Үзэсгэлэнтэй нууц арлууд


Хэмжээлж хэлж үл болом эх дэлхийнхээ үзэсгэлэн цогцолсон ТАНИН МЭДЭХҮЙН олон гайхалтай газруудаас хүн бүрийн төдийлөн мэдэхгүй дэлхийн шилдэг басхүү шилмэл “нууцлаг” арлуудаас сонирхуулж байна.



1. Яа-и-яамагийн бүлэг арлууд / Япон
Энэ нь Японы Окинава мужаас алс баруунтаа орших 9 орчим арлаас бүрдсэн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд арал тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой дэлхийн хамгийн гайхалтай “нууц” арлуудын нэг ажээ.

Эдгээр арлуудаас хамгийн том бөгөөд үзэсгэлэн төгс нь “Ириомотэ”, усан доорх чулуун тогтцоороо дэлхийд хосгүй нь “Ёнагүни”, харин оршин суугчдаасаа илүү үнээ малтай арал нь “Куро” бол Японы алдарт Рюукьюү үндэстний уламжлалаа шингээсэн байшин, байгууламжуудаараа нэртэй нь “Такэтоми” хэмээх арал байх жишээтэй олон орны жуулчдын зорих дуртай газрууд байдаг байна.

2. Кон Даогийн бүлэг арлууд / Вьетнам
Кон Дао Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн хэмээн ерөнхийлөн нэрийддэг эл бүлэг арлуудад байгалийн өвөрмөц тогтоц бүхий 16 арал байх ба цагаан элсэн далайн эрэг, хаш чулуун өнгийн мэт усан мандал, шүрэн хад болон дельфин, яст мэлхий тэргүүтэй зүйл зүйлийн амьтан, ургамал цэцэгс нь алагласан хосгүй арлууд гэнэ.


Нийт 75.15 км квадрат талбайг хамрах эдгээр арлууд дээр 5000 гаруй хүн ам оршин суудаг бөгөөд хамгийн сайн мэдэх арал нь Вьетнамын дайны үед баригдсан шоронгуудтай Кон Лон гэх томоохон арал юм байна.

3. Ульюндо арал / Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох “Ульюндо” арал нь галт уулын гаралтай нэн эртний өвөрмөц тогтоц бүхий арал бөгөөд 44 салбар жижиг арлаас бүрдэл болдог, 10.000 гаруй оршин суугчидтай тус улсын түүх дурсгал болон байгалийн сайхан хосолсон цөөнгүй газруудын нэг юм байна.



4. Торрес Стрэйтийн бүлэг арлууд / Австрали
Австрали болон Шинэ Гвиней улсын зааг усан ертөнцийн манлай болсон Торрес Стрэйтийн бүлэг аралд нийт 274 гаруй жижиг арлууд багтах ба эртнээс наашхи дахин үл давтагдах өв соёл, иргэншилтэй арлууд байх ажээ. Эдгээр арлуудаас ердөө гурав нь л жуулчдыг хүлээн авдаг бөгөөд бусад нь нутгийн овог аймгуудын мэдэлд байдаг гэнэ.


5. Пенхүгийн бүлэг арлууд / Тайвань
Хэдэн мянгаараа тоологдох Ази тивийн гайхалтай арлуудаас нэн түрүүнд зоривол зохих шилдэг арлуудын нэг болох Пенхүгийн бүлэг аралд 64 гаруй, зарим сурвалжид бичсэнээр 90 орчим жижигхэн арал байдаг бөгөөд арлын нэрийг Португали хэлнээ хөрвүүлбэл “Загасчдын арал” гэсэн утгатай гэнэ.

Нарлаг сайхан өдрүүдэд далайн эргээр зугаалж, наранд биеэ шарах болон далайн давалгаагаар наадах нь үнэхээр сайхан амралт болдог байна. Хэдэн зуун жил үргэлжилсэн галт уулын дэлбэрэлтээс ийнхүү үзэсгэлэнт төрхөө олсон арал нь шүрэн арлууд болон шумбагчдад зориулсан далайн гүний хосгүй үзэсгэлэнтэй газар ажээ.

6. Сан Бласын бүлэг арлууд / Панам
Төв Америкийн алс өмнө зүгт байдаг Панам улсын “Сан Блас”-ын бүлэг арлуудад 378 гаруй салбар жижиг арлууд багтдаг ба эдгээрийн дөнгөж 49 арал дээр хүн суурьшсан гэж үздэг. Нутгийн уугуул иргэд болох Куначууд эл арлуудаар тархан суурьших бөгөөд далдуу модоор хүрээлэгдсэн эл арал бусад арлуудыг бодвол энгийнд тооцогддог гэнэ.

Учир нь энд тансаг зэрэглэлийн зочид амралтын газар, үйлчилгээний газрууд байхгүй бөгөөд жижигхэн дэн буудал байх нь элбэг. Хоол хүнсний хувьд загасчдын барьсан загас, далайн амьтдаар хооллодог байна.

7. Ко Яао Ной арал / Тайланд
Тайландын Фукет арлаас холгүй орших Фан Га мужид Ко Яао хэмээх хоёр арал орших бөгөөд нэгийг нь Ко Яао Ной, харин нөгөөг нь Ко Яао Яай гэж нэрлэдэг ажээ. Бидний энд авч үзэж байгаа Ко Яао Ной арал нь 2002 оноос дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн “нууц” арал бөгөөд иргэд болон байгаль орчинд ээлтэй орон сууж, амьдралын хэв маягийг бүрдүүлсэн гэдгээрээ ихээхэн нэр хүндтэй арал юм байна.

Энэхүү арлыг зорьсон жуулчид усанд сэлэх, шумбах тэргүүтэй дугуйн аялалыг хүртэл зохион байгуулах боломжтой ба энд интернэтэд суух, банкны үйлчилгээ авах зэргээр гэртээ байгаа мэт бүхий л үйлчилгээг авах нөхцлийг бүрдүүлсэн тансаг зочид буудлууд бий гэнэ.

8. Сокотра арал / Йемен
Арабын хойгт орших Йемен улсын дэлхийд танигдсан Сокотрагийн бүлэн арал нь дөрвөн арлаас бүрдэл болох ба хамгийн том нь Сокотра арал юм. Эл арлыг харийн гараг дээр яваа мэт сэтгэгдлийг төрүүлдэг өвөрмөц төрхөөр нь илүүтэй мэдэх ба энд өргөст хэмхийн мод, луугийн цусан мод гэхчилэн хэд хэдэн зүйлийн онцлог мод ургадгаараа олны сонирхлыг ихэд татдаг байна.


9. Совалье арал / Турк
Туркийн Лиша эрэгт орших Федиегийн усан боомтоос ердөө 20 минут “усан” таксигаар хүрч очих энэхүү бяцхан арал нь Турк улсын үзэсгэлэнг цогцлоох 500 гаруй арлын “нууцлаг” нэгэн арал юм. Ямар ч чимээ шуугиангүй зөвхөн байгалийн сайхан эгшиглэнт аялгууг таашаан амрах боломжтой энэ арал дээр Ромын эзэнт гүрний үед хүн суурьшиж байсан үлдэц элбэг байдаг гэнэ. Мөн нарс болон нимбэгний модоор хүрээлэгдсэн үзэмжит ертөнц эндэхийнх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.214) 2015-02-17 00:46:56
бэрлөө