Өргөст торны цаана өөрийгөө аргамжсан бүсгүйчүүд

Хүн бүр л алддаг бас бүдэрдэг харин арай том чулуунд бүдэрсэн нь өргөст торын цаана хоригдох амьдарлын хуультай. 

Шорон гэхээр сүүдэртэй харанхуй хонгил, шоронгийн хоригдол гэхээр хүний муу бүхнийг шингээсэн амьтан гэх тэртээх үеийн бодол санаагаа тархинаасаа авцгаая аа! Ингэлээ гээд уншигч та айл гэрийг сүйтгэсэн, бяцхан охиныг доромжилсон, улс нийгэмд хор хохирол учруулсан балмад этгээд, ниймгийн шаар шавхайнуудыг өмөөрч дэвэргэж байна хэмээн халаглах нь уу? Огтхон ч тийм бодол байхгүй юм. Харин түүний дараагийн үе шат болох үйлдсэн хэргийн шийтгэлээ хүлээж дууссан үеийн он цаг энд хамаарагдана. 

 

Монголчууд бидний ярьдгаар хүн алдсан байж болно, харин алдаагаа давтахгүй ухамсарлах нь алдсанаасаа илүү сайн үзэгдэл гэдэг. Тэгвэл ямарч алдаа гаргасан байсан өөрийн гэм буруугаа ойлгосон, түүнийхээ ч шийтгэлийг амсаад,  эдлээд гарч ирсэн, сайхан амьдрах хүсэл тэмүүллээр өөрийгөө дүүргэсэн хоригдолуудын талаар энд бичиж байна. Ялангуяа манайд ганцхан байдаг  эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангиас суллагдсан бүсгүйчүүдийн ард асуултын тэмдэгээ тавьчихлаа!  Тэдний дунд нэгэн цагтаа монголын сор болсон бүсгүйчүүд, урлаг соёлын уран бүтээлчид ч явдаг. Тэгвэл тэд маань хаана юу хийж явна вэ? Бүхнийг ухаараад шинэ амьдрал эхлэхэд нь нийгэм ямар нэгэн саад учруулаагүй байгаа!

Магадгүй бидний дунд толгой гудаан явах тэр нэгэн хүн “Би гэмт хэрэгтэн шүү” хэмээн өөрийгөө зүхэн явж байгаа юм биш биз! Түүнийг гэмт хэрэгтэн гэж харахаасаа урьтаж хүн гэдгийг нь хүндэтгэе! Хэрэв тэдгээр хүмүүсийг нийгэм хүлээж авахгүй бол дахин гэмт хэрэг гарах, хүчирхийлэл архидан согтууралт ихсэх нэг том шалтгаан болох юм.

 

 Манай улс олон улсын стандартад шилжихийг эрмэлзэн хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулсаар байгаа тухай ШШГЕГазрынхан итгэлтэй ярьж байна. Гэвч иргэд хохирогчдын зүгээс “хоригдолуудыг тансаглууллаа, гэрээс нь илүү тухлаг байхаар тэд дасахгүй гээд яах юм, давтан хэрэг хийгээд очиход зовох юм байхгүй шүү дээ” гэсэн гомдолтой тулгардаг гэнэ.  Хорих ангийн хамгийн том хэрцгийлэл бол ялтанг нийгмээс тусгаарлахад оршино. Энэ л тэдний шийтгэл болохоос хорих ангид хүний эрх зөрчигдөхгүй байх ёстой.

Шорон буюу хорих анги бол урьд өмнөхөөсөө засан сайжирсан иргэн хүнийг нийгэмд  дахин төрүүлдэг нэг ёсны боловсролын байгууллага  юм. Гэхдээ төгс хүн улс эх орондоо бэлэглэж байдаг гэж битгий бодоорой.  Зөвхөн засан сайжруулах үүрэгтэй.

Сайн байна уу эрх чөлөө!

  Ийнхүү хүн л юм болсон хойно ээж аав, бяцхан үрс, ах дүүгийнхээ элгийг дэвтээж хоригдолууд нийгэмд гарч ирлээ. Одоо тэднийг ямар амьдрал хүлээж байгаа бол! Харин тэд торноос суллагдсан шувуу мэт эрх дурааараа дүүлэн нисэхийг л хүсч байгаа...

