Хайр бол амьдралын хамгийн гайхамшигт гэрэл

Залуу хүү, охин хоёр бие биедээ ухаангүй дурлажээ. Хүү ухаангүй дурлалын бэлэг тэмдэг болгож охинд 1000 ширхэг цаасан тогоруу хийж бэлэглэв гэнэ. Хүүгийн ажилладаг компани жижигхэн, бас ирээдүй муутай, ажил нь ч урагшгүй байв. Гэсэн ч хүү охин хоёр хайрандаа бялуурч, аз жаргалаар бялхан байв.

Гэтэл нэг өдөр охин найз залуудаа “Бидний ирээдүйн амьдралд гэрэл гэгээ харагдахгүй байна. Би Парис хот руу яваад тэндээ үлдэхээр шийдсэн. Тэр нь ч дээр биз дээ. Намайг бүү хайгаарай” гэж хэлээд явлаа. Хүү сэтгэлээр унаж, өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөж байсан ч нэг л өдөр ингэж амьдарч болохгүй гэдгээ ухаарч урд урдахаасаа улам их хичээн ажиллах болов. Ингэж ажиллах нь уй гашуугаа мартахад туслаж байгаад залуу өөрөө ч урамтай байлаа.

 

Ингэж ажилласны хүчинд залуу хангалттай мөнгө хуримтлуулж, өөрийн гэсэн компанитай болж, түүнийгээ өргөжүүлэхийн төлөө нойр хоолоо умартан ажиллажээ.  Одоо залуу  нэгэнт амжилтанд хүрсэн байлаа.

Намрын нэгэн уйтгартай, бороотой өдөр залуу гэр лүүгээ харьж явав. Замд нь ганц шүхэр дундаа барьсан хоёр хөгшин хаашаа ч юм усан бороог үл хайхран алхана. Хувцас нь нэвт шувт норжээ. Хүү аажуухан дөхөж очоод хайртай бүсгүйнх нь аав ээж хоёр болохыг сая л танилаа.

Хүү тэднийг цоо шинэхэн тохилог машинтай түүнийг анзаарч хараасай гэж юу юунаас илүү хүсэв. Охинд нь ухаангүй дурлаж байсан тэр даржин залуу одоо тансаг зэрэглэлийн машин унасан, өөрийн компанитай, хувийн байшинтай юм юмтай болсныг өөрийг нь орхин одсон охины аав ээжид харуулахыг хүсч байлаа.

Залуу гэнэт хоёр хөгшин оршуулгын газрыг чиглэн явааг анзаарав. Залуу ч машинаа зогсоож тэднийг даган алхлаа. Хоёр хөгшин нэгэн шарилын чулууны хажууд очоод чимээгүйхэн тонгойн зогсов. Чулуун дээрээс хайртай бүсгүйнх нь хөөрхөн царай урдынх шигээ ялдамхан инээмсэглэж байхыг хараад залуу золтой л хашгирсангүй. Зургийн хажууд залуугийн хэзээ нэгэн цагт хайртай бүсгүйдээ зориулж урласан цаасан шувуунууд тавиатай байв.

Залуу сөхрөн уналаа. Охиных нь шарилын өмнө сөхрөн унасан залууг хоёр хөгшин танив. Тэгээд нэгэн түүхийг ярьж өгчээ. Охин Парист амьдрахаар хэзээ ч яваагүй байлаа. Харин тэр эдгэшгүй хүнд өвчин тусч, амьдрах маш богино хугацаа үлдсэн гэдгээ мэдмэгц хайртай залуугаа зовлонд унагахгүй байх нэг арга бодож олсон нь хүүг “хаяад өөр тийшээ явж байгаа”-гаа хэлэх байжээ.

Харин бүсгүй өнгөрөхдөө хайртай залуугийнх нь бэлэглэсэн цаасан шувуудыг шарил дээр нь тавихыг аав, ээжээсээ хичээнгүйлэн гуйжээ.

Энэ бол гайхамшигт хайрын түүх юм. Хайр бол амьдралын цорын ганц гэрэл гэгээ билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (92.105.100.35) 2015-02-12 15:12:35
Teneg erchuud haralgan mangar shunaltai gedgiig sain helj ugluu