Монгол бүсгүй Америкт нэрийн гутлаа гаргажээ
Монгол бүсгүй Америкт нэрийн гутлаа гаргажээ
2014-10-15 07:53:29 - Гадаад

Дэлхийд хөдөлмөрлөж, хийж бүтээн, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа Монгол цөөнгүй. Тэдний нэг бол АНУ-ын Флорида мужид ажиллаж, амьдардаг н.Ариун гэх бүсгүй юм. Тэрээр өөрийн нэрийн гутлаа гаргаад хоёр жил гаруйн нүүрийг үзжээ. Одоо түүний гутал дэлхий өнцөг булан бүрт онлайн захиалгаар худалдаалагдаж буй юм.
“Хүн болгонд нар бий. Харин тэр наранд гэрэлтэх бололцоог нь олго” гэж Сократ хэлсэн байдаг. Түүнчлэн тэрээр өөрт байгаа нарандаа гэрэлтэх бололцоог бий болгож чаджээ. Тэрээр өөрийн хүсч явсан гутлын үйлдвэрлэлээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж явна. н.Ариун өөрийн цахим хуудаснаа гутал хийх болсон түүхээ ийн бичжээ.

-АМЕРИК ТӨДИЙГҮЙ БУСАД ОРНЫ ХҮМҮҮС МИНИЙ ХИЙСЭН ГУТЛЫГ СОНИРХОХ БОЛСОН-
Намайг Ариун гэдэг. Би Хятад, Орос улсын дунд орших Монгол хэмээх улсын Эрдэнэт хотод төрж өссөн. Би гутал онд төрсөн гэж хошигнох дуртай. Гэвч энэ нь үнэн биш л дээ. Би “гутал хийхийн тулд” төрсөн гэдгээ бага наснаасаа л ойлгож мэдэрдэг байлаа. Хүүхэд байхдаа ээжийнхээ хувцасны шүүгээг уудалж, өндөр өсгийтийг нь өөрийнхөө хөлд тааруулахын тулд урд нь хөвөн чихэж өмсдөг байсан. Би үргэлж хөлд эвтэйхэн, загварлаг гутал зохион бүтээхийг хүсдэг байж билээ. Тиймээс сайхан гуталд дурлагчдын шаардлагыг хангасан, загварлаг гутал хийхээр зориг шулуудсан юм.
Хэдийгээр гутлын үйлдвэрлэл эхлүүлэх боломж хомс байсан ч хүмүүсийн сонирхол намайг “өдөөж” өгсөн. Ингээд загвар зохион бүтээгчийнхээ хамт Нью-Йорк хотноо гутлын бүдүүвч зургаа гаргаж эхэлсэн дээ. Мөн миний гутлыг Америк хүмүүс өмсөхийг хүсч байгаа нь надад ихээхэн нөлөөлсөн. Америк төдийгүй бусад орны хүмүүс ч миний гутлыг сонирхох болсон.
Би өнөөдөр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун баяр хөөртэй байна. Хийж буй зүйлээсээ өдөр бүр эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг. Энэ боломжийг олж авахад дэмжиж, урам зориг хайрласан хүн бүрт баярлалаа. Та бүхэндээ гутлын цуглуулгынхаа эхний бүтээлийг танилцуулж байна хэмээн бичжээ.
Д.АМАРТҮВШИН











