“Eco beauty” салоны захирал Т.Оюунжаргал: Үс халцрахаас айх хэрэггүй боллоо Монгол брэнд

Монголын хөрсөнд хаа сайгүй ургадаг халгайг шинэ дээр нь түүж, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу бүтээгдэхүүн болгон гаргаад үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлдэг газар бол “Eco beauty” салон. Тус салоны захирал бүсгүйг Т.Оюунжаргал гэдэг. Өдгөө өөрийн сонирхсон мэргэжлээр дагнан ажилладаг тэрээр олны танил урлаг, спортын алдартнуудаас эхлээд хэдийнээ өөрийн гэсэн олон хэрэглэгчидтэй болжээ. Нимбэгээр амталсан эрүүл мэндэд маш тустай халгайны цай, үс ургуулж эрүүлжүүлдэг халгайн бүтээгдэхүүн, гараар хэлхэж, шүрээр гоёсон амраах үйлчилгээ бүхий шагайгаар хийсэн суудал гээд  “Eco beauty” салонд хүний анхаарлыг татахуйц зүйл олон юм билээ. Ингээд Т.Оюунжаргал манай сайтын онцлох зочноор уригдлаа.



Гадны брэнд гэхээс илүүтэй, Монголд ургасан халгайгаар хэрэглэгчдийн эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулж буй танай салоны үйлчилгээ сонирхол татаж байна. Юун түрүүнд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би үсчин мэргэжлээрээ арваад жил ажиллаж байна. Харин халгай гэдэг “нөхөр”-тэйгөө найзлаад найман жил боллоо. Энэ чиглэлийн судалгааны болон эмчилгээний ажлуудыг хийсэн.  Ерөнхийдөө миний хийж, бүтээх гэж зорьж байгаа зүйл гэвэл, халгайг зөвхөн Монголд төдийгүй, дэлхийн  брэнд үйлчилгээ болгох юмсан гэж хүсч, зорьж, мөрөөддөг.

Үсчин, гоо сайхны салонд халгайг хэрэглэх арга, санааг анх хэрхэн олж авснаа сонирхуулахгүй юу?

Манай улс өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн тэр бүр үйлдвэрлэдэггүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг яах аргагүй гаднаас авч таардаг. Гадны янз бүрийн нэртэй брэнд бүтээгдэхүүнүүд рүү үг дуугүй хошуурдаг. Монголын хөрсөнд, өвөг дээдсийн маань, тухайн үеийн хатдын хэрэглэж байсан уламжлалт ухааныг бага зэрэг сэргээж өгч, орчин үетэй хослуулж өгвөл бидэнд илүү амархан, үр дүнтэйгээс гадна, хямд зардалтай, төгс бүтээгдэхүүн байх  юм болов уу гэж би боддог. Хүмүүс үсэндээ хайр найргүй хими, будаг хийлгээд, сор тавиулж байгааг үсчин хүний нүдээр хараад энэ бүгдийн дараа хогийн шүүр шиг болчихсон үсэнд яг юу хэрэглэвэл эрүүлжих вэ гэдгийг  байнга боддог байлаа. Манай эмээ их холч ухаантай, мундаг хүн байдаг. Нэг талаараа халгайг үсэнд ашиглахыг зааж, зааварласан анхны багш маань миний эмээ.  Намайг хүүхэд байхад эмээ, үсийг маань халгайгаар угааж өгдөг байлаа. Ингээд нэг өдөр эмээгээсээ үс нь түлэгдэж, гэмтсэн хүнд халгай хэрхэн үйлчилдэгийг асуухад, надад бяцхан жорыг зааж өгсөн юм. Халгайг үсчин, гоо сайханд ашиглах болсон үүсэл нь тэндээс л  улбаатай. Тэр жорын дагуу хүний үсийг арчилж, анх янз бүрээр л хэрэглэж үзсэн.

Халгайг усанд хийж хонуулах л юм бол эхний өдрөө зүгээр байснаа маргааш нь  муудаж, өмхийрчихдэг. Хадгалалтын жорыг нь цаг хугацааны туршид  өдий болтол хадгалж, жилийн дөрвөн улиралд сойж бэлдэж сураад байгаа. Анх халгайг хэрэглэж эхэлж байх үед үсэндээ арван хоног курс эмчилгээ хийлгэсэн хүний үс ургаж, үр дүнтэй байгааг нь олж харсан. Тэгээд халгай ямар их гайхамшигтай болохыг судалж, хэрэглэж эхэлсэний үндсэн дээр өнөөдөр шидэт бүтээгдэхүүн болоод байгаа нь энэ юм.



