Өндгөн эс хэзээ гадагшлахыг яаж мэдэх вэ?

Өндгөн эс өндгөвчний фолликулын цэврүүнээс гадагшлах буюу овуляц болох үед жирэмсэн болох боломж нээгддэг. Энэхүү боловсорч гадагшилсан өндгөн эс эр бэлгийн эстэй нийлвэл үр тогтож жирэмсэн болно.
Өндгөн эс гадагшлахаас хоёроос гурав хоногийн өмнөөс өндгөн эс гадагшлах хүртэл хугацаанд бэлгийн харьцаанд орвол үр тогтох магадлал хамгийн өндөр байдаг. Хэрэв та өндгөн эс гадагшлах хугацааг мэдэж байвал жирэмсэн болох магадлал хамгийн өндөр үед бэлгийн харьцаанд орсноор жирэмсэн болох боломжоо нэмэгдүүлж болно.


 Харин жирэмсэн болохыг хүсэхгүй байгаа бол энэ хугацаанд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэж хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чадна. Энд өндгөн эс гадагшлах хугацааг тооцох энгийнээс эхлээд хамгийн магадлал өндөртэй аргуудыг орууллаа.
Өндгөн эс гадагшлах өдрийг тооцоолох
Энэ нь овуляц болох хугацааг тооцоолох хамгийн энгийн арга юм. Энэ аргыг биений юмны мөчлөг тогтвортой байдаг эмэгтэйчүүд хэрэглэхэд илүү тохиромжтой.
Эхлээд биений юмны мөчлөгийн эхний өдөр буюу сүүлийн биений юм ирсэн эхний өдрөөс 12 хоног болон дараагийн 4 өдрийг тоолно. Энэ таван өдөр нь жирэмсэн болох магадлал хамгийн өндөр байх өдрүүд юм. Хэрэв таны биеий юмны мөчлөг 28 хоног байдаг бол хамгийн өндөр магадлалтай үе нь 14 дэх өдөр байх болно.
Та энэ аргыг хэрэглэж үзэхийг хүсч байвал манай сайтын http://www.eruuludam.mn/eu/index.php?act=ovulation  линк дээр байрлах Сарын тэмдгийн хуанли хөтлөх гэсэн хэсэг рүү орж үзээрэй.
Өндгөн эс гадагшлах шинж тэмдгийг таних
Хэзээ өндгөн эс гадагшлахыг тогтоох илүү нарийвчлалтай арга бол биеийн суурь халуунаа үзэх болон үтрээний ялгадасыг шинжлэх арга юм. Эдгээр нь энгийн хялбар арга боловч цаг хугацаа болон хүчин чармайлт шаарддаг.
Хэрэв та эдгээр дохио, шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулвал зүй тогтлыг баримжаалж эхлэх бөгөөд энэ нь дараагийн овуляц хэзээ явагдах вэ гэдгийг урьдчилан мэдэхэд туслах болно.
Биеийн суурь халуун үзэх
Хэдийгээр та үүнийг мэдэрдэггүй ч гэсэн өндгөн эс гадагшласны дараах хэдэн хоногт биеийн суурь халуун ихэсдэг. Биеийн суурь халуун гэдэг нь 24 цагийн хамгийн бага байх халуун юм. Та өглөө бүр халууны шил ашиглан биеийн суурь халуунаа тодорхойлох боломжтой.
Үтрээний шүүрлийг шинжлэх
Үтрээ болон умайн хүзүүний шүүрэл биений юмны мөчлөгтэй холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Сарын ихэнх үед танд бага зэргийн хуурайшилт ажиглагддаг байж магадгүй. Гэвч овуляц болох нь дөхөх үед умайн хүзүү болон үтрээний шүүрэл харьцангуй элбэг болдог. Энэ нь тунгалаг, гулгамхай, түүхий өндөгний цагаан шиг зунгааралдсан шинжтэй байдаг.
Дааврын түвшинг хэмжих
Өндгөн эс гадагшлах хугацааг урьдчилан тогтоох хамгийн оновчтой арга бол овуляцын тестийн туламжтайгаар дааврын түвшин шалгах арга юм.
Энэхүү тестийг шээсэндээ дүрж үзэх бөгөөд өндгөн эс гадагшлахын урд өдөр эерэг хариу гардаг тул бэлгийн харьцаанд орох хугацааг сонгох боломжтой. Өндгөн эс гадагшлахын өмнө лютейнжуулах дааварын (luteinizing hormone (LH)) хэмжээ ихэсдэг дээр үндэслэн энэ тестийг зохиожээ.
Овуляцын тестийг эмийн сангуудаас худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Oyu (43.242.243.246) 2024-03-03 08:47:57
Sariin temdgiin xuanli bainga ashigladag bsan genet boloxoo baichixlaa uul ni ix xylbar oilgomjtoi bsan yumsan