МУГТ О.Гүндэгмаа ”Дэлхийн цом”-ын тэмцээнээс найм дахь алтан медалиа хүртлээ
Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль хүртлээ. Уг алтан медаль нь тамирчин бүсгүйн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс хүртэж буй долоо дахь алтан медаль болж байгаа юм. 25 метрийн спорт гар бууны төрөлд нийт 95 буудагчаас МУГТ О.Гүндэгмаа, МУГТ Д.Мөнхбаяр нар аваргын төлөө халз буудаж О.Гүндэгмаа 8:0 оноогоор ялж аваргалжээ.

Харин гуравдугаар байранд Хятадын буудагч дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга Занг Жиан, дөрөвдүгээр байранд Бээжингийн олимпийн аварга Чень Ин нар орсон байна. Мөн манай тамирчин Т.Баярцэцэг 578 оноогоор 22-р байрт, Ц.Мөнхзул 573 оноогоор 34-р байрт оржээ.
Түүнчлэн "Дэлхийн цом"-ын тэмцээнд ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам, С.Адилбиш, Ж.Ганхуяг нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорьж буй бөгөөд багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажиллаж байна. Тэмцээн энэ сарын 13-н хүртэл үргэлжилнэ.