Халгайг хэрхэн түүж, орчин үеийн технологитой хослуулдаг вэ?

Халгайгаа жил болгон тогтсон газраасаа очиж авдаг. Авахдаа  байгаль дэлхийдээ өргөл барьцаа өргөж, хангай дэлхийгээс хишгээ гуйж авдаг юм. Богино хугацаанд түүхгүй бол халгай  маш хурдацтай ургадаг ургамлын нэг л дээ. Дэлхий дээр цөөхөн, бараг хоёр, гуравхан төрлийн хогийн ургамал байдаг. Залуу бага дээрээ эмийн ургамал байж байгаад, өсөөд ирэхээр хогийн ургамал шиг болчихдог. Гэхдээ бага, шимтэй байгаа хэсгийг нь олж авна гэдэг бол тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Халгайг түүхэд 20 гаруй хоног зарцуулдаг. Манайхаар үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөө жил түүхэндээ хамгийн их халгай буюу хоёр тонн орчмыг түүсэн.

Түүж ирсэн халгайг үс, гоо сайхны эмчилгээнд ашиглах тал дээр эрдэмтдийн багтай хамтарч ажилладаг гэсэн?

Тийм ээ. Эрдэмтдийн багтай хамтарч ажиллаад удаж байна. Түүж ирсэн халгайн дээжээ эрдэмтэдэд нийлүүлж, нэг бүтээгдэхүүн гаргаж ирдэг. Халгайг зүгээр л уулнаас түүж авчираад хэрэглэгчдэд хүргэдэггүй. Маш олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэж, олон өдрийн ажиллагааны дараа  хүний толгойд хүрдэг учраас үүнээс үр дүн гарч, амжилтад хүрнэ гэдэгт би хэзээд итгэдэг.    

Танай үйлчлүүлэгчдийг ихэнхдээ эмэгтэйчүүдээр төсөөлсөн. Гэтэл олон эрчүүд зорин ирж, үсэндээ халгайн эмчилгээ хийлгэж харагдсан…?

Манай үйлчлүүлэгчид  хүйсийн хувьд 50:50 хувьтай гэж болно. Халгайны хандын эмчилгээнд сүүлийн нэг жилийн байдлаар эрчүүд, тэр дундаа залуус их ирж үйлчлүүлдэг болоод байгаа. Үс халцрах, шингэрэх зэрэг нь нийгмийн өвчин болчихсон. Тэр тусмаа залуусын дунд түгээмэл байдаг. Ер нь эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол халгайн эмчилгээндээ идэвхтэй явдаг.


Халгайн цай, алжаал тайлах сүлжсэн шагайн суудал гээд танай салонд хүний анхаарал татахуйц зүйл их юм.  Салоны бариа, эмчилгээнд танайх өөр ямар бүтээгдэхүүн ашигладаг вэ?

Манайх бүх төрлийн массажны үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Иргэдийн эмчилгээнд экологийн таван төрлийн бүтээгдэхүүнийг ашигладаг байгаа. Жишээ нь, шар тосон бариа хийдэг. Буруу хооллолт, хэт ядрах, стресс, зөв зохистой хувцаслаагүйгээс хүний дотоод эрхтэн хийтэй болдог. Энэ хийг шар тосоор л тайлдаг. Эфирийн тосны анхилам үнэртэй ариун ганга бас бий.

