Чилийн ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелетийн улс төрийн замнал

Чилийн ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет 2006-2010 оны хооронд болон 2014 оны 3-р сарын 11-ний өдрөөс одоог хүртэл Улс эх орноо ажмилттай удирдаж байна.

...Цэргийн диктатурын үед Мишель Бачелет улс төрийн шинжлэх ухаанд суралцсан билээ. Түүнийг Сантьяго хотод  анагаах ухааны сургуулийн оюутан, 22 настай залуухан охин байх үед генерал Августо Пиночет Угартэ ерөнхийлөгч Сальвадор Альендег цэргийн хүчээр огцруулаад байв. Бачелетын ээж археологич, харин аав нь нисэх хүчний генерал. Тэдний овгийн тухайд өвөг дээдэс нь Францаас шинэ амьдрал эхлэхээр Чилид ирж суурьшсантай холбоотой аж. Ноён Бачелет АНУ дахь Чили улсын Элчин сайдын яаманд цэргийн атташегаар томилогдсон тул тэд хүү, охинтойгоо Вашингтон хотод хоёр жил амьдарчээ...


...Зохион байгуулах чадвараараа нэрд гарсан Алберто Бачелет ерөнхийлөгч Альендег төр барьж байх үед Санхүү эдийн засгийн яаманд ажилладаг байлаа. Чухамдаа тэр л ачааны машины жолооч нар ажил хаяснаас болоод ядуу хорооллуудад хоол хүнс хүргэх ажил саатаад байсныг өөрийн биеэр хариуцан, асуудлыг шийдсэн гэдэг. Гэсэн ч 1973 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэрэгтэй холбогдуулан түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, сайн найзуудынх нь нэг болох генерал Густав Лейхын тушаалаар баривчилснаар ноён Бачелет нөхдийнхөө гарт байцаагдах болж, тэндээ зүрхний шигдээсээр нас барсан билээ. Энэ явдлаас болоод ойрын найз нөхдийн хүрээллээс хэн нэгэн заавал урвадаг гэсэн бодол Бачелетын охиныг үргэлж зовоох болсон юм...

... Бусдын гарт хорлогдсон генералын охин энэ явдлаас гучин жилийн дараа Чили улсын ерөнхийлөгч болчихоод далан зургаан настай ээжтэйгээ 2006 оны аравдугаар сард Вили Грималд очсон юм. Тэрхүү хуучин байшингаас одоо хэлмэгдэгсдийн овог нэрийг бичсэн хана л үлдсэн аж.

1975 онд залуу бүсгүй Мишель ээжийнхээ хамт зүүн Берлинд ирж суурьшсан билээ. Учир нь Зүүн Германы коммунист засаглал Латин Америкийн мянга мянган иргэнийг, тэр дундаа Чилийн диктатур дэглэмээс дүрвэгсдийг эх орондоо дуртайяа орогнуулж байв. Ийнхүү Чилийн Социалист намыг эх орноосоо дүрвэн амьдарч байсан гишүүд нь анх үүсгэн байгуулсан түүхтэй...

...Мишелийн хуучин найз залуу Чилийн Социалист намын ерөнхий нарын бичгийн дарга Жаим Лопез Зүүн Герман болон Москва руу тусламж хүсэхээр явсан ч эх орондоо буцаж ирэнгүүтээ баривчлагджээ. Түүнийг Вили Грималд хорьсон бөгөөд тэрээр тамлалт, байцаалтыг даалгүй олон арван нөхрөө илчилж баривчлуулсан нь Мишелийн хувьд маш том цохилт болов. “Дотны хүмүүсийн тавьсан сум зүрхэнд илүү хүчтэй тусдаг” хэмээн энэ тухайгаа тэрээр хожим дурссан билээ. 1977 онд Мишел Давалос нар хуримлаж удалгүй анхны хүү Себастианаа төрүүлэв. Хэдийгээр тэд хоёр дахь эх орондоо талархалтай ханддаг ч Эрнэсто Чэ Геварад итгэж байлаа. Тэд Сталиных шиг эрх мэдлийг бус гуравдагч ертөнцөд социализм байгуулахыг л хүсэж байв. Гучин жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Чилийн хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчийг гутаах зорилгоор Зүүн Германы засгийн газартай хамтран ажиллаж байсан ямар нэгэн баримт сэлтийг архив, тэмдэглэлүүдээс хайж, түүний залуу насны амьдралынх нь талаар дэлгэсэн юм.

...Мишель гэр бүлийн хамт эх орондоо орох зөвшөөрлийг 1979 онд л арай гэж авав...