 Хорих ангиас гарсан хоригдолууд нэгдсэн журмаар ШШГЕГ харяалагдан бүртгэгдэж цаашлаад дүүргийн цагдаа, хороо хорин дээрээ хяналттай байдаг байна.

Хоригдолуудтай хамгийн ойр харьцдаг хүмүүс бол сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд, хорооны цагдаа нар юм.


Нийгмийн ажилтан хошууч Энхмаагаас хоригдолуудыг нийгэм хэрхэн хүлээж авдаг, тулгамдсан асуудлын талаар тодруулахад:

Эхэн үед хоригдлууд,  ялангуяа олон жил суусан хүмүүс нийгэмд дасах гэж их уддаг. Наад зах нь барааны үнэ, хаяг байршил мэдэхгүй, ямар албан тушаалтай яаж харьцах вэ? гэдэг дээр хүртэл гацдаг. Мөн хоригдоод гараад ирэхэд гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн байдаг тухай тэд ярьдаг.  Тиймээс ихэнх хоригдолуудын дунд ганцаардал гэх сэтгэлийн зовиуртай тулгардаг. Гэвч гараад ажил хийгээд явж буй хүн амархан нийгэмшдэг. Түүнчлэн хохирогч талын дарамт шахалт гэхчлэн тухайн хүн болон үйлдсэн гэмт хэргээс нь шалтгаалж бусдын нууц дарамт их бий.. Сүүлийн 10 жилд хоригдолын бичиг баримтны асуудал их гардаг байсан. Эрүүл мэндийн дэвтэр, паспорт зэрэг нь үрэгдсэн, эсвэл сунгагдаагүй байх гэгчлэн. Харин одоогийн байдлаар бүх хоригдолууд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Хамгийн тулгамдсан асуудал нь хоригдолуудад ажил олддоггүй гэх.

Хөдөлмөрлөх эрхээ нэгэн тодорхойлолтод боймлуулахгүй!

Гадаадад гарах, ажилд орох гэдгээс эхлээд бараг л хүнтэй гэр бүл болоход ч цагдаагийн бичиг шаардагддаг байлаа.  Өдөрт 1000 гаруй хүн ялын тодорхойлолт авах гэж оочир дараалал үүсгэдэг байсан. Харин энэ асуудлыг хууль зүйн яамнаас зохицуулсан бөгөөд албан газар, пүүс компаниуд иргэдээс ялтны бичиг шаардахыг хориглосон байна.Зөвхөн доор дурьдсан 20 байгууллага заавал тодорхойлолт үзэх ёстой гэсэн хууль зүйн сайдын тушаал гарчээ.

1.    Шүүхийн байгууллага

2.    Прокурорын байгууллага

3.    МУ-ын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дэх хэсэг, 7, 8, дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд 

4.    Сонгуулийн ерөнхий хороо болон нэр дэвшигч

5.    АТГ

6.    Монгол банк, Банк үүсгэн байгуулагч

7.    Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн

8.    Шат шатны Засаг дарга нар

9.    Иргэний бүртгэлийн байгууллага

10.    Нийгмийн даатгалын байгууллага

11.    Цагдаагийн байгууллага

12.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

13.    Таварын байгууллага

14.    Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

15.    Шүүхийн шинжилгээний байгууллага

16.    Дүүргийн цэргийн хэлтэс

17.    Монголын өмгөөлөгчдийн холбоо

18.    Орон сууц хувьчлах товчоо

19.    Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага

20.    Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага


Хөдөлмөр эрхлэлтийн сангаас нөхөн олговор олгодог

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 15.1.2-т зааснаар “Хорих ангиас суллагдсан иргэдийг үйлдвэр дээрээ дадлагажуулан ажиллуулж үндсэн ажилтнаар авсан ажил олгогчид дадлагийн хугацааны зардлыг нөхөн олгож, нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.” гэсэн заалт байна. Ийм ч учраас хоригдолуудыг ажилд авахгүй гэж гадуурхах биш өөрсдөд нь ашигтай учраас аж ахуйн нэгж газрууд суллагдсан ур чадвартай хоригдлуудыг ажилд авах сонирхолтой байдаг байна.

