Та өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Орчин үед мэдээллийн эрин зуун болж эцэг эхчүүд бид нар хүүхдүүдээсээ мэдээллээр хоцорч байна. Сургуулийн хөтөлбөрт заагдаж байгаа хичээлүүд, уншиж байгаа ном сэтгүүл, үзэж байгаа кино, телевизийн нэвтрүүлгүүд, сонсож байгаа FM, радио, интернет, веб хуудаснуудаас гадна найз нөхөд, хүрээлэн байгаа орчин хүүхдүүдийн маань хүмүүжилд асар ихээр нөлөөлж байна. Иймд эцэг эхчүүд бид өсвөр насны хүүхдийнхээ хамгийн найдвартай, итгэл хүлээсэн мэдээллийн эх үүсвэр болж тэдэнд бэлгийн амьдралын талаар зөв мэдлэг боловсрол олгохын тулд олон зүйлүүдтэй тулгарч байна. Хүүхдэдээ эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаархи мэдээллийг насанд нь тохирсон байдлаар аль болох эрт өгч байх нь илүү үр дүнтэй. Тийм ч учраас бид энэ удаад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар хэрхэн ярилцах зөвлөмжийг хүргэе.
Хүүхдийнхээ давуу сайн талыг мэдэрч, дэмжин магтаж бай.
Тэдний өдрөөс өдөрт бие дааж байгааг хүлээн зөвшөөрч бие даах боломжийг олгож байх.
Хүүхдийнхээ маш сайн сонсогч нь бай.
Тэдний итгэлтэй дотны найз байдлаар харилцаж байхыг эрмэлз.
Хүүхдээ аль болох загнахгүй ярилцаж, тухайн зүйлийн учир шалтгааныг өөрөөр нь тайлбарлуулах боломж олгохыг хичээ.
Итгэж ярьсан нууж болох “нууц” – ыг нь чанд хадгал.
Хүүхдийнхээ сэтгэлзүйн хэрэгцээг мэдэрч дотоод сэтгэл рүү нь харж байхыг эрмэлз.
Өөрийнхөө хувийн бодлыг хэзээч бүү тулга, өөрөө шийдвэр гаргахад нь тусал.
Эрүүл зан үйлийг төлөвшүүлэн дэмжиж бай.







