сөрөг нөлөө үзүүлдэгийг тогтоожээ. Та
манай сайтын нүүр хуудсанд байгаа Биеийн жингээ хэвийн байгааг яаж мэдэх вэ?
гэсэн хэсэг рүү орж өөрийн биеийн жингийн индексийг бодож үзээрэй.
Таны биеийн жин хэвийн хэмжээнд биш байвал жингээ хэвийн болгох талаар санаа
тавиарай. Энэ нь таныг жирэмсэн болоход дэмжлэг болох болно. Биеийн жингээ
хэвийн болгоход өөрт тохиромжтой хамгийн сайн аргын талаар эмчтэйгээ
ярилцаарай.
Хүнсэндээ загас хэрэглэдэг бол анхаарал хандуулах
Хэрэв та загасны маханд дуртай бол анхааралаа хандуулаарай. Хэдийгээр загас нь омега-3 тосны хүчил,(энэ нь ургийн тархи болон нүдний хөгжилд маш чухал ач холбогдолтой) уураг, витамин Д, болон бусад хүнсний бодисын сайн эх үүсвэр болдог боловч мөнгөн ус агуулсан байж болзошгүй. Мөнгөн ус нь ургийн хөгжилд маш хортой бодис юм. Сүүлийн үед уул уурхайн замбараагүй ашиглалтаас болж манай орны гол нуурууд мөнгөн ус, цианид натраар хордсон тухай мэдээ байгаа тул анхаарал хандуулахгүй байж болохгүй.
Дасгалын хөтөлбөр зохиох
Дасгалын хөтөлбөр зохион хичээллэж эхлэх эсвэл өмнө нь хийдэг байсан дасгалаа үргэлжлүүлэн хийх нь таны биеийг эрүүлжүүлж жирэмсэн болоход бэлтгэж өгнө. Хөлс гаргаж хичээллэх нь стрессийг бууруулах хамгийн сайн арга болно. Эрүүл дасгалын хөтөлбөр нь алхах эсвэл дугуй унах, фитнесийн хөнгөн дасгал зэрэг дунд зэргийн ачаалалтай дасгалыг долоо хоногийн ихэнх өдрүүдэд 30 минут болон түүнээс дээш хугацаагаар хийхэд хамаарна. Мөн уян хатан чанарыг нэмэгдүүлэх, сунгалтын дасгал эсвэл иогын дасгалууд хийхэд тохиромжтой. Харин та нэгэнт жирэмсэн болсон бол өмнө нь хийж байсан дасгалаа үргэлжлүүлж болно.Усанд сэлэх нь эмэгтэй хүнд тохиромжтой дасгалуудын нэг байх болно. Хэрэв та өмнө нь дасгалаар хичээллэж байгаагүй бол хөнгөн хэлбэрийн дасгалаас эхлэх хэрэгтэй. Эхлээд өдөрт 10-20 минут алхаж байсан бол аажимаар ачаалалыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ лифтээр явахын оронд шатаар явах, машинаа зогсоолд тавихдаа арай холынхыг сонгох гэх мэтчлэн өөрийн идэвхтэй хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй.
Шүдний эмчид үзүүлэх
Жирэмсэн болохоор бэлдэж байх үедээ амны хөндийн эрүүл ахуйн талаар мартаж
болохгүй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн улмаас буйл илүү өвчлөмтгий
болдог. Прогестерон болон эстроген дааврын ихсэлтийн нөлөөгөөр буйл хөөнгө болж
үрэвсэхдээ амархан болохын зэрэгцээ шүд угаах үед цус гарамхай болно. Жирэмсэн
болохоосоо өмнө шүд болон буйлны эрүүл ахуйдаа анхаарал хандуулвал жирэмсэн
болсны дараа буйлны үрэвсэл үүсэх магадлалыг бууруулж чадна. Мөн шүд цоорсон
байвал цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.
Сэтгэцийн эрүүл мэндэдээ анхаарах
Сэтгэл гутралын байдалтай эмэгтэйчүүдэд үр тогтолтын асуудал хоёр дахин илүү тохиолдох хандлагатай байдагийг судлаачид тогтоожээ. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бүх эмэгтэйчүүд ялангуяа стресс ихтэй ажил хийдэг болон сэтгэл гутралаар гэр бүлийнхнээс нь өвдөж байсан эмэгтэйчүүдийг жирэмсэн болохоосоо өмнө сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулахыг зөвлөдөг. Хэрэв танд ямар нэг юманд сонирхолгүй болох, баясал таашаал авдаггүй болох, хоолны дуршил, нойрны хэв маяг өөрчлөгдөх, эрч хүчээ алдах, өөртөө итгэлгүй байнгын сэтгэл түгшүүртэй болох зэрэг сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрвэл эмчтэйгээ ярилцаж сэтгэл зүйч эмчийн зөвлөгөө аваарай.
