“Монгол костюмс”-ын захирал Б.Сувд ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэлд захидал илгээлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Төв талбайд энэ сарын 13-нд болж өнгөрсөн билээ. Үндэсний хувцсаараа гайхуулдаг энэ сайхан наадмыг “Монгол костюмс” компани найман жилийн тэртээ анх санаачилж, өнөөдрийг хүртэл зохион байгуулжээ.

Энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл оролцон үг хэлэхдээ, наадмын санаачлагчийн нэрийг сольчихсон байна. Салбарын сайд хүнээс гарсан гэхэд байж боломгүй энэ том алдаа нь монголд оюуны бүтээлийн үнэ хүнд ямархан түвшинд явааг харуулж байна хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс “Монгол костюмс” компанийн захирал Б.Сувдаас дараах захидлыг ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд хандан бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

“ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэл танаа

Сайхан наадав уу, Сайд аа. Наадам сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах бага наадам “Дээлтэй Монгол” бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа “Дээлтэй Монгол” наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа.

Харин таны үгний дараа сэтгэл хоосроод явчихсныг нуугаад яахав. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж соёлын өвөө уламжлагч “Монгол костюмс”-ын санаачлан эхлүүлсэн “Дээлтэй Монгол” наадмын санаачлагчийг Салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх.

Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н. Эрдэнэбат “Дээлтэй Монгол” наадмыг санаачлаж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар таньд бас баярлаж байсаан. Харин энэ шагнал маань Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ.

Иймд “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж Ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсье.

“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд”

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.