“Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй-2014” шагналыг Монгол эмэгтэй хүртлээ
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас (EBRD) жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох 23 дахь удаагийн Олон улсын чуулган хурлыг энэ жил Бүгд Найрамдах Польш улсын нийслэл Варшав хотод зохион байгуулагдлаа. Тус чуулганд Дэлхийн 70 гаруй орны Сангийн сайд нар болон, банк санхүү, бизнесийн тэргүүлэх төлөөлөгчид оролцсон байна.
Энэ жилийн гол сэдэв болох “Улс төр болон эдийн засгийн шилжилтийн үед хэрхэн зөв бодлого хэрэгжүүлэх үү”, Төрийн зүгээс эдийн засгийг сайжруулах арга зам, бизнес эрхлэгчдийн хувьд ажлын байр мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлттэйгээр хэрхэн бизнесийг эрхлэх үндсэн хоёр асуудал тус чуулганы гол анхаарлын төвд байсан юм.

Олон орны тэргүүлэх эдийн засагчид туршлага солилцсон нэр хүндтэй энэ чуулганы үеэр “Women in Business Awards 2014” ёслолын арга хэмжээ болсон байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажилладаг улс орнууд дундаас 3 эмэгтэйг онцлон “Шилдэг бизнес эрхлэгч” болон банк санхүү, эдийн засгийн салбарын шилдгүүдийг тодруулсан юм.
Монголын чөлөөт зах зээлд зөв бизнесийг хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой өсгөж, бэхжүүлж байгааг нь өндрөөр үнэлж хамгийн нэр хүндтэй шагнал болох “The Outstanding Achievement in Enterpreneurship” буюу “Шилдэг Бизнес Эрхлэгч” номинацид Бишрэлт группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа шалгаран энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Хатагтай Б.Ундармаа тус чуулган дээр хэлсэн үгэндээ Бизнесийн хөгжилд Монголын эмэгтэйчүүдийн чадварлаг, боловсролтой, дайчин, хүнлэг зан чанар, хичээл зүтгэл нь манай улс орны хөгжлийн бодитой нэг илэрхийлэл нь байдаг гэдгийг онцолжээ.







