Гавъяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ
Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Лондонгийн олимпийн дараагаар хоёр ихэр хүүхэдтэй болж бүл нэмснээсээ хойш спортоосоо түр хөндийрсэн. Харин энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж их спортод эргэн ирсэнээ баталжээ.
Тэгвэл өнөөдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин түрүүллээ. О.Гүндэгмаа гавъяат 583 оноогоор нэгдүгээр байрт, 580 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул хоёрдугаар байрт, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.
Тэрээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох дэлхийн аваргад өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих юм. Гавъяат тамирчиндаа 2016 оны олимпийн аварга мэргэн буудагч болохыг хүсэн ерөөе.







