Цөлжилт нэмэгдсээр...

Зүйл бүрийн ургамал ургаж, ан амьтан амьдардаг байсан газар нутгийн хөрс үржил шимгүй болж хогийн ургамалуудаар дүүрсэн бодит байдал нүдэнд үзэгдэх боллоо. Газар нутагт цөлжилт явагдаж байгаагийн тод илрэл юм. Элсний нүүдэл хаяагаа тэлэхийг цөлжилт хэмээн бид ойлгодог. Гэвч тийм биш. Хөрс элэгдэн доройтож, ургамал амьтан, биологийн төрөл зүйлийн тоо цөөрч, хүрээлэн буй орчин аажим аажмаар үл анзаарагдахуйцаар мөхөж сөнөж эхлэхийг цөлжилт  хэмээн нэрлэдэг. Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас цөлжилт үүсэх үндсэн хүчин зүйл болдог. Тухайлбал дэлхийд салхи, усны элэгдлээс болж жилд 75 тэрбум тонн хөрс ус устаж үгүй болдог байна.
Гэвч байгалийн хүчин зүйлээс илүүтэйгээр хүний буруутай үйл ажиллагаа цөлжилтийг илүү их хурцалдаг. Цөлжилт нь хүн төрлөхтөнд тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдвэрлэх шаардалагатай экологийн асуудал мөн. Цөлжилтөнд нэрвэгдсэн газар нутагт амьтан, ургамал оршин тогтнох нөхцөлгүй болж улмаар бүгд устаж үгүй болдог жамтай. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтэнд нэрвэгдсэн гэсэн судалгаа бий. Эрс тэс уур амьсгалтай, эмзэг экосистемтэй манай оронд цөлжилт асар хурдацтай явагдаж байна. Монгол улсад өнөөгийн байдлаар газар нутагийн цөлжилт нэн хүчтэй зэрэглэлд 5%, хүчтэй зэрэглэлд 18%, дунд зэрэглэлд 26%, сул зэрэглэлд 23% нь тус тус хамрагдаад байна. Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, их нуруудын хотгор, Дундговь, Дорноговийн гандуу хуурай цөлөрхөг нутгууд ордог аж. Говь хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа нь монголд цөлжилт газар авсны нэг илрэл юм.  Ганц говийн бүс гэлтгүй хангай уулын бүсүүдээр цөлжилт явагдсаар байгаа. Монгол улсын 21 нь аймаг их бага хэмжээгээр элсний нүүдэлд өртсөн. Цөлжилт буюу газрын хөрсний доройтол дараах шинж тэмдэгүүдээр илрээд байгаа билээ. Хүчтэй шороон шуурга, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд болсноор хөрс элэгдэлд орсон. Царцаа, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хөнөөлт амьтад олширсоор байна. Мал сүргийн зохистой харьцаа алдагдсанаар бэлчээр талхлагдсан. Үүнээс гадна ой модыг их хэмжээгээр тайрч устгах, олон салаа авто зам гаргах, уул уурхайн зориултаар газар ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг  хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр цөлжилт улам газар авсаар байна. Энэ бол монголын нийгэмд тулгамдаад буй бодит асуудал юм. Говь нутагт элс бэхжүүлэх гол ургамлууд болох  заг, сухай, жигд харгана, шаваг, тэсэг зэрэг мод, сөөгний нөөц хомсдож зарим газар устаж үгүй болжээ. 1970-аад онд говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг модыг их хэмжээгээр бэлтгэжээ.

Үүний улмаас 125 мянган га газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар сэргэн ургах чадвараа алджээ. Сүүлийн жилүүдэд манай орон уул уурхай, ашигт малтмалын салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энэхүү салбарт хөрөнгө оруулснаар монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх хэдий ч үүнтэй зэрэгцээд байгаль орчины асуудал хурцаар тавигдсан. Ашигт малтмалын олборлолтын үед газрын гүнд их хэмжээний хоосон орон зай үүсч газрын гадаргын хөрс эвдэгдэж хөрсний доройтолд ордог. Энд тэндгүй хогын ургамлуудаар дүүрдэг. Хүнд даацын олон тооны машин, техник сүлжилдсэнээс газрын хөрс эвдрэлд ордог.

 1995 оны байдлаар геологийн хайгуулын үед үүссэн, буцааж тохижуулаагүй 5 сая орчим м3 эзэлхүүнтэй нүх шуудуу байдаг бөгөөд жил бүр ил уурхайн ашиглалтаар 270-560 мянган шоо метр үржил шимт хөрсийг хуулж байна. 1999 оны байдлаар ашигт малтмал олборлолттой холбогдог эвдэрсэн газрын дөнгөж 30 орчим хувийг хагас нөхөн сэргээсэн аж. Энэ мэтээр нөхөн сэргээлтийг хагас дутуу хийгээд үлдээсэн газар нутаг зөндөө бий. Аливаа зүйлийг аар саархан зүйлээр аргалахыг монголчуудын сурсан гэхэд хилсдэхгүй. Үүний нэгэн адил ашигласан газах нутгаа  нөхөн сэргээх ажлыг “хэлбэр” төдий хийсэн нь харагдаж байна. Энэ мэтчилэн байгальд учруулсан хохирлоо бүрэн гүйцэт нөхөн сэргээж чадахгүй байсаар илэрч буй үр дүн нь цөлжилт юм. хаа сайгүй газар аваад буй энэ хөрсний доройтлыг сааруулах боломж бидний гарт бий. Үүний тулд иргэн бүрийн оролцоо байгаль орчинийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн засгийн газрын зөв  бодлого түүнд чухал нөлөө үзүүлнэ. Цөлжилтийг саармагжуулхад нөлөө үзүүлэх зүйл бол “ногоон төгөл” байгуулах явдал юм. Цөлжилтийг саармагжуулна гэдэг нэг өдөр яриад шийдэгдэх асуудал биш. Үүнд  олон жилийн хүч хөдөлмөр цаг хугацаа шаардагддаг. 

Бид өнөө маргаашийг харж амьдрахаас биш ирээдүйгээ харах нь ховор. Газар нутгаа ой модоор дүүргэж “ ногоон төгөл” байгуулах нь ирээдүйд хийх маш том хөрөнгө оруулалт болох юм. Мөн түүнчлэн дэлхийн улсууд цөлжилттэй хэрхэн тэмцэж ногоон орчныг бүрдүүлж байгаа  арга туршлагаас бид суралцах хэрэгтэй. Цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэхэд тухайн орны Засгийн газар нь анхаарч, тодорхой зорилт тавин бодлого хэрэгжүүлж байж л үр дүнд хүрдэг. Мөн түүнчлэн хувь хүн бүр цөлжилтийг сааруулахын ач холбогдлыг ойлгож ухамсарлаж, түүнтэй тэмцэх нь нэн чухал юм. Бидний зөв бодол, зөв үйлдэл эх дэлхийгээ хамгаалахад тус болно.

     

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.