Мөн зүгээр суудал дээр эсвэл автомашины суудалд суухаар хөлрөөд, бие наалдаад хөлөргөдөг шүү дээ. Гэтэл шагайн суудал хөлөргөдөггүйгээр барахгүй  хүний эрүүл мэндэд ээлтэй.Зарим тохиолдолд хүмүүс шагайг мөлжихгүй, хөсөр хаячихдаг байх л даа. Гэтэл бид мөлжөөд, тосыг нь аваад сүлжиж суудлан дээр тавьдаг.  Энэ бол манай гэр бүлийн хүний санаа л даа. Бид хоёр чөлөөт цагаараа шагайг хэлхдэг. Ингэж шагай хэлхэх нь хүний ядаргааг тайлдаг юм билээ. Энэ мэтчилэнгээр өнөөдөр юмыг  зорьж, өөрөөсөө ухаж, түнхэж, тэр тусмаа монгол брэндийг олонд таниулах нь залуус бидний зорилго байх ёстой. Энэ үүднээс аль болох  өвөг дээдэс, ах дүүгийн хэлж байсан арга ухаанаас суралцаж, амьдралдаа, бизнестээ хэрэгжүүлэхийг зорьдог.

Халгайг эмчилгээнд ашиглахын тулд бие дааж судалгаа хийх, түүнийгээ турших нь хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш. Орчин үеийн залуусын төлөөлөл,залуу хүний хувьд энэ талаарх таны байр суурь юу вэ?

Хэдэн жилийн өмнө нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай хүнтэй яриад сууж байхад надад “Энэ зуун эмэгтэйчүүдийн зуун” гэж хэлсэн. Тав, арван жилийн өмнө эмэгтэйчүүдээс асуулт асуухад “Мөнгөтэй, хөрөнгөтэй нөхөртэй сууна” гэж ярьдаг байсан бол одоо “баялагийг өөрсдөө бүтээнэ” гэдэг болсон. Энэ үгтэй би санал нийлдэг.Тийм учраас би охид бүсгүйчүүд, залуучууд, оюутнуудад ямагт хүн тэмцэгч, дайчин байж,  юмыг мөнгөөр биш сэтгэл, үнэлэмж, чанараар хараасай л гэж хүсдэг. Аливаа юманд сэтгэл гаргасан байхад түүний хариу байж л байдаг. Манайхан жаахан туйлбар муутай юм шиг надад санагддаг. Би өөрөө залуу хүн. Олон залуучуудын төлөөлөл,тэдэнтэй хамтарч ажилладаг. Үсчиний мэргэжлээр ажилладаг мянга мянган шавьтай. Одоогийн залуучууд үг даах тал дээр шантрамтгай юм шиг санагдсан. Аливаа юмыг хойш тавьж, үлдээлгүйгээр дуустал нь хийх юм бол тэр хөдөлмөрийн үр шимбайдаг юм болов уу л гэж хардаг. Тийм ч учраас би өөрийгөө Монголын, зөвхөнУлаанбаатар хотод байгаа нэг сая хэрэглэгчээр хардаггүй. Би олон улсын тавцанд   гарна. Дэлхийн бүх хүмүүсийн үсийг эмчлэх хэмжээнд очихыг үгүйсгэхгүй.  Дэлхийд данстай эрдэмтэн болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс үүний төлөө зорьж, хичээнэ. Ямар ч байсан үсний халгайн эмчилгээ, арчилгаа маань нэг юм дуулгана байх гэж боддог.
 
 “Eco beauty” салон өнөөдөр хэдэн салбартай болж өргөжөөд байна вэ?

-Хоёр салбартай. Нэг нь Их дэлгүүрийн ард,  нөгөө нь Хан-Уул дүүрэг Богдын музейн чанх урд талд, Шилтгээн хотхонд байрладаг. Үс арчилгаа, нүүр, гар, хөл, биеийн гээд олон төрлийн массаж, бусад салонуудад хийгддэг үсний будаг, хими зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ бусдаас ялгарах давуу тал нь гэвэл, жилдээ нэгээс хоёр удаа манай баг, бүрэлдэхүүн ээлжлэн гадагшаа явж, сургалтад хамрагддаг. Би өөрөө хавар, намартаа заавал Солонгос явж, багш дээрээ очдог. Тэндээс шинэ юм сурч ирнэ. Сурсан, мэдсэнээ Монголд ирээд, “Eco beuaty” салоноор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, нэвтрүүлдэг. Жишээ нь, угны химийг манай салон технологийх нь дагуу хийдэг. Өнөөдөр зарим үсчин, салонууд бусдыг дуурайгаад хийх гээд байж магадгүй. Гол нь нарийн технологийг алдагдуулахгүй хийж байж л үнэ цэнэтэй байдаг. Манай салонд ихэвчлэн залуу хүмүүс ажилладаг. Өөрсдийгөө хөгжүүлэх хүсэл зорилготой залуучуудтай хамтарч ажилладгаараа бахархдаг.