Мөн хорих ангид ял эдэлж байсан хүн тэнсэн харгалзах хугацаагаа дуусгасны дараа ялгүй гэсэн бичиг цагдаагийн газраас авч болдог бөгөөд улсын байгууллагад ажиллах эрх нь хүртэл нээлттэй байдаг байна. Эрүүгийн хуулийн 78-р зүйлд ямар хугацаанд гэмт хэрэгтэн ялгүй болохыг зааж өгсөн байдаг. Хамгийн ихдээ 10 хүртэлх жилийн дотор  давтан гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй хэмээн тооцох аж.

407 дугаар хорих ангид МСҮТ ажилладаг бөгөөд ихэвчлэн хоригдолууд тэнд мэргэшсэн чиглэлээрээ гарч ажилладаг.


 Тухайлбал оёдлын үйлдвэрт хувиарлагдан ажиллаж байсан бол “Буян” ХХК-д гэрээгээр ажилладаг байна. Одоо тэнд 80 хоригдол ажиллаж байна. Засал чимэглэл хийж сурсан бол тэр чиглэлээрээ барилгын компаниудад ажилладаг гэнэ. Одоогоор байдлаар 407-р ангид 24 эмэгтэй засал чимэглэлийн сургалтанд сууж байна. Мөн тэнд их дээд сургуульд ичнээ ангиар сурах нөхцөл нь бүрдсэн бөгөөд хоригдолын хүсэлтээр, төлбөрөө төлсөн тохиолдолд тухайлсан сургуулийн багш нар ирж хичээл заадаг байна. Мөн жолооны курс ч төгсөх боломжтой аж.                                                                                            Дээрхээс үзэхэд нийгэм төр засаг  алдсан иргэдээ хөсөр хаядаггүй бололтой.

 ШШГЕГ-аас авсан дүн тооцоогоор яг одоо 407-р хорих ангид чанга болон жирийн дэглэм нийтдээ 337 эмэгтэй хоригдож байна. 2013 оны байдлаар 129 хоригдол суллагдсан бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар жилд 150 орчим хоригдол ялаа эдэлж дуусдаг байна.  Энэ бага тоо биш юм. Үүн дээр өршөөлөөр, уучлалаар суллагдсан эмэгтэйчүүд нэмэгдэнэ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өршөөлийн таван хууль батлагдсан. Хамгийн сүүлд гэхэд 2009 оны байдлаар олон жилийн дундажтай адил буюу 114 эмэгтэй суллагджээ.  Мөн эдгээртэй дүйцэхүйц тооны бүсгүйчүүд шоронгийн хаалгыг татаж байна гэсэн үг юм.  Энэ их оролт гаралтын урсгал дунд та бид явж буйгаа үл анзаарна. Гэвч  зэрэгцээд алхалж яваа талын мөөг шиг энэ олон хүмүүс цагаа тулахаар олддоггүй, өөрийг нь шоронд байсан гэдгийг бусад хүн, нийгэм мэдэх вий гэхээс айн цэрвэнэ. Тэр ч зүй ёсны үзэгдэл юм.

Тэрэн дундаас саяхан суллагдсан Б гэгч бүсгүйтэй уулзаж ярилцсан юм. Түүнийг зүгээр ч сонгосонгүй. Тэрээр нийгмээс түүнд үзүүлэх олон бэрхшээлийг даван гарч, бусдад өөрийгөө богино хугацаанд таниулан яваа бөгөөд хэний ч гарыг харалгүй 2 хүүхдээ гэр орноо хүнээс дутахгүй авч яваа. 30 гаруйхан настай залуухан энэ бүсгүй хүний наймааны хэргээр 5 жилийн ял авсан бөгөөд  шоронд ажлаа нэг ч удаа тасалдуулалгүй шагналын хоногоо цуглуулсны үндсэн дээр  хугацаанаасаа өмнө буюу тэнэсэнгээр суллагджээ.

