Жинхэнэ сувдыг таних аргууд
Бүсгүй та үнэт эдлэлийн тал дээр хэр их мэдлэгтэй вэ? Өнөө цагт аливаа зүйлс, тэр дундаа үнэт эдлэлийн жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг танихад тун бэрх болжээ. Иймээс ялгахад хамгийн ярвигтай сувдыг хэрхэн жинхэнэ эсэхийг мэдэх аргуудаас хүргэж байна. Орчин үед шил, хуванцар, хясааг хэлбэрт оруулан янзлах гэх мэтээр хиймэл сувдыг маш олон аргаар хийх болсон. Үүнийг хийхийн тулд гипсэн бөмбөлөг ашигладаг бөгөөд гадуур нь сувд мэт бүрдэг бөгөөд ийм сувдыг ялгахад их хэцүү ажээ. Сувдыг зүсэхгүйгээр хуурамч болон жинхэнэ сувд гэдгийг зөвхөн мэргэжлийн хүн л зориулалтын төхөөрөмж ашиглан мэдэж чадах юм. Ингээд ямар нэгэн зориулалтын төхөөрөмж ашиглалгүй сувдыг таних тухай мэдээд аваарай бүсгүйчүүдээ!

Мэдрэмжээр шалгах арга. Жинхэнэ сувдыг гараараа зөөлөн илж үзэхэд сэрүү татдаг. Түүнчлэн хоёр гартаа сувдыг атгаж, хооронд нь хавируулахад ширүүн санагдвал жинхэнэ сувд мөн бөгөөд илт гөлгөр гулгамтгай нь хиймэл сувд юм.

Хэлбэрийг нь ажиглах арга. Хуурамч сувдны хэлбэр бүгд нэгэн жигд, ямар ч өө сэвгүй байдаг. Харин жинхэнэ сувдыг шүдээрээ бага зэрэг үрэхэд чихрах чимээ гарна. Учир нь жинхэнэ сувд олон гадаргуугаас бүрддэг учраас гадаргуу нь арзгар барзгар байдаг ажээ.

Хусаж шалгах арга. Жижиг хутга юмуу хайчаар сувдны өнгөн хэсгийг хусвал зөвхөн нунтаг гарах бол өнгөлсөн сувдыг хусахад өнгөлсөн хэсэг нь ховхорч унан шил нь илрэх болно. Өнгөлөөгүй бүр шилээр хийсэн байвал гулгаад хусагдахгүй юм. Мөн зурагдсан хэсгийг хуруугаараа үрэхэд зураас нь ор мөргүй алга болох ёстой.
Томруулагч шилээр ажиглах арга. 5-10 дахин томруулагч шилээр харахад жинхэнэ сувдны өнгөн талд салхинд үлээгдсэн элсэн дов шиг зураас харагдана. Харин хиймэл сувдных бол өндөгний хальс шиг байдаг.










