ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эцэг, эхийн анхааралгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд олноор ирэх болжээ

Сүүлийн үед ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эцэг, эхийн анхааралгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд олноор ирэх болжээ. Тус тасагт өнгөрсөн баасан гаригт гэрийнхээ хөргөгчинд байсан цууны хүчил (уксус) балгасан 11 настай охин ирсэн байна. Тархины саажилттай охин ээжийгээ гэрээс гарсан хойно цууны хүчил уусан гэнэ. Охины улаан хоолой цоорсон бөгөөд амьсгалын аппараттай, үхэл амьдралын заагт байгаа ажээ. Мөн 13-14 насны гурван хүүхэд уналт таталтын эсрэг эм олноор ууж хордон, эмнэлэгт хүргэгдэн иржээ. Гурван настай хүү бензин уусан, хоёр настай хүүхэд 10 ширхэг аспирин уусан, ээжийнхээ хэрэглэдэг тураах бэлдмэлээс уусан дөрвөн настай хүүхэд мөн тус эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн байна.



ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасаг 23 ортой ч, 31 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томчуудын анхаарал боломжгүйгээс төрөл бүрийн эм, хорт бодис уусан хүүхдүүд эмнэлэгт ирэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналттай байлгаж бага насны хүүхдүүдийг болзошгүй аюулаас сэргийлж байхыг анхааруулж байна. Мөн уудаг эм бэлдмэл, химийн хортой бодисыг бага насны хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалахыг хүүхдийн эмч нар дахин дахин сануулж байна. Эрүүл саруул төрсөн хүүхдээ өөрийн анхаарал болгоомжгүйгээс насан туршийн эмгэг өвчтэй болговол харамсалтай шүү дээ. Тиймээс болзошгүй аюулаас сэргийлхийн тулд хүүхэддээ анхаарал хандуулж байгаарай эцэг эхчүүдээ!


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.