...Генерал агсаны охин Сантьяго хотод их сургуульд үргэлжлүүлэн сурсан юм. Хэдийгээр түүний алхам бүрийг цагдаж байсан ч тэрээр 1982 онд мэс заслын эмч боллоо. Мишель нөхөр, хүүхэд, ээжийн хамт маш даруухан амьдарч байсан боловч зүүний үзлийг тууштай дэмжсээр байв. Үзэл бодлоосоо болоод улсын эрүүлийг хамгаалах газарт ажиллах боломжгүй байсан түүнд тэтгэлэгт хөтөлбөрөөр хүүхдийн эмчийн салбарт мэргэшихийг цэргийн эрхтэнүүд зөвшөөрсөн нь сонирхолтой. Дараа нь Мишель Швед улсаас санхүүжигддэг “Диктатурт дэглэмийн золиос болсон хүүхдүүдэд туслах төрийн бус байгууллага”-д ажиллаж эхэлсэн билээ. 1984 онд хоёр дахь охиноо төрүүлсэн Мишель удалгүй нөхрөөсөө салж, Пиночетыг эсэргүүцэгч Чилийн коммунист намын зэвсэгт бүлгийн гишүүн, инженер Алекс Войковицтэй холбоотой болжээ...

...1990 онд Чилид ардчилсан тогтолцоо ялсан бөгөөд Ардчиллын төлөөх намуудын эвслээс нэр дэвшсэн христийн ардчилсан үзэлтэн Патрисио Эйлвин Асокар Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч болов. Харин дараагийн зургаан жилийн турш Пиночет зэвсэгт хүчний командлагчийн хувьд цэргийн эрхтэнүүдийн үйлдсэн аймшигт хэргүүдийг нуун дарагдуулахад хамаг анхаарлаа хандуулсан билээ. Энэ үед Бачелет орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байснаа ДОХ-той тэмцэх улсын комисст ажиллаж эхэлжээ. Чухам ингэж явахдаа тэрээр Ганнибал Энрикес эмчтэй  танилцан 1992 онд гурав дахь охин Софиягаа төрүүлэв. Гэсэн ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Ердөө хоёр жилийн дараа салсан ч 2004 онд л тэд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байна. Ийнхүү католик шашинтай, хуучинсаг үзэл ноёрхсон нийгэмд түүний гэр бүлийн байдал ихээхэн шуугиан тарих болов. Харин Бачелет ганцаараа гурван хүүхдээ өсгөн, ээжтэйгээ ойрхон амьдарч байлаа.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх байсныхаа хувьд Бачелет Пиночетын дарангуйллын үед хэчнээн аймшигтай зүйл болсныг гэрчилж чадах билээ. Чиличүүдийн зүрх сэтгэлийн шарх хөндүүр хэвээр байсны зэрэгцээ шинэ засгийн эрхэнд байгаа улс төрчдийн чадваргүй байдалд тэд дургүйцэж байсан юм. Цэрэг армиас болж олон удаа зовлон үзсэн генаралын охин Бачелет жирийн иргэдийг цэргийнхэнтэй нэгтгэхгүйгээр ардчилал жинхэнэ утгаараа хөгжихгүй гэдгийг мэдэж байв...

...Мишель Бачелетын нэр хүнд улам өсөж байлаа. Чилийн 16 сая иргэний гуравны нэг нь нийслэл хотдоо амьдардаг. Харин хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд тэд бүгд Мишелийг католик шашны нөлөө ихтэй, уламжлалт нийгэм, соёл дахь эмэгтэйчүүдийн үүрэг, эрхийн төлөө тууштай тэмцэгч баатар хэмээн хүндэлж байв. Чили бол гэр бүл салалтыг хуулиар зөвшөөрсөн хамгийн сүүлчийн улсуудын тоонд орох бөгөөд үр хөндөлт болон эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг хууль нь үнэн чанартаа огтхон ч хэрэгждэггүй. Мөн ардчилал тогтож, зүүн төвийн үзэлт нам төрийн эрхийг барьсан ч чөлөөт зах зээл, хувийн салбарыг хүчтэй дэмжих бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн хувьд гайхалтай үр дүнд хүрч чадлаа.  Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ядуурал хоёр дахин буурав. Орон нутагт баян, ядуугийн ялгаа ихсэх болсон ч ерөнхийлөгч Лагос Чилийн ард түмэнд өнгөрснийг санан гашуудах биш ирээдүйгээ итгэлтэй харах боломжийг өгснөөрөө асар их хүндэтгэлийг олж авч чаджээ. Гэлээ ч үндсэн хуулиараа хоёр дахь удаа ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй байлаа. Тиймээс Лагос өөрөө нэг их дэмжиж байгаагүй Мишель Бачелетыг 2004 оны аравдугаар сард засгийн газраас гарч, 2005 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдөр болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрчээ...

...2006 оны нэгдүгээр сарын 15-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хатагтай Мишель сонгогчдын 53,5%-ийн саналыг авснаар ерөнхийлөгч болох нь тодорхой болов. Ийнхүү сонгуулийн дүнг зарласны дараа хатагтай Бачелетын олон мянган дэмжигчид Сантъяго хотын гудамжнаа гарч баяраа тэмдэглэсэн юм. Хэдийгээр Панам, Аргентин зэрэг Латин Америкийн улсуудад эмэгтэйчүүд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан ч зөвхөн Мишель Бачелет л бүх нийтийн шууд санал асуулгаар ерөнхийлөгч болсон ажээ.

"Удирдагч эмэгтэйчүүд" номны хэсгээс...


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.