Зураач бүсгүйчүүд үзэсгэлэнгээ гаргалаа


Эмэгтэйчүүд бидний авьяас чадвар дундаршгүй их билээ. Жил бүрийн эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулж өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг авьяаслаг зураач бүсгүйчүүд өнөөдөр нэгдлээ. Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг “Хатан эрдэнэ-2015” үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Б.Насанцэнгэл зэрэг 90 орчим алдартай зураачдын бүтээл багтсан байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо өргөх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх аж. Мөн АНУ болон Турк Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид энэхүү үйл ажиллагаанд оролцож тэднийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Дашрамд дурьдахад үзэсгэлэнг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй, ямар нэгэн үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байгаа юм.



Ингээд зураач бүсгүйчүүдийн төлөөлөл болгож нэгэн ахмад зураачаас энэ жилийн үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

Сайн байна уу? Танд Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.

Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Содномын Төгс-Оюун гэдэг. Би уран зураг, зураасан зураг болон номын чимэглэлээр уран бүтээл хийгээд 30 гаруй жил өнгөрсөн байна. Одоогоор 200 гаруй номын чимэглэл хийгээд байна. Мөн монголын маш олон зохиолчдын номын чимэглэл, зургийг зурсан байгаа.

Энэ жилийн үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцвал?

Бид бүхэн жил бүрийн гуравдугаар сард өөрсдийн уран бүтээлээр үзэсгэлэнгээ гаргадаг. Энэ жилийн хувьд ахмад зураачид болон нэрд гарч яваа залуу уран бүтээлчдийг хамарсан маш өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байгаад сэтгэл өндөр байна.

Үзэсгэлэнд хамрагдсан бүтээлүүдийн хувьд?

Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүд утга агуулга, сэдвийн хувьд ч их өргөн хүрээг хамарч байна. Мөн бүтээлийн төрөл зүйлийн хувьд уран зураг, зээгт наамал, төрөл бүрийн барималууд, керамик ваар урлал зэргийг багтаасан сайхан арган хэмжээ болж байна. Ер нь эмэгтэй уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулж өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байдаг. Монгол бүсгүйчүүд маань их бүтээлч сэтгэхүйтэй болсон байна. Эр хүнээс дутахааргүй их тэсвэр тэвчээр, хатуужил, хатан ухаан эмэгтэй хүнээс гардаг. Тиймээс эмэгтэйчүүдийгээ үргэлж дэмжээсэй л гэж хүсч байна даа.


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.