Бүсгүй та зөв хүнтэйгээ гэрлэх гэж байгаа эсэхээ мэдэх боломжтой



Бүх зүйлийг хэтрүүлдэг эртэй гэрлэж болохгүй гэдгийг бүсгүй хүн бүр мэддэг. Хэтрүүлж уудаг, үрдэг, ажилладаг, уцаарладаг, мансуурдаг. Мөн хөнгөмсөг, тогтворгүй хүнтэй дэр нэгтгэхийг хэн ч хүсэхгүй. Таны ирээдүйн эр нөхөрт дээрх шинж чанарууд байхгүй мөртлөө, таны эргэлзээ төдийлөн арилахгүй л байна уу? Танд доорх мэдээллийг уншаад ямар мэдрэмж төрж байна, түүнээс хамаарч сонголтоо зөв хийгээрэй.  Насны ханиа сонгоно гэдэг хамгийн чухал бөгөөд та харамсахгүй байх учиртай.

 Аз жаргал ба сэтгэл санааны дэмжлэг
Ханиасаа үргэлж өөрийгөө баярлуулж байхыг шаардах нь утгагүй зүйл боловч, та зөв хүнээ олсон бол цаанаасаа л аз жаргал, баяр баясгалан ундраад ирдэг. Тэр таныг сэтгэл санаа болон, оюун ухаан, чадварын хувьд үргэлж дэмжиж урамшуулдаг байх ёстой. Та түүний хажууд аюулгүй амар тайван байдлыг мэдэрнэ. Тэр таны амьдралд эрч хүчийг бэлэглэдэг байх хэрэгтэй. Гутранги үзэлтэн, хувиа хичээсэн, шалчгар, дүнсгэр, захирангуй хүнтэй гэрлэхээс зайлсхийгээрэй. Өөдгүй эртэй насаараа хамт байж болохгүй. Зан араншингийн хувьд тохирдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бие биеээсээ эрс тэс өөр характертай хүмүүс гэрлэвэл өөртөө байдаг чанарыг нөгөөгөөсөө шаардаж эхэлснээр маргаан үүсэх нь бий.


Мэдрэмж, секс, хайр дурлал
Таны амьдралын хань юу хүсч байгааг тань ойлгож, хүндэлдэг байх ёстой. Таны санал бодлыг үргэлж сонсож, аль ч тал дээр хувиа хичээдэггүй эр хүн л сайн хань болж чадна. "Би чамд хайртай" гэдэг бол зөвхөн хэлээд л болчихдог зүйл биш, үйлдлээрээ ч мөн мэдрүүлэх ёстой нандин холбоо юм. Эмэгтэйчүүд бид халамжлуулах үедээ үнэхээр хайрлуулж байгаа гэдгээ мэдэрдэг. Таны ядарсан үед анзаарч, төрсөн өдрийг тань марталгүй санаж, таньтай хамт байхыг хүсэж, үгийг тань сонсч, ямар ч үед хүлээцтэй ханддаг байх хэрэгтэй. Ямар ч шалтгаангүй байсан ч таныг дотночлон тэврээд, уулзахдаа бас салахдаа уруул дээр тань үнсэх тэр л үед хайрыг мэдэрдэггүй гэж үү? Түүнээс гадна секс бол энд зайлшгүй яригдах ёстой асуудал. Та ханьтайгаа энэ тал дээр нийлэмжтэй байх хэрэгтэй. Бэлгийн дур хүсэл, тачаалын хувьд бие биеээсээ өөр бол хамтын амьдрал, харилцаанд бэрхшээл үүсч эхэлдэг.


Зорилго, үнэнч байдал, хүндэтгэл
Өөр өөр сонирхол, хүсэлтэй байна гэдэг буруу зүйл биш. Гэвч бие биенийхээ алсын зорилгыг хүндлэхгүйгээр сайхан гэр бүл болж чадахгүй. Мэдээж зөв хүнтэйгээ гэрлэлээ гээд тайвширч болохгүй ээ. Бэрхшээлгүй амьдрал гэж үгүй. Гэвч сайн ханьтай байхад бэрхшээл тулгарсан ч түүнийг ямар нэг байдлаар даван гарч чадна гэсэн итгэл төрдөг. Учир нь дэргэд нь байхад тийм л түшигтэй, итгэл төрүүлэхүйц байдаг. Тэр танд бүрэн итгэдэг байх ёстой. Таны гар утас, цүнх, түрийвчийг шалгаж, элдэв шалдар булдар шалтгаанаар хардаж сэрддэггүй байх ёстой. Та хоёрын гэрлэлт таныг ямар нэг эрсдэл, айдаст автуулах ёсгүй. Мөн таныг захирдаг, бас танд захируулдаг байх учиргүй. Зовлон жаргал бүхий л зүйлээ хамтдаа даван туулж, амьдралын сайхан бүхнийг хуваалцахын зэрэгцээ хэн нэгэндээ бүх бурууг тохох сэтгэлгээ та хоёрын дунд байж болохгүй. Таны эргэлзээ тайлагдсан уу? Эрүүл харилцаа эрүүл гэр бүлийг бий болгодог юм шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.