Халдвараас сэргийлэх
Та жирэмсэн болохоор оролдож байхдаа урагт хорт нөлөө үзүүлдэг халдвараас
сэргийлэх нь чухал. Та хөөрүүлээгүй сүү, түүхий сүүний бяслаг, хагас
боловсоруулсан махан бүтээгдэхүүн, түүхий болон дутуу болгосон загас зэрэг хүнс
хэрэглэхээс зайлсхийгээрэй. Эдгээр хүнсний зүйлсд листериозийн бактер байж
болзошгүй бөгөөд энэ нь зулбалт болон ураг амьгүй болох зэрэг ноцтой хүндрэлийн
шалтгаан болдог. Та буцалгаж ариутгаагүй шүүс уухаас татгалзах нь зүйтэй. Учир
нь эдгээрт сальмонелла эсвэл E. coli зэрэг гэдэсний халдвар үүсгэгчид
агуулагдаж байдаг. Хоол хүнсээ бэлдэхдээ гараа сайтар угааж заншаарай.
Хөргөгчнийхөө тохиргоог 2-4 градусд харин хөлдөөгчнийхийг бол хасах 18 хэмд
тохируулах нь хоол хүнсний зүйлийн хадгалалтанд тохиромжтой байдаг. Гэр ахуйн
цэвэрлэгээний ажил ялангуяа цэцэрлэг, газар шорооны ажил хийх бол заавал бээлий
өмсөх шаардлагатай. Энэ нь таныг өсөж хөгжиж байгаа ургийг халдварлуулдаг
токсоплазмозоос сэргийлэх болно. Эцэст нь жирэмсэн байхдаа ханиад хүрэхээс сэргийлэх
зорилгоор ханиадны вакцин хийлгэж болно. Ялангуяа ханиадны дэгдэлт явагддаг
улирал бол энэ нь тухай анхаараарай. Жирэмсэн байхдаа ханиад хүрвэл уушгины
хатгаа болон дутуу төрөлт зэрэг ноцтой хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг.
замын тухай ярилцаарай.
Өөрийн шийдвэрийн тухай бодож үзэх
Үр хүүхэдтэй болно гэдэг амьдралын үндсэн утга учрын нэг. Хүүхэдтэй болохыг
дагалдаад маш том үүрэг хариуцлага ирдэг. Иймд жирэмсэн болохоор оролдож
эхлэхээсээ өмнө эцэг эх байхын үүрэг хариуцлагын талаар бодож үзээрэй. Зарим
бодож үзэх хэрэгтэй асуултуудыг орууллаа:
• Хүүхэд хэрхэн асарч бойжуулах болон ажил төрлөө хэрхэн
зохицуулах талаар бодож үзсэн үү?
• Та бүхэн өөрсдийгөө эцэг эх болоход бүрэн бэлтгэгдсэн гэж
бодож байна уу?
• Хүүхэдтэй болох талаар аав ээж болон ойр дотны хүмүүстэйгээ
ярилцсан уу?
• Хэрэв таны хамтрагч өөр үндэстэн эсвэл өөр шашин шүтдэг бол
энэ нь хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар ярилцсан уу?
Жирэмсэн болох хугацаагаа төлөвлөх
Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болохоор шийдсэн үедээ зүгээр л жирэмслэлтээс
хамгаалах арга хэрэглэхээ зогсоодог. Харин зарим нь өндгөн эс боловсрох
хугацаагаа тооцоолж хэзээ жирэмсэн болох боломжтойг сар бүр тооцоолдог. Өндгөн
эс боловсорч ялгарах хугацааг хэд хэдэн аргаар тооцоолж болно. Хэрэв үүнийг
илүү нарийн тооцоолохыг хүсвэл биеийн суурь дулаан болон умайн хүзүүний салстын
өөрчлөлтөөр мэдэж болно. Эдгээрийг хэдэн сарын турш шалгаж үзэхэд таны өндгөн
эс биений юмны хэд дэх хоногт ирдэгийг мэдэх ач холбогдолтой. Мөн өндгөн эс
гадагшлах үеийн дааврын өөрчлөлтийг шээсэнд илрүүлдэг овуляцийн тест ашиглаж
болно.
Эх сурвалж: www.mminfo.mn







