Өлсөхгүй турцгаая

Орчин үеийн бүсгүйчүүдийн дундах толгой өвтгөм асуудал бол жингээ хасч, гуалиг төгс төгөлдөр бие галбиртай байх явдал болсон. Харин бүсгүйчүүдийн гаргадаг алдаа нь хэт их хоолоо сойж турахыг эрмэлздэг. Энэ нь эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй бөгөөд бие галбираа жигд хөгжүүлж, хоолоо хэт сойлгүй, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтоор жингээ барихыг зөвлөж байна. Сүүлийн үед Францын хоолны эмч Пьер Дюканы зохиосон хоолны дэглэм дэлхий дахинаа алдаршиж байгаа бөгөөд түүний “Би турж чадахгүй” хэмээх ном ихэд борлуулалттай байгаа юм. Үүнтэй адил нэгэн хоолны дэглэмийг санал болгоё. Энэ нь уургийн дэглэм буюу махан дэглэм юм. 

Махны гол бүрдүүлэгч нь уураг учраас өөхгүй маханд тос ба нүүрстөрөгч бараг байхгүй тул таргалуулахгүй гэсэн үг. Махгүй амьдарч чаддаггүй монголчууд бидэнд энэ дэглэм их таалагдах нь дамжиггүй. Уг дэглэмийг арав хоногийн хугацаанд барихад л хангалттай. Дэглэмийн үед зөвшөөрөгдөх хүнс: Мах, загас, өндөг, ногоо. 
Уух зүйлс: Ус, чихэргүй цай, кофе юм. Өөр бусад зүйлс хориотой бөгөөд жаахан л өөр юм идэх юм бол ямар ч үр дүн гарахгүй ажээ. Махны хувьд ямар ч амьтны махыг дуртай хэлбэрээрээ хэрэглэж болно. Гол нь өөхгүй байх хэрэгтэй бөгөөд тосонд шарж, хуурч болохгүй аж. Харин чанаж, жигнэж хэрэглэнэ. Энэхүү дэглэмийн гол онцлог нь давс хэрэглэхгүй. Ногооны хувьд төмс, лууван хоёроос бусдыг нь зөвшөөрнө. Ногооны салатыг оливын тос юмуу нимбэгний хүчлээр амталж болно. 
Өдрийн норм: Уурагт хүнс 450 грамм /мах, загас, өндөг бүгд/. Үүнийгээ таван хэсэгт хуваагаад өдрийн туршид тэнцүү хэмжээгээр ногоотой хольж иднэ. Сүүлийн хооллолт 19 цагаас хойшгүй байвал сайн. Хооллох үедээ шингэн юм уух хэрэггүйг бөгөөд 30 минутын дараа уухыг зөвлөж байна.
Үр дүн. Энэхүү арав хоногийн хугацаанд 5-6 кг турах боломжтой.

Давуу талууд: Хангалттай хэмжээний амин дэм бичил бодис орж ирнэ. Ялангуяа загас түлхүү идвэл фосфор ба кальцийг биедээ нөөцлөөд авах боломжтой. Уураг нь бидний эд эсийн хувьд “барилгын материал” болж байдаг тул булчин шөрмөсөө чангалах хүсэлтэй хүмүүс дэглэм барингаа дасгал сургууль хийхэд болно. Ингэвэл илүү их жин хасч чадна. Өлсөх зовлон байхгүй. Өлсөхгүй байхад хангалттай боловч бага идэх тул ходоод тань агших сайн талтай. Тиймээс дэглэмийг барьснаар та хоол их идэхгүй байж сурна. Ингэж хэвшвээс жин нэмэх асуудал үгүй болно.
Сул талууд: Мах “хүндэддэг” ходоод гэдэсний өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Чихэр, амттан болон гурил будаа чимхийн чинээ ч идэж болохгүй нь зарим хүмүүст давшгүй даваа байж болох юм. Тэслээ гэхэд дараа нь амттан руу дайраад олсон үр дүнгээ үгүй хийх аюултай.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.