 

Өргөст торны цаана өөрийгөө аргамжсан бүсгүйчүүдийн дуу хоолой

 Хорих ангид бишгүй л ядарч зовсон байлгүй хэмээн бага зэрэг баяр хөөрөө даран ороход харин ч сэргэлэн хар нүдтэй, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан бүсгүй намайг угтсан юм. Түүнийг их ажил хийж, ядарч зүдэрснийг эрэгтэй хүнээс дутахгүй шөрмөс суусан том гар нь л илтгэж байлаа. “Тэнд олон зүйлийг ухаарсан, буруугаа ойлгосон, алдаагаа давтахгүй” гэх нэг утгатай үгсийг олон дахин хэлэх нь энэ бүсгүй өргөст торны цаана өөрөө өөрийгөө л аваачсан гэдгээ хэлэх гээд байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Хорихоос суллагдаад хэр удаж байна! Нийгэм таныг хэрхэн угтаж авсан бэ?

Сар гаруй болж байна. 3 жил 8 сар тэнэсэнгээр гарч ирлээ.

Яаж яваад хүний наймааны хэрэгт орооцолдчихов! Яг юу болсон юм!

Би шоронд орохоосоо өмнө зугаа цэнгэл хөөсөн, архинд орчихсон хүмүүсийн хэлдгээр “хүнд гар” байлаа. Тэгж явахдаа нэг өвөр монгол залуутай танилцан түүндээ туслах гэсэн нь  гэмт хэрэгт ороогдох нөхцөл болсон юм.

Нэгэн удаа тэр залуу манай эгч хөх хотод караоке ажиллуулах гэж байгаа юм. Чи таньдаг хамаатан саднаа авчирч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан.  Би ч намайг гэх, намайг дагах хамаатан садан байхгүй болохоор “ажилд авна” гэсэн зар өгчихлөө. Гэтэл 4 охин хүрээд ирсэн юм. Би дагуулаад  Хөх хотод очсон. Хоёр нь тэнцээд хоёр нь тэнцэхгүй гэсэн. Би ч дөрөвүүлээ нутаг буцъя гэсэн боловч тэнцээгүй 2 маань нэг ирсэнийх хоосон буцмааргүй байна ажил хийе гэж байсан. Намайг цаашаа Бээжин явах хойгуур тэд нар ажилд орох гэж яваад, биеэ үнэлдэг хүмүүстэй танилцаад тэнд ажиллаж байсан байна лээ. Төд удалгүй дөрвүүлээ цувраад ирцгээсэн. Гэтэл нөгөө охидууд маань биеэ үнэлэгчдийн жагсаалтад бүртгэгдсэн байсан. Түүнээс үүдээд намайг хүний наймааны зууч болсон, хоёроос дээш хүн хил давуулсан  хэргээр шүүхээс 11 жил чанга дэглэмтэй хорих ял оноосон.  Дахин шүүх  хурлаар 5 жил жирийн дэглэмтэй хоригдохоор болсон юм. Энэ бүхэн аль аль талын хөнгөн хийсвэр,  хөнгөмсөг, амархан мөнгө олох бодлоос болсон.

Анх буруу замаар орох гол шалтгаан?

Хүний хувь тавилан юм байлгүй. Би залуудаа хүнтэй гэрлээд, хоёр хөөрхөн хүүтэй дөрвүүлээ сайхан амьдарч байсан юм. Гэтэл нөхөр маань зүрхний архаг өвчтэй болохоо мэдээд гэнэт сэтгэл санаагаар унасан, тэнэж яваад л үхье гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд л архинд ороод, гадуур тэнээд гэртээ ирдэггүй болчихсон. Би ч гэр бүлийнхээ төлөө их зүтгэдэг байсан. Гэвч нөхөр маань нэг л өдөр хамаг хувцсаа аваад хаашаа ч юм явчихсан. Ирдэггүй ээ! Их удсан. Одоо ч ирээгүй. Тэвчихгүйн эрхэнд  би сэтгэл санаагаар унаад архинд орсон. Гэртээ ганцаараа л архи уугаад суудаг болсон. Гэр бүлийнхэн маань намайг дийлэхгүй, надаас болоод бүх юм сүйрч байсан байна билээ. Одоо бодоход!. Найз нөхөд ч үгүй болсон. Ингэж л бүх юм буруугаар эргэсэн дээ...

Хорих ангийн нэг өдрийн амьдрал? Ядрах зүдрэх үе их л байсан биз!

