Удирдагч эмэгтэйчүүдийн амжилтанд хүрсэн замнал
Энэ өдөр бүсгүйчүүддээ Холбооны Бүгд Найрадмах Герман Улсын канцлер Ангела Меркелийн улс төрийн амьдралын талаар хүргэж байна. Хичээл зүтгэлтэй хүнийг амьдрал шагнадаг гэдэг шиг түүний хүчирхэг байсны хэрээр аз завшаан харамгүй тохиодог байжээ. Ангела Меркель хэмээх нэрийг дэлхий дахинаа мэдэхгүй хүн үгүй ээ. Манай дэлхий энэ цаг үе дэх хамгийн шилдэг бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн. Тэр оюуны чадамж удирдах авъяасаараа манлайлж олон ч эрчүүд түүний нөлөөн дор удирдлага дор байдаг гээд боддоо! Манай бүсгүйчүүдийн яах аргагүй үлгэр дуурайлал авах хүн бол Ангела Меркел мөнөөс мөн. Түүний замнал маш сонирхолтой. Яагаад тэр одоог хүртэл салсан нөхрийнхөө нэрээр овоглодог, мөн түүний амжилтад эцэг нь хэрхэн нөлөөлсөн гэх зэрэг сонирхолтой түүхийг энд дэлгэе!

Түүний эцэг Хорст Каснер шашин судлалын доктор зэрэгтэй бөгөөд Ангелагийн өссөн Зүүн Германы тэр л байшиндаа өнөөг хүртэл амьдарч, улс төр, хэрүүл шуугианаас хол өөрийн номын санд ихэнх цагийг өнгөрөөх дуртай хүн юм. Хэвлэл мэдээллийнхэнд тийм ч нээлттэй байдаггүй тэрээр хоёр Герман нэгдсэний баярыг тэмдэглэдэг ч уг үйл явдалд шүүмжлэлттэй ханддаг. Ноён Каснер охиныхоо удирддаг засгийн газрын бодлогоос илүүтэйгээр экологи, байгаль хамгааллыг сонирхдог нэгэн. Хатагтай Меркель эцгийнхээ тухай тэр бүр яриад байдаггүй ч түүний амжилт болон улс орноо удирдаж байгаа арга барилыг ноён Хорст Каснерын туулсан амьдралыг мэдэхгүйгээр бүрэн ойлгох боломжгүй билээ…

…Ангелагийн хүүхэд нас бусдын сэжигтэй харц, буруутгасан өнгө аяс дунд өнгөрсөн учир хэн хүнээс илүүтэйгээр тоглоомын дүрмийг дагах гэж хичээдэг байж. Маш сайн сурагч тэрээр хүзүүндээ улаан бүч зүүж, Ардчилсан Германы пионерийн байгууллагад элсэн улмаар Германы Залуучуудын Чөлөөт Эвлэл буюу коммунист залуучуудын байгууллагын гишүүн болов…
...Ангела физик, математикийн хичээлдээ маш дуртай байв. Сургуулиа онц дүнтэй төгссөн тэрээр зүүн Германд орчуулагч, багш, сэтгэл зүйч болж чадахгүй гэдгээ мэдэж байсан гэдэг. Тиймээс 1973 онд Лейпциг хот дахь Карл Марксын их сургуульд суралцах болсон бөгөөд таван жилийн дараа буюу 24 насандаа Ангела физикчийн диплом өвөртөлсөн ажээ...

Ангела Меркель 23 насандаа нэг сургуульд хамт сурдаг анд, Ульрих Меркельтэйгээ тэрээр сүмд хуримлав. Тэд хэдийгээр шинжлэх ухааны ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг ч өөр өөр сонирхолтой байлаа. Ангела олон нийттэй харицах дуртай, харин нөхөр нь гэртээ байхыг илүүд үзнэ. Үүнээсээ болоод ч тэд дөрвөн жилийн дараа салцгаасан бөгөөд уг гэрлэлтээс Ангела угаалгын машин, нөхрийнхөө овог хоёртой хоцорсон гэдэг.
Гэсэн ч тун удалгүй тэрээр хамт ажилладаг, эхнэр, хоёр хүүхэдтэй химич Иоахим Зауэртэй уулзаж эхлэв. Эл харилцаа үргэлжилсээр Зауэр эхнэр хүүхдээ орхиж, тэд 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ удаа тэдний хурим маш даруухан болж өнгөрчээ. Харин Ангелаа овгоо солиогүй юм. Учир нь түүний нэр аль хэдийн олонд танил болж, тэрээр улс төрчийнхөө хувьд хүлээн зөвшөөрөгдөн сайдын албан тушаалд л гэхэд хоёр ч удаа томилогдон ажилласан байв. Харин Ульрих Меркелийн тухайд тэрээр шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлэн хийсэн бөгөөд дахин гэр бүл зохиосон аж. Тэр хэдийгээр хуучин эхнэрийнхээ амжилтанд сэтгэл хангалуун байдаг ч Ногоон намыг дэмждэг байна...

...Берлиний ханыг нуран унахад оролцсон хэмээн өөрийн улс төрийн амжилтаа тодорхойлдог олонх германчуудын эсрэгээр Ангела Меркель уг үйл явцад хувь нэмэр оруулж байсан гэж ярьдаггүй билээ. Гэсэн ч чухам уг хана нуран унаснаар түүний улс төрийн амьдрал эхэлсэн ажээ...

