Талх таны эрүүл мэндэд

    Талх нь бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг нэгэн хүнс билээ. Эрүүл биетэй хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний  бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой шинж чанарыг талх л агуулдаг. Энэ юу гэвэл өдөр тутам идсэн ч талхнаас бид хэзээ ч уйдаж залхдаггүй ээ.

    Талх нь ургамлын гаралтай уургийг агуулсанаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог. Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг мөн агуулдаг байна.  Уураг нь хөх тариагаар хийсэн талхыг бодвол улаан буудайгаар хийсэн талханд илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс ус 40 – 50 хувьтай байдаг төдийгүй  В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг.  

    Талх бол маш өндөр калори бүхий хүнс. Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй.  
 
Өдөрт хэр хэмжээний талх идэх ёстой вэ?
 
    Энэ асуултад нэг хариулт өгч болохгүй. Ургамлын гаралтай эсвэл амьтны гаралтай ямар ч хоол хүнс хэрэглэдэг байсан эрүүл хүн өдөрт 300 – 400 грамм талх идэх хэрэгтэй. Харин ямар нэг архаг хууч өвчтэй тохиолдолд өвчний байдлаас хамааран өдрийн норм хэмжээг бууруулдаг. Мөн илүүдэл жинтэй, тарган хүмүүс өдөрт хэрэглэх талхны хэмжээг бууруулж 100 – 150 грамм болгох хэрэгтэй.
 
Улаан буудайн ба хөх тарианы талхны аль нь илүү их тустай вэ?
 
    Бага калори бүхий хөх тарианы  талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Хөх тарианы талхыг бид хар талх хэмээн нэрлэж заншсан. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний  өвчлөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. Энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой.
Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг.
    Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний  үед хэрэглэхэд тустай.
    Зарим хүмүүс илүүдэл жингээсээ салахын тулд өдөр тутмын хоолны  дэглэмээсээ талхыг хасах гэдэг. Энэ бол буруу зүйл бөгөөд талханд агуулагдаж буй хэрэгцээтэй бодисуудаар бие организм дутагдахад хүрдэг сөрөг талтай. Иймд өдөрт хоёроос гурван зүсэм талх заавал идэх хэрэгтэй бөгөөд чихэр, амтат боов, бялуу, варень зэргээс харин татгалз.

    Талхыг буруу хадгалснаас болж амт, үнэр чанараа алддаг. Тэгвэл талхыг хадгалах хэд хэдэн арга  бий. Тухайлбал, хөх тарианы болон улаан буудайн талхаа полиэтилен уутанд хийж хадгал. Энэ уутаа долоо хоногт хоёр удаа угааж хатаах хэрэгтэй. Ер нь бол талхыг гурван хоногоос илүү хадгалвал амт чанараа бүрэн алддаг юм. Иймд олон хоног хадгалсан талхыг аль болох идэхгүй байх хэрэгтэй шүү. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.