Өглөө тоондоо гарна, цайгаа ууна, ажилдаа явна, оройн 9 цагаас  ажлаасаа бууна бусад хүмүүс 6 гээд буучихдаг байсан. Би сунгаж ажилладаг байлаа. Оройн тоондоо орно. Энэ бүхэн л давтагдана даа. Анх очоод ус буцалгагч хийсэн. Ус зөөвөл үйлийн үр нимгэрдэг гэж хоригдолууд ярьдаг юм. Тэгээд л усаа зөөгөөд, буцалгаад л явдаг байлаа. Дараа нь галч хийлээ. Гэтэл моторны дуу мэдрэлд нөлөөлж, түүнээсээ болоод ухаан алддаг байсан юм. Түүнээс хойш оёдолд хувиарлагдаж, зүү ороох оёдол дагнан 2 жил гаруй болсон. Хамгийн гол нь муу зүйл бодохгүй ажил хийж л өөрийгөө сатааруулдаг байсан. Тэнд “ядарлаа, больё” гэх эрх байхгүй шүү дээ. Хийх л ёстой...

Одоо гарч ирээд та хэрхэн амьдарч байна. Таныг гэх хүмүүс хэр байна?

Дарь эхэд 2 хүүтэйгээ амьдарч байна. Хорих ангид сурсан зүүх ороох оёдлоороо хөөрөгний даалин хийж зарж байгаа. Аав ээж, ах дүү нар маань их эмзэг болсон байх юм. Надад нэг үг хэлчихээд араас их эмзэглэдэг. Өмнөх найз нөхдөөсөө бол холбоогоо тасалсан. Ямар хүнтэй нөхөрлөхөөс их юм шалтгаалдагийг ойлгосон..

Түүний бүтээлээс...




Нэг даалинг хэдий хэр хугацаанд оёдог вэ? Зөвхөн даалин оёоод амьдралд тань хүрэлцэж байна гэж үү! Яг одоо дутагдаж байгаа зүйл юу байна?

10 хоногт хоёр ч даалин гардаг. Түүнийгээ боломжийн үнээр зардаг. Захиалга тасрахгүй байгаа. Төсвийн байгууллагийн дундаж цалинтай л тэнцэнэ. Их ажиллавал илүү ч ихийг олох боломжтой. Тэгээд ч автобус унаа хоолны мөнгө зарлагадахгүй. Улсаас гэр оронгүй хоригдолд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг юм билээ. Хүсэлтээ өгсөн тун удахгүй гэртэй болно.

Хоригдолуудын хөдөлмөрийн хөлсний 10 хувь нь гар дээр очих хуультай.  Та түүнийгээ хадгалж чадсан уу? Гараад ирэхэд тань хэрэг болсон уу!

Сар бүр 17 мянган төгрөг олгодог. Түүнийгээ хэрэглээндээ зарцуулдаг. Сая гарч ирэхдээ 70 мянган төгрөгтэй үлдсэн байсан./инээв/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга шүү дээ! Та нар арай дутуу авдаг юм биш үү!

6,7 сарын өмнө 19 мянга байснаа гэнэт багассан. Амжиргааны зардал 17 мянга гэж дээрээс тогтоосон гэсэн. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Хамгийн ихдээ л 17 мянгыг авна, оёсон, нэхсэн зүйл зарагдахгүй бол түүнээс бага авна.

Ялын бодлогын талаар та юу бодож байна вэ?

Монголын хууль чанга. 25 жил, 18 жил гэхчилэн. Миний 5 жил ч надад хүнд л байсан. Тухайн хүн богино хугацаанд ойлгож ухаарч байвал бүрэн суулгах шаардлага байхгүй гэж боддог.

Хүний эрхийн үндэсний комиссд маш их гомдол санал ирдэг тухай албаны хүн ярьж байна. 2 жилийн өмнө эмэгтэйчүүдийн хориход хүний эрх хамгийн их зөрчигддөг гэсэн тооцоо гарсан.  Та орчинд байсан хүн юу хэлэх вэ?

