“Авъяаслаг Энэтхэгчүүд” шоуны бусдаас онцгой бүсгүй Субтээт Каур
“Авъяаслаг Энэтхэгчүүд” шоунд оролцсон, бусдаас онцгой нэгэн бүсгүй олныг гайхшруулжээ. Учир нь 2009 оны аравдугаар сард осолд орсноосоо болж нэг хөлгүй болсон тэрээр чадварлагаар бүжиглэжээ. 27 настай, Субтээт Каур авто осолд орж нэг хөлөө алдсан ч бүжиглэх сонирхлоо гээгээгүй нь энэ аж. Тиймээс тэрээр “Авъяаслаг Энэтхэгчүүд” шоунд оролцож түрүүлээгүй ч гэлээ “нэг хөлт бүжигчин бүсгүй” гэдгээр нь хүмүүс түүнийг мэддэг болжээ.

“Би маш ичимхий, хүмүүстэй хэр барагтаа ярилцдаггүй, байнга л ном шагайж явдаг байлаа. Мөн бүжиглэх туйлын дуртай ч олны танил болно гэж бодож байгаагүй. Осолд орж долоон ч хагалгааг давсныхаа дараагаар би өмнөх амьдралаасаа илүү сайхан амьдралыг олж авах хэрэгтэй гэж шийдсэн” гэжээ.

Түүний хүслээр ч болж тууштай хичээсний хүчинд тэрээр мөрөөдөлдөө хүрч чаджээ. Найзуудынхаа санал болгосноор тэрээр уг шоунд оролцсон бөгөөд “Хүмүүс намайг өрөвдөхөд би дургүй. Гэсэн хэдий ч уг шоунд оролцохдоо хүмүүсээр өрөвдүүлж бус бахархуулж, хүчирхэг гэдгээ харуулахыг хүссэн. Ээж минь маш их баярлаж, намайг дэмжсэн” гэжээ. Субтээт бүжгийн сургуульд явж, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг байна.