1990 оны гуравдугаар сард Германы зүүн хэсэгт анхны, орон нутгийн сонгууль явагдсан юм. Ангела Меркель уг сонгуульд нэр дэвших зөвшөөрлийг өөрийн ажиллаж байсан шинжлэх ухааны академиас авав. Тэдний нам Христын Ардчилсан Холбоотой эвссэн бөгөөд Ангела засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Христийн Ардчилсан Холбооны гишүүн болжээ. Удалгүй холбооны парламентын анхны сонгуульд Ангела Меркель Бундестагт орлоо. Энэ үед холбооны канцлер Хелмут Кохл Меркелийг Христийн Ардчилсан Холбооны дэд тэргүүнээр сонгосноос гадна гэр бүл, залуучууд болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайдаар томилсон билээ. Ийнхүү нэр нь үл танигдах физикч эмэгтэй гучин долоон насандаа нэгдсэн Герман улсын улс төрийн цөөхөн тоглогчийн нэг болж чаджээ. Гэсэн ч түүнийг заримдаа “Кохлын Охин” хэмээн нэрлэдэг байв. Тухайн цаг үеийн зурагнуудаас түүний тийм ч анхаарал татахааргүй, өөртөө итгэлгүй харагдаж байгааг анзаарч болох билээ.
Учир нь тэрээр бусдад таалагдахыг бус харин ялахыг хүсэж байсан хэрэг. 1993 онд Мекленбургийн Христийн Ардчилсан Холбооны дарга татвараа буруу тооцож төлсөн хэрэг илрэхэд Ангела Меркель түүний орыг авч тойргийнхоо ХАХ-ын даргаар сонгогдсон юм. Улмаар 1998 онд Грехард Шрёдероор толгойлуулсан Германы Социал демократ нам сонгуульд ялж, төрийн эрхийг авах хүртэл 1994 оноос Кохл түүнд санал болгосноор Байгаль орчны сайдын албыг хашиж байлаа... ...1998 онд тэдний холбоо сонгуульд ялагдсаны дараа Кохл Христийн Ардчилсан Холбооны тэргүүний ажлаасаа татгалзсан бол түүний орыг авсан Вольфганг Шойбле Ангела Меркельд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болголоо. Үүнээс хэдэн сарын дараа Христийн Ардчилсан Холбооны санхүүгийн албатай холбоотой татварын гэмт хэрэг илрэв. Хуучин канцлер хүртэл өөрөө телевизд өгсөн ярилцлагадаа 1993-1998 оны хооронд намын санхүүжилтийн хүрээнд ойролцоогоор 2 сая марк цуглуулсан ч түүнийгээ татварт мэдүүлээгүй гэдгээ хүлээсэн боловч хандивлагчдын нэрийг ил гаргахыг хүсээгүй билээ...

...Христийн Ардчилсан Холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга намын даргадаа мэдэгдэлгүйгээр 1999 онд Германы өдөр тутмын нөлөө бүхий сонинд шуугиан тарьсан мэдэгдэл нийтлүүлсэн бөгөөд түүндээ “Манай нам өөрийн хөл дээр бат зогсох ёстой. Бид ирээдүйд хуучин удирдагчдын оролцоогүйгээр улс төрийн өрсөлдөгчтэйгээ учраа ололцох болно. Залуу хүн төрсөн гэрээ орхин, сонгосон замдаа гардаг шиг Хелмут Кохл манай намыг орхих хэрэгтэй байна...” гэжээ. Үүнээс гадна “Өөрийнх нь зөв байгаа тохиолдолд л дуугүй байж болно.

Харин энд хууль зөрчсөн үйлдлийн тухай яригдаж байна” хэмээн намын хуучин удирдлагуудыг үнэнийг дэлгэх ёстой хэмээж байв. Ийнхүү хэдэн долоо хоногийн турш нам дотроо ширүүн зөрчилдсөн ч эцэст нь Кохл намынхаа хүндэт удирдагч болж үлдлээ. Намын шинэ удирдагч Шойбле мөн намын хууль бус санхүүжилтийн асуудалтай холбоотой байсан нь тогтоогдоод ирмэгц Ангела Меркель намын жигүүрийн удирдлагыг гартаа оруулсан юм.
2000 оны дөрөвдүгээр сард Ангела Меркель хүч нь суларч, нэр хүнд нь унасан Христийн Ардчилсан Холбооны удирдлагад намын гишүүдийн 96%-ийн саналаар сонгогдов. Ингэж 45 настай, нөхрөөсөө салсан, хүүхэдгүй эмэгтэй хамгийн хуучинсаг, хатуу улс төрийн тогтолцоонд дэмжлэг авч чадсан юм. Тэрээр шуугиан тарьсан нийтлэл нь түүний ажил амжилтанд цоо шинэ үүд хаалгыг нээсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч бас маш их зүйлээрээ дэнчин тавьсан гэдэгтэй санал нийлдэг ажээ. Эхлээд тэр өөрийн эцгээс зай барих болсон бол удалгүй өөрийг нь улс төрд хөл тавихад тусалсан удирдагчаасаа холбоо таслах хэрэгтэй болсон билээ...
...2005 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ канцлер хатагтайг алга нэжигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан билээ. Түүний тангараг өргөх ёслолд намын нөхөд хийгээд, эцэг эх нь оролцсон бол харин уг ёслолыг телевизээр үзэхийг илүүд үзсэн нөхөр нь тэнд байсангүй. Ангела Меркельд эл өдөр хамгийн түрүүнд Холбооны хуучин канцлер Шрёдер баяр хүргэсэн гэдэг.
Ийнхүү Германы анхны эмэгтэй канцлер бүх хүчээ дайчлан “бурханы туслалцаатайгаар” үүрэгт ажлаа гүйцэтгэхээ ард түмнийхээ өмнө үндсэн хуулиараа тангарагласан юм...

Кристийн Окрент "УДИРДАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД" номын хэсгээс...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