Энэ дашрамд манай уншигчдад үсний өнгө, будгийн талаар зөвлөгөө өгөхгүй юу?

Хүнийг гоё, цэгцтэй харагдуулах хамгийн гол зүйлийн нэг нь үсний өнгө байдаг. Үнэхээр гоё үстэй байлаа гээд хөө шиг хар өнгөөр будах нь орчин үеийн сонголт биш юм. Үсний өнгө тухайн хүний  нүүрний арьсанд тохирсон байж л залуу, гэгээтэй харагдуулдаг. Хар үс овортой харагдуулдаг гэдгийг хүн бүр мэдэх байх.

Хүний гадуурх гоёл нь үс байдагтай адилхан, өнгө бол хамгийн том чиг. Манайх үсийг гэмтээлгүйгээр 3D, 4D өнгийг хийдэг. 3D, 4D өнгө гэж юуг хэлээд байна гэхээр, хүний арьсанд уусч, солонгорсон, холимог  харагддаг өнгөний гэрэлтүүлэг юм. Үс гэдэг яг л ургамал шиг амьтан. Усалж, тордвол гялалзаж, өнгөө сэргээдэг. Байгаль дэлхий өнгөө өөрчилж, өөрийнхөө гадуур хувцасыг сольсонтой адилхан бид ч гэсэн өөрсдийн гадуур хувцсаа тайлах цаг нь болчихжээ. Өөрийнхөө нэг л хэвийн дүр төрхөөсөө уйдаж байгаа бол залуу байгаа дээрээ зоригтой өөрчлөлтүүдийг хийж байгаарай гэж охид,бүсгүйчүүдэд зөвлөе. Шинэ дүр төрхөөс хүн шинээр төрсөн юм шиг мэдрэмжийг авдаг.Залуу байгаа дээрээ өөрчлөгдөж, өөрийгөө гоё харагдуулах алхамуудыг хийх хэрэгтэй. Учир нь үс хугацаатай байдаг. 40 наснаас дээш гарч, арьс доошоо сулраад ирэхээр үсийг богиносгож болдоггүй. Үс хүний өө сэвийг хаах хамгийн том бүтээл шүү дээ. Надад ийм үс зохихгүй, би тэгэж болохгүй гээд хэн нэгэн туршлагагүй үсчний зөвлөгөөгөөр насан туршдаа нэг хэвийн үстэй  яваа хүн байвал өмнөөс нь харамсч байна.  

Үсчин хүн эмч,сэтгэл зүйч, зураач гээд олон талын мэргэжлийг хавсарсан байдаг учраас ярилцлага, зөвлөгөө гэдэг хамгаас чухал. Одоо  ихэнх эмэгтэйчүүд хувийн үсчинтэй гэдэг дээр санал нэг байна. Гэхдээ тухайн үсчин таны үсийг зургаан сараас дээш хугацаанд өөрчлөхгүй байвал та үсчиндээ анхаараад, өөрчилмөөр байна гэдэг саналыг хэлэх хэрэгтэй. Үгүй бол дараагийн алхмыг хийж, шилдэг үсчин дээр очоод, өөрийнхөө дүр төрхийг байнга өөрчилж байх нь чухал юм шүү.  

Цаг зав гарган манай уншигч бүсгүйчүүдэд хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны хүсэл мөрөөдөл биеэлж халгай эмчилгээ нь дэлхийн нэртэй бүтээгдэхүүн үйлчилгээ болохыг ерөөе!

                                                                                                                                                                                       Ч.Анна 












Ингээд бүсгүйчүүдээ  “Eco beauty” салонтой дараах хаягаар холбогдоорой...

1-р салбар: ХУД Богд Хааны музейн чанх урд Шилтгээн хотхоны 1-р давхарт Eco Beauty salon
2-р салбар: ЧГД УИД-ийн чанх ард Beauty salon

Цагийн хуваарь: Өдөр бүр 10.00-20.00 цаг

Beb: www.ecobeauty.mn

E-mail: daagii0401@yahoo.com


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.