Зургаан сарын дотор шинээр “эзэмшиж болох – 8” чадвар


Зургаан сарын дотор шинээр “эзэмшиж болох – 8” чадвар
Өөрийгөө хөгжүүлж боловсруулж улам сайжирмаар байгаа ч цаг зав олдохгүй байна уу? Тэгвэл танд дараах зөвлөгөө хэрэг болж магадгүй юм. Хувь хүний чадвар гэдэг аливаа ажилд шинээр орох ч юмуу, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй байдаг билээ.

Тиймээс зургаахан сарын дотор чөлөө заваараа давтан хийж, дадалжин суралцах боломжтой хэрэгцээтэй 8 чадварыг толилуулъя.

1
Фото зураг, видео бичлэг засварлах
Орчин үед ихэнх албан газрууд ажилтнууддаа зураг, бичлэг засч янзлах суурь мэдлэгтэй байх шаардлага тавих болсон. Тиймээс чөлөөт цагаараа курс дамжаанд явдаг ч юмуу, эсвэл хувиараа зураг, видео янзалдаг программуудыг хэрхэн ашиглахыг сурчихад илүүдэхгүй.
Хэрэв та хамгийн өргөн хэрэглэгддэг “Photoshop” программ дээр ажиллаж чаддаг бол нэмээд “Corel Paintshop Pro X6” зэргийн нэмэлт программуудыг ч гэсэн судлаад үзээрэй. Харин видео бичлэгийн эвлүүлэг, засвар хийхэд голдуу “Final Cut Pro”, “After Effects”, “Lightworks”, “Sony Vegas” гэсэн программууд хэрэглэгддэг.
2
Анхны тусламж үзүүлж сурах
Анхны тусламж үзүүлэх нь дан ганц ажлын байранд гэлтгүй хувийн амьдралд ч хэрэг болох чадвар гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ чадварыг богино хугацаанд эзэмшүүлж батламж олгодог газрууд олон байдаг. Сурсан юмыг тань хэн ч булаагаад авчихгүй болохоор нэг ч гэсэн чадвар таны бусдад үнэлэдэх үнэлэмжийг дээшлүүлэх нь гарцаагүй.
3
Зөөгч, бармен хийх
Зөөгч, бармены ажил гэдэг харагдаж байгаа шигээ тийм амар хялбар биш. Төрөл бүрийн зоог, дарс, ундаагаар хүнд яаж үйлчлэх ёстой, үйл хөдлөл үг яриагаа ямар байлгах ёстой гээд л сурах юм их. Эдгээр чадварыг боломжийн төвшинд эзэмшчихвэл дээд зэрэглэлийн ресторанд гайхалтай өндөр цалинтай ажилд орж чадна гэсэн үг. Тэгэхээр бармены онлайн хичээл, эсвэл сургалт дамжаанд суугаад сайн сураад авчихвал ядаж л харилцааны соёл, биеэ зөв боловсон авч явах чадварыг эзэмшинэ шүү дээ.
4
Блог хөтлөх
Ажиглаад байхад блог хөтөлдөггүй хүн ер нь их ховор болсон мэт. Блог хөтлөх нь хамгийн гол нь хүний бичих чадварыг хөгжүүлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадварыг сайжруулдаг. Ямар ч ажилд орсон тэдгээр чадвар хэрэг болдог учраас өөрийнхөө сонирхдог сэдвээр блог нээгээд хөтөлж эхлэхийг зөвлөе. Хэсэг хугацаанд тогтмол хөтөлсний дараа та өөрийнхөө бичлэгийн хэв маягийг олохын дээр олон шинэ чадварыг эзэмшсэн байх вий.
5
Төсөл боловсруулах
Зөвхөн бизнесийн салбарт ч гэлтгүй ер нь ямар ч ажлыг явуулахад төсөл төлөвлөгөө гаргах шаардлагатай. Аливаа ажлын зорилго, төлөвлөгөө, төсвийг боловсруулж, бичиг цаастай ажиллаж сурах нь насан туршийн амьдралд тань хэрэгтэй. Наад зах нь шинэ ажилд ороод ийм үүрэг хүлээвэл толгой өвдөхгүй байх нь.
6
“Microsoft Office”-ын программууд дээр ажиллах
Та мэдээж “Word”, “Powepoint” зэрэг программыг тодорхой хэмжээнд ашиглаж чадах байх. Гэхдээ ажил, амьдралд хэрэг болохуйц “Microsoft”-ын өөр олон программ бий. Тэдгээрийг судлахаас гадна мэддэг хэдийгээ бүр тултал нь сайн эзэмшчихвэл илтгэл, тайланг хэлэх үггүй сайн хийдэг боллоо л гэсэн үг.
7
Уран илтгэх
Өрөө дүүрэн хүмүүсийг гайхаж алмайртал нь хэлэх гэсэн зүйлээ уран яруу илтгэх шиг хэрэгтэй чадвар гэж байхгүй. Ямар ч мэргэжлийн хүн олны өмнө үг хэлэх чадварыг эзэмшчихсэн байхад бас л бусдад үнэлэгдлэх нэг үнэлэмж болох учиртай. Ихэнх хүний хамгийн их айдаг зүйл энэ боловч сурч, дадлагажиж, сайжрахад хамгийн амархан зүйл ажээ. Гэхдээ мэргэжлийн сургалтанд хамрагдвал ганцаараа сурснаас илүү үр дүнтэй.
8
Гадаад хэлний анхан шатны мэдлэг эзэмших
Арван жилд байхдаа сурч байгаад орхисон Орос, Англи, Герман хэл ч юмуу суурьтай хэлээ эргэн сэргээхэд маш хялбар байдаг. Түүнээс гадна огт мэдэхгүй хэлээ анхан шатны төвшинд эзэмшиж бусадтай ойлголцоход нэг их хугацаа шаардахгүй.
Хэл сурах нь оюун ухааныг сэргэг байлгаад зогсохгүй, танилын хүрээгээ тэлэх, шинэ боломжуудыг өөртөө нээхэд маш хэрэгтэй. Гадаад хэлнээс гадна компьютерийн хэл буюу HTML-ийг бас эзэмшчихвэл их хэрэгцээтэй. HTML хэлийг тусгай сургалт болон “Codeacademy” зэрэг онлайн сайтаас сурч болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.