Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийн үнийн жагсаалтыг хүлээн авна уу?
2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ.

“Цэцэрлэгийн хүүхдийн нэг жилийн хэрэгслийн жагсаалтыг танилцуулж байна”, “Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн хаана гарч байна вэ”, “Дүрэмт хувцсыг хаанаас, хэдэн төгрөгөөр авах вэ” зэрэг бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг хүргэж байсан.
Амралтын өдрүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар бэлтгэж буй уншигч танд бага боловч тус хүргэхээр хичээлийн хэрэгслийн үнэ ямар байгааг танилцуулж байна.
Томоохон дэлгүүрүүд хичээлийн хэрэгслийг тусгай тасаг гарган борлуулж байгаагаас гадна худалдаа эрхлэгчид нэгдэн үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж байна.
Бид хамгийн үнэ хямдтай хэмээн нэрлэгддэг “Нарантуул” худалдааны төвд хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байгааг судаллаа.
“Нарантуул” худалдааны төвийн төв хаалганы үүдээр цэцгийн худалдаа гарчээ. Цэцэрлэг, сургуулиуд сурагчдын зуны даалгаварт цэцэг тарих даалгавар өгөх нь элбэг байдаг. Тиймээс ч энэ үед цэцгийн худалдаа эрэлт ихтэй.
Энд худалдаалагдаж буй цэцгүүд 2000-25000 төгрөгний үнэтэй байна.

Дотогш орвол ажлын өдөр гэхэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Ялангуяа бичиг хэрэг болон хүүхдийн хувцасны лангуунууд үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ.

Хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэж буй н.Гантуяа “Манай хүүхдүүд нэг нь 3-р анги нөгөөх нь 4-р ангид сурдаг. Дүрэмт хувцасыг нь өнгөрсөн жил бага зэрэг томдуулаад авсан болохоор энэ цагаан цамц аваа өгчихвөл болчихно. Хүүхдийн хувцас жилдээ өмсөөд л багадчихдаг болохоор гутал, биеийн тамирын хослол, пүүз гээд л авах юм их байна даа. Хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэхэд бараг 400-гаад мянган төгрөг зарцуулсан. Гэхдээ дутуу юм бий. Өнгөрсөн жилээс үнэ нь бага зэрэг нэмэгдсэн байх шиг байна” гэсэн юм.
Энд цагаан эмэгтэй хүүхдийн цагаан цамц 10000-18000 төгрөг, эрэгтэй хүүхдийн цагаан цамц 8000-12000 төгрөгийн үнэтэй бол сургуулийн хүүхдийн цүнх 15000-60000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Биеийн тамирын хослол эмэгтэй хүүхдийнх 20000 төгрөгөөс дээш бол эрэгтэй хүүхдийнх 13000 төгрөгөөс үнэтэй. Харин цагаан майк, подволк 5000-аас дээшээр худалдаалагдаж байлаа.
Бичиг хэргийн лангуунууд бараан дээрээ тусгай самбар гарган дэвтэрний үнээ тавьсан
Нэг хүүхдийн хичээлийн хэрэглэл буюу бичиг хэрэглэл, цүнх, цагаан цамц зэргийг бэлдэхэд дунджаар бодоход 130 орчим мянган төгрөг шаардлагатай байгааг дөрвөн хүүхдийн ээж Ц.Бурмаа хэлж байсан юм. Гэхдээ энэ үнэд дүрэмт хувцас орохгүй гэдгийг тэрээр онцолсон.
“Нарантуул” зах дээр байгаа энэ үнэ хүмүүсийн хэлж буйгаар хамгийн доод үнэ бөгөөд хэрэв та хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэх гэж буй бол багадаа л энэ хэрийн мөнгө зарцуулах нь гэсэн үг.
|
Д/Д |
Нэр | Үнэ төгрөгөөр |
| Дэвтэр | 12 хуудастай | 130-250 |
| 24 хуудастай | 280-300 | |
| 32 хуудастай | 350-380 | |
| 48 хуудастай | 480 | |
| 60 хуудастай | 580 | |
| 80 хуудастай | 700-800 | |
| 96 хуудастай | 800-850 | |
| Зургийн дэвтэр | 800-4000 | |
| A4 дэвтэр | 1200-2000 | |
|
Дагалдах хэрэгсэл |
Үзгэн бал | 200-500 |
| Тосон бал | 100-500 | |
| Өнгийн харандаа | 1500-6000 | |
| Пламастер | 2000-3500 | |
| Үзэгний сав | 500-7000 | |
| Баллуур | 200-1000 | |
| Хайч | 600-2500 | |
| Усан будаг | 1000-6000 | |
| Цавуу | 400-1500 | |
| Шугам | 500-3500 |