Жирийн дэглэмтэй хорих ангид гайгүй. Чангад 2 сар байсан. Тэнд хүмүүс их сэтгэлийн тогтворгүй байдалд байдаг. Би ч анх 11 жил чангад суух ял авчихаад байхдаа маш их цочролд орж байсан. “Энэ чинь юу болж байна аа! 10 гаруй жил, тэгээд чанга дэглэмтэй шоронд хоригдох нь гэж бодохоор хашгирч, уйлмаар л болдог байлаа. Тэр хүмүүсээс гарч байгаад заавал хариугаа авна даа гэсэн бодол салдаггүй байсан. Ер нь хоригдолууд олон жилийн ялтайдаа бөглөгдчихсөн байдаг. Удаан суусан нь шинэ орж ирсэнээ дээрэлхэх тохиолдол гардаг. Харгалзагчид нь ч их догшин.  Тэнд би 2 сарын хугацаанд түр хоригдоод гэрийнхэнтэйгээ уулзаж байхад “чиний нүдний харц чинь хүртэл ширүүн догшин болчихсон байна” гэж байсан.

Орчин нөхцөлийн хувьд болохгүй бүтэхгүй зүйл гайгүй ш дээ. Өмнө нь хэцүү л байсан гэдэг юм. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө тэнд зөв аваад явчихад гайгүй. Өөрөө өөрөөсөө болж их буруутдаг юм. Түүнээсээ л болж гомдол санал гаргадаг байх.


Бас нялх хүүхэдтэй бүсгүйчүүд хоригддог. Ээж нь ял эдэлснийг дагаад тэр бяцхан амьтад бас ял эдэлж байна гэсэн үг. Орчин нөхцөл яаж тэдэнд тохирохов. Тэр тал дээр их эмзэглэдэг.

Суллагдсан хүмүүстэй холбоотой байна уу? Тэд ихэвчлэн ямар ажил хийж байх юм?

Холбоотой байдаг. Надаас өмнө суллагдсан охинтой таарсан. Архинд ороод, гудамжинд гарчихсан явж байсан. Харин түүнээс илүү амьдралын төлөө, сайн явж байгаа хүүхнүүд бас бий. Ихэнх нь хувиараа л юм хийж байгаа.

Албан хаагчид хоригдол болон, хоригдолуудын хоорондын  харьцааны талаар...

Эхэн үед би харгалзагчидыг үзэн яддаг байсан. Яагаад хүнтэй ингэж харьцдаг юм бол гэх бодол салдаггүй байсан. Шоронгийн манаачид ч гэж зүхдэг байлаа. Юуг нуухав! Гэхдээ хүний хандлага их чухал зүйл гэдгийг явцын дунд мэдэрсэн. Би яагаад тэдгээр хүмүүсийг муугаар харах ёстой юм. Энэ чинь тэдгээрийн ажил шүү дээ гэж бодож эхэлсэн. Тэгмэгц тухайн хүмүүсийн сайн тал нь надад анзаарагдаж эхэлсэн. Тэгж л би өөрийгөө чөлөөлж чадсан.

Хүмүүсийн хэлдэг “аймар” нөхдүүд шоронд бий. Хүн амийн хэргээр орж ирчихээд дахиад “ална” гэж ярих ч хүн байдаг. Яасан хаширдаггүй толгой вэ? л гэж бодох үе байдаг!

Нөгөө талаар нүүрэндээ мишээл тодруулсан, хүн болгонтой сайн харьцаж байгаа хүнийг “энэ одоо яагаад инээгээд баясаад байгаа юм, шоронд орж ирчихээд” гэж бусад хоригдол дургүйцдэг. Яагаад хүн инээж баясаж болдоггүй юм.

Гэхдээ хүүхнүүд чинь үнэхээр өрөвдмөөр. Хоёр биентэйгээ үс гэзгээ тасдан байж муудалцчихаад дараа нь “найзаа, найзаа” гээд бие биендээ туслаад явж байгааг хараад хааяа нүднээс нулимс гардаг л юм.


Уйлах үе хэр гарч байсан бэ? Нойтон дэртэй хонох үе! Хүүхдүүдээ тэврээд, элгэндээ наахыг хүсдэг л байсан биз... Ээж нь шоронд орсон, ээж нь торны цаана хоригдож байгаа гэх сэтгэхүй хүүхдийн сэтгэлд хүндээр тусдаг нь мэдээж!

Түүн шиг хэцүү зүйл байхгүй. Тиймийн тулд өдөртөө их ажил хийдэг байсан. Өөрийн эрхгүй ядраад юм бодолгүй унтахын тулд . Ер нь ар гэрийнхэндээ л их санаа зовно доо.

