Мөнгийг тань дэмий үрдэг “хэрэгцээгүй” 10 бүтээгдэхүүн
Бүсгүйчүүд бид гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө хайрлалгүй худалдан авдаг. Гэхдээ хэрэгцээтэй мэт боловч төдийлөн ашиглаад байдаггүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэрт тань байгаа биз дээ. Энэ бол дэмий зүйлд мөнгө үрсэн хэрэг. Иймд дараагийн удаа чухал шаардлагагүй тэдгээр бүтээгдэхүүнүүдийг дахин худалдан авахгүй байхад л хангалттай. Харин одоо ямар гоо сайхны бүтээгдэхүүнд онцгой ач холбогдол өгөх шаардлагагүйг мэдээд аваарай.
Хагны эсрэг шампунь. Энэ нь ердөө түр зуурын үйлчилгээтэй төдийгүй тогтмол хэрэглэснээр хуйхыг улам хуурайшуулдаг. Хагтах асуудлыг шийдэхийн тулд зөөлөн шүдтэй самаар хуйхаа өдөр бүр 100 удаа самнаарай. Ингэж массаж хийх нь хуйхны үйл ажиллагааг сэргээдэг байна. Үс хагтахын гол шалтгаан нь буруу хооллолт учраас аль болох эрдэс тэжээллэг хоол идэх нь чухал. Үүнээс гадна агаарын бохирдол, уур амьсгал, стресс зэрэг гадны хүчин зүйлээс ч хагталт үүсдэг. Мөн дэр, сам, үсний хэрэгслүүдээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй юм. Хамгийн гол нь шалтгаанаа зөв тодорхойлоод, үсний бүтээгдэхүүнээ хоёр сар тутамд сольж өөрт тохирохыг хэрэглээрэй. Химийн найрлагатай аливаа бүтээгдэхүүнээс зайлсхий.

2. Үс хуссаны дараа түрхдэг тос. Бүсгүй та биеийнхээ үсийг хуссаны дараа арьс тайвшруулж, чигшүүлэх үйлчилгээтэй тос түрхдэг үү? Ийм үйлчилгээтэй тосыг тэр бүр худалдан авах шаардлагагүй юм. Танд арьс тайвшруулагч хэрэгтэй бол хөлдөөгчиндөө мөс бэлтгээд арьсаа зөөлөн арчаарай.

3. Биеийн арьс гуужуулагч. Энэхүү бүтээгдэхүүн нь үнэтэй хэрнээ хамгийн их химийн найрлагатай байдаг. Мөн бүсгүй та үргэлж хэрэглэх нь юу л бол. Гэхдээ хааяа нэг хэрэглэх шаардлага гарвал гарын доорх материал ашиглан бэлтгэхэд л хангалттай. Энэ нь ердөө элсэн чихэр, давс, хүнсний сода, кофе, ногоон цай зэргийн аль нэг нь байхад л хангалттай. Өөрт байгаа материалаа зөгийн бал, ургамлын тос зэрэгтэй хольж, зааврын дагуу бэлтгэснээр үхэжсэн арьсаа гуужуулж болно.

4. Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн. Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдан авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй. Өөрөөр хэлбэл, үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харагдуулдаг, бүрэн эмчилж чаддаггүй бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Тиймээс иймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд энгийн аргуудыг хэрэглэж үсээ салаалж гэмтэхгүй байхад нь анхаарах хэрэгтэй. Эрүүл үстэй байхын тулд үсний сэнс, индүү хэрэглэхээ багасгаж, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулахад хангалттай.

5. Нүүр цэвэрлэгч тоник. Эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэгч савангаар угаасныхаа дараа тоникоор дахин арчиж цэвэрлэдэг. Гэхдээ нүүр цэвэрлэх зориулалттай саван нь бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэх найрлагатай учраас заавал тоникоор дахин арчих шаардлагагүй аж. Түүнчлэн тоникийг өдөр бүр хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдэлтэй байдаг.

6. Целлюлит арилгах тос. Ихэнхи бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдэх хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлд мөнгөө үрэхийн оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол хүнсээ багасгаж, хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлээрэй. Эрүүл, зөв хооллож, ус сайн ууж эхэлвэл жин хасагдаж, арьс ч уян хатан зөөлөн болохыг та анзаарах болно.

7. Шүршүүрийн гель. Дараагийн удаа дэлгүүр явахдаа худалдан авах зүйлсээсээ энэхүү бүтээгдэхүүнийг хасаарай. Оронд нь юу авах вэ гэвэл саван болон оливын тос. Шүршүүрийн гелэнд олон төрлийн химийн бодис орсон учраас арьсаар дамжин дотор эрхтэнд нөлөөлөх магадлалтай. Харин оливын тос бол байгалийн гаралтай эрдэс витаминаар баялаг бүтээгдэхүүн юм. Эсвэл шүршүүрт орсныхоо дараа юу ч түрхэхгүй байсан ч болно. Эхэндээ арьс хуурайшиж буй санагдах ч яваандаа уг эрүүл хэв маяг танд таалагдах болно.

8. Гар болон хөлийн тос. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын маркетингийн арга улам нарийсч хүний биеийн бүх хэсэгт тусгай арчилгаа хэрэгтэй гэж зөвлөх болсон. Гэтэл бодит байдал дээр биеийн тосыг та биеийнхээ аль ч хэсэгт түрхсэн ижилхэн л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр бүсгүй та энэ талаар дахин нэг бодоод үзэхэд илүүдэхгүй юм.

9. Уруулын эмчилгээний түрхлэг. Уруулын арьсанд тосны булчирхай байдаггүй учраас үргэлж хуурайших гээд байдаг. Мөн маш нимгэн арьс тул тусгай арчилгаа хэрэгтэй. Гэхдээ уруул хатаж хагарсан үед заавал уруулын эмчилгээний түрхлэг худалдан авахгүйгээр хэмнэлттэйгээр шийдвэрлэж болох юм. Тухайлбал, вазелин, коконатын тос, оливын тос зэрэг нь тун үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Харин үйлдвэрийн түрхлэгүүд нь спиртийн найрлагатай байж болзошгүй тул уруулыг улам хатаах эрсдэлтэй.

10. Нарны хамгаалалттай тос. Та өдөрт хэдэн цаг наранд зогсдог вэ? Хэрэв олон цагаар ажилладаг бол нарны хамгаалалттай тос түрхэж болох юм. Харин тийм ч их биш бол заавал тос, ингэсэг түрхэх шаардлагагүй. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нарны туяанаас хамгаалах үзүүлэлт нь өндөр байх тусмаа арьсанд сөрөг нөлөөтэй байдаг. Түүнчлэн хүний арьс нарны туяаны нөлөөгөөр D витамин авч байдаг. Иймээс гоо сайхнаа хамгаалахын тулд аль болох байгалийн гаралтай аргыг хэрэглэх нь зүйтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin
(103.229.123.80)
2015-03-13 17:45:33
tgd er u avhiin kkk
0
0
0
Хариулах
Naz
(119.40.98.162)
2015-03-13 17:32:16
Ur duntei zuvulguu bna bayarlalaa
0
0
0
Хариулах
tuya
(103.10.22.123)
2015-03-13 17:30:54
hogshirlts sergiilh arga bga yu
0
0
0
Хариулах







