Ц.Ухаанзаяа охин тоглолтын орлогоо аймгийнхаа эмнэлэгт хандивлалаа
Тус тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-ийн эхчүүдийн орыг шинэчлэх зорилготойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулжээ. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Өндөрхаан”, “Хэнтий” телевиз, “Хэнтийн мэдээ”, “Шинэ сонор” сонинууд ажиллаж, халуун сэтгэлээсээ тусалсан аж. Ц.Ухаанзаяагийн тоглолтынхоо өмнө хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, түүний бичсэн сэтгэлийн илгээмжийг Хан Хэнтийчүүддээ хүргэсэн байна.

Сэтгэлийн илгээмж
“Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Сайхан сэтгэлт хүмүүн таньд
сэтгэлийн үгээ хэлэх завшаан олдсонд хязгааргүй баярлаж байна. Монгол
Улс энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан,
тун удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа нь надад маш
сайхан санагдсан. Тиймээс би бяцхан оюундаа тунгаан бодсоны эцэст энэ
үйл хэрэгт өөрт байгаа зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн. Надад
байгаа тэр зүйл бол “миний бяцхан авьяас” учир хандивын тоглолт хийхээр
шийдсэн юм.
Энэ тоглолтынхоо орлогоос хорвоод мэндлэх шинэ иргэнийг тосон авч байдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хандивлаж, алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийн орыг нь шинэчилж өгөхөөр шийдээд байгаа билээ. Та бид хамтран эхчүүд, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө энэ асуудлыг шийдэж чадна. Иймээс үе тэнгийн найз нар, ах, эгч, Чингис хотын иргэн та бүхэн миний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж, сайхан сэтгэлээс урган гарсан сайн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Аавдаа алт, ээждээ эрдэнэ болсон энхрий булбарай дүү нар минь эсэн мэнд бойжиж, Их эзэн Чингис хааны оюунлаг үрс олон болох болтугай” хэмээн Хэнтийчүүддээ уриалсан аж.
Алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийнхээ өмнөөс Ц.Ухаанзаяадаа урлагийн өндрөөс өндөр амжилтыг хүсэе.