Одоо хүү маань хэдэн цагаар л гэртээ ирэхгүй байхаар утасдаад “Ээж таныг байхгүй байхаар санаад байх юм” гэдэг. Мөн ээж аавынхаа нэрийг бодохоор элэг эмтэрмээр л байдаг. Анх ээж маань хүмүүсд охин маань Солонгос явсан гэж хэлдэг байсан гэсэн. Харин дараа нь мэдсэн нэг хүн “Худлаа яриад, шоронд л орсон гэсэн ш дээ” гэснийг бодоод “ийм ч охин байх гэж” хэмээн өөрийгөө зүхдэг.

Цаашид?

Зүүх ороох оёдлоо бусдад зааж өгч мөн өргөжүүлэх санаатай. Энэ мэт бодсон зүйл их бий. 2 хүүгээ л сайн хүн болгон өсгөж, өөрийнхөө алдааг давтуулахгүй. Хүүнүүддээ цээжлүүлдэг гурамсан сүлжээ бий! Хориход байхдаа номноос олж цээжилсэн юм.

Агсран согтуурч, алмайран сэвэх

Аархуу зан, дээрэлхүү аяс

Атаархан хорсч, ховлон гутаах

Аргалан мэхлэж, ховсоргон сэтгэх

Өөрийгөө өмөөрч өрвөлзөн хэрэлдэх

Өрөөлийг муучилж өсөргөн хорсох

Өөдгүй зан төрсөн даруйд

Өчиггүй мод мэт орштугай!   Ийм буруу сэтгэл төрөх дариуд биеэ барь гэдэг.

Ийнхүү бидний богино яриа өндөрлөсөн юм. Түүнтэй цуг автобусны буудал дөхөн алхлаа. Тэрээр хүмүүсийн дунд ороод нэг л биеэ барьсан харагдах бөгөөд цаанаа л нэг жихүүн байдал ажиглагдсан юм.  Магадгүй автобусны чиглэл асуун явах түүнд зүг чиг өгөх, сэтгэлийн дэм өгөх хэн нэгэн хэрэгтэй мэт. Гарч ирсэн бүсгүйчүүд хорооны цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчидтэйгээ ойрхон байх нь зүг чигээ олоход туслах биз ээ!

 

Шоронгийн хаалганы гадна нар ээн зогсох хэн ч болов дахин алдахгүй гэж боддог. Сайхан амьдаръя, алдсан хугацаагаа эргэн нөхөе гэсэн бодол тээн нийгэм гэх ухаант бас алдаагүй, ариун хүмүүсийн бөөгнөрөл зүг алхална. Гагцхүү түүнийг ямар нийгэм хүлээж авах, цаашид хэрхэн амьдрах нь өөрөөс нь шалтгаалах юм.  407-р ангиас суллагдсан бүсгүйчүүд Эрүүгийн хуулийн 91, 147 буюу залилан, хулгайн хэргээр давтан хэрэг үйлдэх нь давамгай байдаг байна. Хэрэв алдаагаа давталгүй, тэнэсэн хугацаагаа дуусгаж чадвал шоронгийн ялтан бус жирийн иргэн болох боломжтой. Болсон ч хүмүүсийн жишээ энд олон. Тийнхүү нэг хэсэг нь төрийн байгууллагад ажиллаж, зарим нэг нь хувийн хоршоо байгуулан улс эх орондоо чамгүй татвар төлж байна. Нэгэн үе нийгмийн хог шаар хэмээгдэж явсан тэд нийгмийн манлайлагч болон явж байна.        

Дараагийн дугаарт бүсгүйчүүд ямар замаар хүний наймаанд өртдөг, яагаад хар тамхинд ордог талаарх сэрэмжлүүлэг цуврал нийтлэлээ хүргэх болно.    

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
уншигч (202.179.24.111) 2016-02-23 14:25:30
Уучлаарай Тэнэсэнгээр суллагдсан биш тэнсэнгээр буюу тэнсэн харгалзах гэсэн утгатай үг л дээ Тэнэсэнгээр гэхээр гадуур тэнэхийн тэнэсэн болоод бна л даа Сэтгүүлч хүн бичсэн бол энэ 2 үгний утгыг нь ялгаж салгаж ойлгодог баймаар юм
mm (49.98.175.105) 2015-02-10 21:52:00
Hun hunee oilgoj hairlaj amidrah saihan