ХӨЛ ХҮНДТЭЙ БҮСГҮЙ

Хөврөл бяцхан үртэйгээ амь нэгсэн нялхарч
Хөл хүндтэй бүсгүй дэндүү уяхан болдог юм
Бороонд норсон болжморыг хараад л
Бодол асган өрөвдөж байдаг юм
Нуусан ганц үгний төлөө л
Нулимсаа асган уйлж суудаг юм

Хөл хүндтэй бүсгүйг аргадаж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр хайрлаж байгаарай

Тавилан заяат хүнийг тээж яваа болохоороо
Танхил хонгор бүсгүй дэндүү даруухан болдог юм
Хэвлийдээ торних үрээ хүндэтгэж
Хээнцэр бүсгүй гоёлоо эвхэж энгийн болдог юм
Хэмнэл бяцхан зүрх анирлаж
Хэлэх үгээ цөөлж намбалаг болдог юм

Хөл хүндтэй бүсгүйг өрөвдөж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр туслаж байгаарай

Хөвөн эмзэг амь ургуулж яваа болхоороо
Хөл хүндтэй бүсгүй аяар аяархан алхдаг юм
Ойчиж бүдрээд үрээ цочоочих вий гэж
Олз хайсан хүн шиг ойрхон харж явдаг юм
Унтаа бяцхан үрээ амгалан байлгах гэж
Урдах замыхаа бартааг тойрч явдаг юм

Хөл хүндтэй бүсгүйг хүндэлж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр зам тавьж өгөөрэи

Хөөр баярын дээдийг тээж яваа болохоороо
Хөл хүндтэй бүсгүй дэндүү хөөрхөн болдог юм
Төөрөгт бүсгүй заяаны жаргалтай зургийг тодотгож
Төрөх дөхсөн эхийн сэвх тодорч байдаг юм
Анхил цагаан цээжний үзэсгэлэн гоог тодотгож
Рашаан бумбан хөхөнд нь уураг зангирч байдаг юм

Хөл хүндтэй бүсгүйг ариухан байлгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр аргадаж хайрлаара

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.